Зүүн Ази Номхон Далайн бүс нутгийн өсөлт саарахаар байна


2019-10-14 08:20:49

БАНГКОК, 2019 оны 10-р сарын 10—Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа нь уг бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбон тайлбарлахаар байна. 

Дэлхийн Банк энэ удаагийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн нутгийн эдийн засгийн тайлангаа “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчигласан бөгөөд дэлхийн эдийн засгийн идэвхжил, түүн дотроо Хятад улсын эрэлт саарч байгаа, АНУ-Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг онцолжээ.

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь (эрэлт талаас тооцсон ДНБ) өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдлаа. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Мөн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ. 

Хэрэв Хятад улсыг хасч тооцвол тус бүс нутгийн орнуудын хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой байгаа нь уг орнуудын мөнгөний болон төсвийн бодлоготой холбон тайлбарлахаар байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь уг орнуудын өөрсдийн онцлог салбарууд буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын идэвхжлээс голлон шалтгаалжээ.

Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква "Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнө 4-р сард бидний тооцож байснаас бараг 7 сай хүнээр өндөр байгаа юм" гэдгийг онцлов.

Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд мөн дурьджээ. Зарим улс орнууд дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан ч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал нь тийм ч сайн биш байгаа нь нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байна.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон хэлэхдээ "Компаниуд тарифаас зайлсхийхийг оролдож байгаа ч Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын дэд бүтэц сул, үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээлд Хятадын гүйцэтгэж байсан үүргийг богино хугацаанд орлуулахад хүндрэлтэй байх болно" гэдгийг онцоллоо.

Мөн тайланд бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд улам нэмэгдэж байгааг анхааруулжээ. Хятад, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хятад, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон Брэкситын талаарх тодорхой бус байдал зэрэг нь тус бүс нутгийн экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй.

Зарим улс орнууд өр ихтэй, цаашид мөн өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл тус бүс нутгийн орнуудын санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн ачаа дарамт болох боломжтой юм.

Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын зохицуулалт хийх боломжтой улс орнууд, төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүйг тайланд зөвлөжээ. Мөн бүс нутгийн улс орнуудын хувьд худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцийг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй байх болно.

АНУ-Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь уг бүс нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Тодруулбал хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй байгааг онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү