Алзбета Клейн: Нийт баригдах барилгын давхаруудын тоо 2060 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна


2019-12-16 09:05:36

Олон улсын санхүүгийн корпорациас эрхлэн гаргасан шинэ тайланд Ази, Номхон далайн бүс нутагт Ногоон барилга санхүүжүүлэх чиглэлээр 17.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг хэрхэн нээх тухай дурджээ.

2019 оны 12 дугаар сарын 4, — Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорациас (ОУСК) эрхлэн гаргасан шинэ тайланд ногоон барилга санхүүжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын асар их нөөц бололцоог хөрөнгө оруулагч нар хэрхэн ашиглаж болох талаар дурдсан байна. Уг тайланд 2030 он гэхэд хот сууринд амьдрах дэлхийн нийт хүн амын тал хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт байх тул энэ бүс нутаг нь хөрөнгө оруулалт хийхэд маш их ирээдүйтэй байх ба ойролцоогоор 17.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг голдуу орон сууцны зориулалтаар хийх боломж байгааг онцолжээ.

ОУСК-ийн Уур амьсгалын бизнес хариуцсан захирал Алзбета Клейн хэлэхдээ "Нийт баригдах барилгын давхаруудын тоо 2060 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна" гэжээ. Мөн тэрээр “Энэхүү бүтээн байгуулалтын өсөлтийн ихэнх хувь нь хөгжиж буй зах зээлүүдэд, ялангуяа хүн амын өсөлт ихтэй, хотжилт хурдацтай хөгжиж орлогын түвшин огцом нэмэгдэж буй дунд орлоготой орнуудад бий болох болно. Ногоон барилга байгууламж нь дараагийн арван жилийн хамгийн том хөрөнгө оруулалтын боломжуудын нэг бөгөөд нүүрстөрөгч багатай эдийн засгийн өсөлтийг өдөөж, олон арван жилийн турш нарийн мэргэжил шаардсан ажлын байруудыг бий болгох болно” гэж тэмдэглэсэн байна.

“Ногоон барилга байгууламжууд: Хөгжиж буй орнуудад зориулсан санхүүжилт босгох болон бодлого боловсруулах зааварчилгаа” гэсэн нэртэй энэхүү тайланд дурдсанаар 2030 он гэхэд зөвхөн хөгжиж буй орнуудад ногоон барилгын чиглэлээр 24.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломж бий болох бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг өдөөж, тогтвортой хөгжлийг хурдасгах болно гэжээ. Цаашид ойрын хэдэн жилд ойролцоогоор 80 сая хүн Ази тивийн улс орнуудын дундаж давхаргад шилжин орохоор байгаа тул орон сууц, амины сууцны эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байх болно. Зөвхөн Энэтхэг улсад л гэхэд одоо байгаа орон сууцны эрэлт хэрэгцээний дутагдлыг нөхөхийн тулд 2018-2022 онуудын хооронд ойролцоогоор 60 сая орчим нэмэлт орон сууц барих шаардлагатай байна.

Хэдийгээр хөгжиж буй улс орнууд ногоон барилга, байгууламж барихтай холбоотой нилээд амбицтай зорилт тавьж ажиллаж байгаа боловч ногоон барилга барих аргачлалыг өргөнөөр нэвтрүүлэхэд чиглэсэн урамшууллын үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байна. Тулгарч буй бэрхшээлүүд нь ихэвчлэн техникийн хүчин чадал багатай байх болон орон нутгийн ба төвлөрсөн бус аж үйлдвэрийн салбаруудад мөрдүүлэх ногоон барилгын холбогдох стандарт, хэм хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд байгаа юм.

Хэдийгээр бэрхшээлүүд байгаа боловч, өмнө нь хангалттай сайн туршигдсан санхүүжилтийн загвар болон бэлэн байгаа хэрэгжүүлэхэл хялбар технологийг ашигласнаар холбогдох зардал буурч ногоон барилгын хөрөнгө оруулалтын боломжийг бодитойгоор хэрэгжүүлэхэд тун ойрхон болсон байгаа талаар энэхүү тайланд онцолжээ. Мөн тайланд хөрөнгө оруулагчид, банкууд, үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчид болон эзэмшигчид, засгийн газар зэрэг гол оролцогч талууд ногоон барилгын зах зээлд оролцсоноор санхүүгийн ямар тодорхой үр өгөөжийг авч болох талаар дурдсан байна.

Ногоон барилгууд нь борлуулалтын шимтгэлийг мэдэгдэхүйц өндөр буюу 31 хувиар өсгөдөг бөгөөд уламжлалт барилгаас илүү хурдан зарагддаг байна. Нэмж дурдахад эдгээр нь ердийн барилга байгууламжаас 23 хувиар их байнгын оршин суугчидтай байдаг ба  түрээсийн орлого мөн ихтэй байдаг. Мөн ногоон барилгад ус болон цахилгаан бага зарцуулснаар ашиглалтын зардал уламжлалт барилгаас 37 хувиар бага байдаг.

Байшингийн дизайн боловсруулах шатанд ногоон буюу байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байх элемент, шинж чанарыг тусгасан бол ногоон байгууламжийн өртөг нь нэмэлт зардлын хагас хувиас 12 хувь хүртэл хэмнэлттэй байдаг. Индонез улсад Олон улсын санхүүгийн корпорациас (Илүү их үр ашигтай байх загварыг хөгжүүлэх- Excellence in Design for Greater Efficiencies/EDGE) гаргасан, EDGE аргачлалаар загварыг нь боловсруулсан Citra Maja Raya төсөл нь ногоон шинж чанарыг оруулахтай холбоотой нийт төслийн зардлын 4.7 хувьтай тэнцэх нэмэлт зардалтай байсан ба буцаан төлөх хугацаа 1.8 жил мөн жилийн ашиглалтын зардал хэмнэлт нь 30 хувь хүртэл байсан байна.

Түүнчлэн энэхүү шинэ тайланд ногоон барилга, байгууламжуудыг барихтай холбоотой есөн сая орчим нарийн ур чадвар шаардсан ажлын байрыг, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч болон барилгын салбарт бий болгох ба энэ нь эдийн засгийн өсөлтийн хүчтэй хөдөлгөгч хүчин болж чадна гэж тэмдэглэжээ. Одоогийн байдлаар ногоон барилга, байгууламж нь нийт барилга болон барилга сэргээн засварлах салбарын дөнгөж 8 хувийг эзэлж байгаа нь цаашид улам их өсөлт бий болгох асар их боломж байгааг харуулж байна.

ОУСК-ийн мэдэгдсэнээр уг тайланд, хөгжиж буй зах зээл, улс орнууд дахь хөрөнгө оруулалтын нөөц бололцоог хэрхэн хэрэгжүүлэхийг хувийн хэвшлийн оролцооны үүднээс тайлбарлан санал болгосон байна. Ингэхдээ ОУСК нь ногоон барилга, байгууламжид өнгөрсөн олон арван жилийн хугацаанд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн өөрийн туршлага, түүнчлэн улс орнуудын засгийн газруудад ногоон барилгын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор барилгын стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд тусалсан сургамжууд дээр үндэслэсэн болно.

Вьетнам болон Индонези улсуудад Олон улсын санхүүгийн корпораци нь барилгын салбарын 1000 гаруй мэргэжилтэн, хяналтын ажилтнуудыг сургах замаар барилгын холбогдох стандартыг дагаж мөрдөх үйл явцыг сайжруулахад тусалсан. Мөн хянан шалгах хуудас, стандартын шалгуур үзүүлэлтүүдийн техникийн удирдамж зэргийг боловсруулж, хэрэгжилтийн үйл явцыг хялбаршуулахад дэмжлэг үзүүлсэн. Нэмж хэлэхэд, хөгжиж буй зах зээлүүдэд зориулан боловсруулсан ОУСК-ийн Ногоон барилгын Гэрчилгээжүүлэлтийн систем EDGE-ийг хөгжиж буй 150 гаруй орнуудад ашиглах боломжтой байдаг. ОУСК-ийн Ногоон барилга, байгууламжийн хөтөлбөрийг Австри, Канад, Дани, Финлянд, Унгар, Япон, Швейцарь, Их Британийн засгийн газрууд, түүнчлэн Эрчим хүчний салбарын удирдлагын дэмжих хөтөлбөр (ESMAP), Европын холбоо, Дэлхийн байгаль орчны сан (GEF) зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

ОУСК-ийн энэхүү тайланд хөрөнгө оруулагчид, банкууд, засгийн газрууд, үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчид болон эзэмшигчидээс гаргасан шилдэг туршлагуудыг онцолж, шинээр гарч ирж хөгжиж буй зах зээл дээр Ногоон байгууламжийг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, загварын боломжит шийдлийг танилцуулсан байна. Зээл, хөрөнгө оруулалтын урсгалыг ногоон барилга, байгууламж руу хандуулснаар хөрөнгө оруулагчдад энэ чухал хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах боломжийг олгож байна. Энэ нь нүүрстөрөгч багатай эдийн засаг руу шилжих явцад тулгарч болзошгүй санхүүгийн, зохицуулалтын мөн нэр хүндийн эрсдэлд тэсвэртэй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын багцыг бий болгоход чиглэх болно.

ОУСК-ийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч Нена Стойлжкович хэлэхдээ “Хурдацтай хотжилт, хүн амын тоо болон орлогын түвшин нэмэгдэж байгаа энэ үед Азийн бүс нутагт бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлага, цаг уурын өөрчлөлтийн бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд илүү тогтвортой барилгын шийдэл шаардагдана. Энэхүү тайлан нь цаг үеэ олсон бөгөөд ногоон байгууламжууд нь нүүрстөрөгч багатай эдийн засгийн өсөлтийг хангахад хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулж байна” гэсэн байна. Мөн тэрээр “Үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдлагууд болон засгийн газрууд ногоон байгууламжийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх мөн холбогдох хууль, зохицуулалтыг хөгжүүлэх замаар хувийн хэвшилд бодлогын тодорхой байдлыг бий болгон эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж чадах юм” гэжээ.

Холбогдох стандарт, шаардлагуудыг ногоон барилга, байгууламж руу шилжүүлсэнээр засгийн газруудад зөвхөн санхүүгийн хувьд ашигтай байхаас гадна нийгмийн болон байгаль орчинтой холбоотой зорилгоо биелүүлэхэд нь туслах болно. Дэлхий дээрх нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 28 хувь нь барилга байгууламжид эрчим хүч ашигласнаас үүсдэг бөгөөд энэ нь засгийн газарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилгоо биелүүлэхэд нь туслах чухал зорилтот талбар болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү