С.Чинзориг: Тэтгэврийн зээлийг гурав хүртэл сар хүүгүйгээр олгох асуудлыг арилжааны банкуудтай ярилцана


2020-02-21 18:02:19

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөртэй нь холбоотой сүүлийн үеийн мэдээлэлд тайлбар хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тэтгэврийн зээлийг өчигдрөөс олгож эхэлсэн. Үүнээс улбаалж арилжааны банкууд ачааллаа дийлэхгүй, ахмадууд олноороо бөөгнөрч байна. Энэ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэртэй тэрсэлдэхгүй юу. Мөн Сар шинийн өмнө зээл олгож байгаа нь баяраа тэмдэглэж болно гэсэн үг биш үү?

-Эсрэг арга хэмжээ авсан гэж бодохгүй байгаа. Уг нь зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн нэлээд хожуу гаргая гэж бодсон боловч ахмадуудаас надад, манай яам болон Засгийн газарт тэтгэврийг зээлийг олгож эхлэх тухай санал гомдол нэлээд ирүүлсэн. Тиймээс өчигдрөөс олгож эхлээд байна. Ахмадууд амны хаалтаа зүүгээд, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч үйлчлүүлэх ёстой. Маргаашаас амралтын өдрүүд эхлэх тул өнөөдөр тэтгэврийн зээл олгоод дуусах болов уу гэж бодож байна.

-ХААН, Төрийн банкаар л олгож байна уу?

-Нийт тэтгэвэр авагчдын 95 хувь нь Төрийн банк болон ХААН Банкаар авч байгаа тул ачаалалтай байна байх. Нөхцөл нь хэвээрээ байгаа. 1.4 хувийн хүүтэй.  Хүүг бууруулах санал иргэдээс их ирж байсан ч энэ бол арилжааны банкны бүтээгдэхүүн тул байж болох хамгийн доод хэмжээгээр нь байлгах нь зүйтэй гэж харилцан ярилцсан. Монголбанкны ерөнхийлөгч хүүгүй, гурван сарын урьдчилгаа тэтгэврийн бүтээгдэхүүн гаргаж болно гэж ярьсан. Энэ талаар арилжааны банкуудтай ярилцаж, ойлголтоо нэгтгээгүй байна. Цагаан сарын дараагаар хүүгүй, тодорхой хэмжээний хураамжтай, гурав хүртэлх сарын тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүнийг бий болгох талаар арилжааны банкуудтайгаа ярилцана. 

-Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн мөнгийг авч чадахгүйд хүрлээ гэх мэдээлэл гараад байгаа. Мөнгөө авч чадах найдвар хэр байгаа вэ?

-Эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгөтэй адилтгаж, өр барагдуулах дараалалд хойгуур байрлуулсан. Энэ асуудалд бид маргаан үүсгэж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өчигдөр шүүх хурал нь болох байсан ч эрх хүлээн авагчаас тайлбар, лавлагаа авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсан.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулдаг тул нь иргэдийн хадгаламжтай адилтган үзэж, өр барагдуулах дарааллыг урагшлуулах хүсэлт тавьсан. Удахгүй шийдэгдэнэ байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү