Ч.Хүрэлбаатар: "Номад" бонд гаргаснаар 2021 онд 130 гаруй сая ам.доллар төлнө


2020-09-29 13:00:35

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргах шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн 3 долоо Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, "Nomad" гэдэг бондыг Олон улсын зах зээлд амжилттай гаргалаа. Энэ бондыг гаргаснаар 600 сая ам.доллар босгоно. Энэхүү бонд нь 5.125 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай. Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Бонд гаргалаа гээд манайд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэйгээр солих ажиллагааг хийгдсэн гэсэн үг.

2017 онд босгож байсан "Мазаалай" бонд 10.0875 хувийн хүүтэй. Чингис бондын жилийн хүү 5.125 хувь. "Мазаалай" бондын өр болох 500 сая ам.долларыг 2021 онд Засгийн газар төлөх ёстой. 2022 онд "Чингис" бондын 1 тэрбум ам.долларын өрийг төлнө.

Тэгвэл энэ 600 сая ам.доллараар бид ирэх хоёр жилд ирэх бондын өрийг сольж, арилжаалж авсан гэсэн үг.  Манай улс дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Энэ бондыг сольж арилжаалснаар бид жилд 176.4 сая ам.долларыг төлнө. Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26 гаруй сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх юм байна.

Түүнээс гадна, бондын төлбөр төлөх хугацаа ойртож байсан. Төлбөр хийх цаг хугацаа ойртсон үед бид бонд босгох гэж оролдвол хүү нь өсдөг. Тиймээс тодорхой хугацааны өмнө бонд гаргаж, арилжааг хийлээ.  2021, 2022 онд бид 1.5 тэрбум ам.долларын төлбөр хийх байсан бол 900 сая ам.доллар болгож бууруулж чадлаа.  Мөн "Мазаалай" бондыг гаргаж байх үеийнхтэй манай зээлжих зэрэглэл адилхан байхад хоёр дахин бага хүүтэй бонд гаргаж чадлаа. 

2021 онд 500 сая ам.доллар төлнө. 2022 онд 1 тэрбумыг төлөх ёстой. Тэгээд 800, 600 сая ам.долларыг төлнө. Төлбөрийн хэмжээ өөр өөр байхаар зах зээлийг хөдөлгөөд байдаг. Тиймээс жилд төлөх хэмжээг адилхан болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.  Өөрөөр хэлбэл, жил болгон 400 сая ам.доллар төлдөг болчихвол эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө гэж үзсэн.

"Номад" бонд гаргаснаар 2021 онд 130 гаруй сая ам.доллар төлнө.  2022 онд тэрбумыг төлөх ёстой байсан бол одоо 800 саяыг төлөхөөр болж байгаа.

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд ирэх жил их хэмжээний долларын өр төлөх тул төгрөгийн ханш сулрах юм байна гэсэн хүлээлт үүсэж, энэ эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх байсан бол энэ хүлээлт алга болж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид тайван байж болох боломжийг бид бүрдүүлж байна. Энэ бол Монгол Улсын төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Зээлийн хүүг буулгахад ч нөлөө үзүүлнэ” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү