Чуулганаар 2 ч зээлийн хэлэлцээрийг дэмжив


2020-10-29 15:15:23

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр ч зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Эхнийх нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг баталж, 2020 оны 4 дүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг байгуулжээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.

 Дараагийнх нь мөн цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Гишүүдийн зүгээс жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн хүртээмж, эргэн төлөлтийн хувь, хүүг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн хэдэн хувь нь  бичил бизнес эрхлэгчдэд  хүрч,  ажлын байр хэдэн хувиар нэмэгдэхийг илүүтэй тодруулсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батцэцэг гишүүдэд өгсөн хариултдаа, Энэхүү 20 сая ам.долларын 10 сая ам.долларыг нийгмийн даатгалын шимтгэлийн татан төвлөрүүлэлтэд, үлдсэн 10 сая ам.долларын 6,5 сая  ам.долларыг арилжааны банкаар дамжуулан 5-10 сая төгрөгийн 10-11 хувийн хүүтэй зээл олгоход, 1400 орчим бичил бизнес эрхлэгчид хамрагдаж, 3-4 мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Мөн 2019 оны хувьд найман тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 600 гаруй бичил бизнес эрхлэгчдэд олгосон бол 2020 онд 10 тэрбум төгрөгийг Хаан банк, Төрийн банкаар дамжуулан олгохоор гэрээ хийсэн бөгөөд  зээлийн хүү нь 11 хувьтай байхын зэрэгцээ зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна гэж байлаа. 

Ингээд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  66.7 хувь нь  дэмжив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү