Л.Анар: Эдийн засагт мөнгө хийх нь банкуудыг гал руу үсэр гэж байгаатай адил


2020-11-25 16:40:57

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны удирдлагуудтай хамтран цар тахлын үеийн эдийн засаг, иргэдийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Үүнд Монголбанк бэлэн. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд байгаа өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно.

Мөн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021.07.01-нийг хүртэл үргэлжлэхээр болсон. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурна. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсч,  зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл  сунгаж болно. Зээл нь чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат, зөрчигдсөн бол зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй.  Монголбанкны зүгээс зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байхыг арилжааны банкуудад үүрэг өгсөн.

Тухайлбал, банкууд  зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах  нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй, хүүг нэгтгэж тооцож  дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм.  Зээлийг бизнес, хэрэглээний, ипотекийн гэж гурав хуваадаг. 2021.07.01 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж байгаа.  Нэг зээлдэгч  сард  дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ хооронд хүү бодогдохгүй ч байр нь  Болдын эзэмшлийх болоход найман сараар хойшилж байна гэсэн үг.  Ипотекийн зээлийн санхүүжилтийн  дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг.

Түүнчлэн ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гарсан.

Харин Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх боломжгүй" гэлээ.

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчид бий. Тэдэнд ямар байдлаар хөнгөлөлт үзүүлж болох талаар Монголын Банкны холбооны Удирдах зөвлөл тогтмол хуралдаж байгаа. Банк бүр үйл ажиллагааны хувьд адилгүй тул нэгдсэн шийдэл гаргахад хүндрэлтэй байна. Зарим нь иргэдэд үйлчилдэг бол зарим банк нь бизнесийн томоохон банкуудад үйлчилгээ үзүүлдэг тул банкууд өөр өөр бүтээгдэхүүнтэй.

Энэ нөхцөл байдалд төр, засгийн дэмжлэгтэйгээр банкууд тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харагдаж байгаа. Олон улсад жижиг, дунд бизнесээ дэмжих арга хэмжээ авагдаж байна.

Тухайлбал, зээлийн баталгаа, батлан даалт гаргаж, хүндрэлд орсон ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох арга хэмжээг олон улс авч байгаа. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх хамгийн боломжтой хувилбар.

7.3 хувийн уналттай, таг зогссон байгаа энэ эдийн засагт мөнгө хийх нь банкуудыг гал руу үсэр гэж байгаатай адил. Иймд төрөөс баталгаа гаргаж өгвөл банкин дээр чөлөөт эх үүсвэрийн хэмжээ хангалттай бий. Өөрөө хэлбэл, бэлэн байгаа чөлөөт эх үүсвэрийг ашиглан, Засгийн газраас баталгаа гарган, жижиг дунд бизнесээ дэмжих боломж харагдаж байгаа.

Хязгаарлалтад өртсөн бичил зээлдэгчид төр, засгаас хөнгөлөлттэй эх үүсвэрээр, баталгаатай зээл олгоход эргэн төлөлт нь бараг 100 хувь байдаг нь олон улсын туршлагаас харагддаг.  ОУВС-гаас төр, засгийн газар нь төсвийн хүрэлцээ муудаж байгаа үед засгийн газрын баталгаа гаргах, эсвэл тусгай зориулалтын компани байгуулах замаар ажлын байраа хадгалж байгаа, жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгждээ зээл олгох зөвлөмжийг гаргаад байгаа" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү