МҮХАҮТ: Хөл хориог үргэлжлүүлбэл дулаан, түлш, цахилгааны төлбөрийг төр хариуцах шаардлага үүснэ


2020-11-28 15:11:26

Цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар МҮХАҮТ-ын төлөөлөлтэй өнгөрсөн 7 хоногт цахимаар хуралдсан билээ. Хурлаар хөл хориог хэрэв сунгавал аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэх бэрхшээлийн талаар сонсч, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж, санал бодлоо солилцсон.

Эл хурлын талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

МҮХАҮТ бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэнээс хойш олон арга хэмжээ авч ажилласныг онцлоод 3.530 аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдээс нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааг он гарснаас хойш 5 удаа хийсэн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дурьдсан.

Хөл хорионы үед бизнесийн орчин хэрхэн өөрчлөгдөж, ямар хүндрэл бэрхшээл учирч байгаа талаар болон төр засгаас ямар шийдвэр бодлого гаргавал эрсдлийг эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулах боломжийг судалсан байна.

Судалгаанд хамрагдсан 3530 аж ахуйн нэгжээс

  • Үйлчилгээнийх 27 хувь
  • Худалдааны чиглэлээр 18 хувь
  • Гадаад худалдаа 9 хувь
  • Барилга 9 хувь
  • Боловсруулах хүнсний үйлдвэр 7 хувь
  • Боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технилоги 4 хувь гэх мэтээр хамрагджээ.

Барилгын компани 9 хувь гэдэг нь 300 гаруй барилгын компанийн саналыг тусгасан гэсэн үг аж.

Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллийг мөн дээрх судалгаанд хамруулжээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдахад судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 57 хувьд нь шууд нөлөө үзүүлсэн байна. Харин дотооддоо халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоосноор 97 хувь нь шууд нөлөөлжээ.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь  хөл хорионы үед бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгааг судалгаанд онцолжээ. Энэ бүлэг эдийн засгийн маш том эрсдэл рүү очдогийг МҮХАҮТ-ынхан тодотгов.

Цар тахлын үед ажиллах боломжийн тухайд

  • Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиад ажиллах боломжтой хэмээн 35 хувь
  • Ажилчдынхаа тоог тодорхой хэмжээгээр зохицуулаад ажиллах боломжтой 32 хувь
  • Зайнаас цахимаар ажиллах боломжтой хэмээн 14 хувь
  • Хүчин чадлаа тодорхой хэмжээгээр бууруулаад ажиллах боломжтой 14 хувь
  • Бүрэн зогсолт хийхээс аргагүй нөхцөл байдалтай 5 хувь хэмээжээ.

Аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах боломжит хугацаа нь

  • 53 хувь нь 1 сар хүртэл
  • 31 хувь 1-3 сар
  • 8 хувь нь 4-6 сар
  • 8 хувь нь 7 дээш сараар  хадгаламж боломжтой гэж хариулжээ.

Өнөөдөр судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 25 хувь нь ажилчдаа цомхотгосон. Үүнд нийт 7645  ажлын байрыг цомхотгожээ. Үүнийгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани руу хөрвүүлж үзвэл 150.000 ажлын байр цомхотгогдсон гэж ойлгож болох гэнэ.

Хэрэв хөл хориог 12 сарын 1-нээс цааш сунгавал аж ахуйн нэгжүүд хэрхэх вэ?

  • 17 хувь нь ажлын байранд өөрчлөлт хийхгүй
  • 46 хувь нь ажлын байрыг цөөлнө
  • 6 хувь нь бүрэн зогсолт хийж, ажилчдаа хална гэжээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгавал 432.000 ажлын байр цөөлнө. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунгавал 505.000 ажлын байрыг цөөлнө гэж хариулжээ.

Судалгааны хүрээнд хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөө буюу ажиллагчдын цалинд орсон өөрчлөлтийг авч үзвэл дараах хариултыг ААН, бизнес эрхлэгчид өгсөн байна. Тодруулбал,  

  • Цалиндаа өөрчлөлт оруулаагүй буюу цалинг 100 хувиар олгож байгаа - 28%
  • Сул зогсолтоор цалинжуулах буюу цалинг 60 хувиар олгож байгаа - 31%
  • Цалин олгохгүй байгаа – 41 хувь нь хариулжээ.

Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа бол 14 хувь нь цалингаа 100 хувь олгожээ. Гэхдээ цаашдаа асуудал хүндэрнэ гэдгээ илэрхийлсэн.

Судалгаанд оролцогчдын 72 хувь нь банкны зээлтэй. Гэвч Засгийн газрын тогтоолоор эдгээр аж ахуйн нэгжийн зээл шийдвэрлэгдээгүй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон.

Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд 67 хувь нь 50 хүртэл сая төгрөгийн зээлтэй.

Хөл хориотой үед бизнест үүсээд буй хүндрэлийг төрлөөр нь харуулбал:

  1. Ажлын байраа хадгалах, цалин тавих – 24 хувь
  2. Зээлийн эргэн төлөлт – 21 хувь
  3. Төр, засгаас гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал – 17 хувь
  4. Түрээсийн төлбөр – 16 хувь
  5. Гадаад түншийн гэрээний үүрэг биелүүлэхгүй байх, гэрээ цуцлагдах – 7 хувь
  6. Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны зөвшөөрөл авах процесс – 6 хувь
  7. Түүхий эдийн олдоц – 6 хувь
  8. Хамгаалалтын хувцас, хэрэглэл – 2 хувь

Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй байна.

Ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

Бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг аж ахуйн нэгжүүд хүсчээ.

Мөн татвар, НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт, зээлийн хугацааг хойшлуулах санал ихээр гарсан байна. Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг хойшлуулах, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангахыг хүсчээ.

Цар тахлын үед бизнесийг хэрхэн эргэн сэргээх вэ?

Үе шаттайгаар сэргээх нь зайлшгүй. 2020.12.01-нээс шууд хөл хориог цуцалж, бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн болгох боломжгүй. Бусад орны нөхцөл байдлыг харвал тархалт өндрөө авахд хөл хорио тогтоож, үе шаттайгаар дэглэмээ сулруулж, ажиллах боломжоор хангажээ. Вирусийг хяналтдаа авснаар бизнесийн сэргэлтийн талаар яригдана.

Засгийн газраас эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулж боловч бизнес эрхлэгчид, цалингаар амьдрагчид руу анхаарлаа чилээж чадахгүй байгаа. Вирус бизнес хоёр нь нэг зоосны хоёр тал учраас зохицуулалт тун чухал болж байгаа юм гэдгийг танилцууллаа.

Өнөөдрийн байддаар 21 салбарын 667 төрлийн 855.253 ажлын байр буюу 74.5 хувь нь хаалттай байна. Өөрөөр хэлбэл, тэг зогсолт хийжээ.

Хөл хорио цааш үргэлжилбэл

  • Хүүхдийн мөнгө авдаг - 1.1 сая  
  • Тэтгэвэр авдаг- 330.000
  • Нийгмийн халамжид хамрагддаг 94.000
  • Төсвийн байгууллагын ажиллагсад 220.000
  • Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын ажилчид 50.000
  • Малчид 200.000
  • Хүнсний талон авдаг 240.000 хүн бий.

Үүнд бизнесийн тэсвэртэй хэсэг буюу цалингаа өгөөд явах боломжтой компанийн ажилчид 60.000 гэж үзвэл цаана нь 940.000 гаруй иргэн буюу хүн амын 28 хувь нь  хоногийн хоолны асуудал үүснэ. Тэд гэрээсээ гарч чадахгүй, сараас цааш амьдрах хоолны мөнгөгүй болж үлдэж байгаа юм.

Эдгээр 940.000 хүнд буюу 1 хүнд 250.000 төгрөгийн тэтгэмж өгнө гэвэл 234 тэрбум төгрөг шаардлагатай. Дээр нь цахилгаан, дулаан, түлшний асуудал хөндөгдөнө.

Хэрэв хөл хориог үргэлжлүүлбэл дулаан, түлш, цахилгааны төлбөрийг төр хариуцах шаардлага үүснэ гэдгийг ч дээрх танилцуулгын үеэр хэлж байв.

Цар тахлын үед бизнесийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт, зай барих, халдваргүйжүүлэлт хийгээд ажиллах боломжтой. Мөн ажилчдыг сургуулийн сурагчдын автобусаар зөөвөрлөх гэх мэтээр зохион байгуулалтыг хийгээд сахилга, батыг баримтлаад ажиллах саналыг МҮХАҮТ-аас гаргасан юм.

Дээрх танилцуулганы дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод 2020.11.10-ний өдрийн 00.02 цагт Онцгой комиссийн хуралдааныг яаралтай хуралдуулж, коронавирусийн халдвар илэрсэн тухай яригдсан. Үүний дараа Нийслэлийн Онцгой комиссийн даргын хувьд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэдээ халдвараас хамгаалах үүднээс тодорхой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Үүнтэй уялдуулан нийслэлийн удирдлагын зүгээс  коронавирусийн халдвартай холбоотой аж ахуйн нэгж байгууллагыг халдвюар хамгааллын дэглэмээ эрчимжүүлэх тухай захирамжийг гаргасан. Уг захирамжид хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэглэм журам эрчмийг нь өргөжүүлэх, амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих чиглэлээр тусгасан.

Маргааш нь УОК хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Үүнээс улбаалан захирамж өөрчлөгдсөн. Авсан арга хэмжээний хүрээнд цар тахлыг хумих, тархалтыг багасгах, хумих чиглэлээр ажилласан.

Үнэндээ Монгол Улсын болон нийслэлийн хэмжээнд түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотой асуудлууд ар араасаа гарсан. Тэр дундаа нийтийн тээвэртэй холбоотой, хүмүүсийн хоорондын үйл ажиллагаа, бизнесийн байгууллагууд болон тээвэрлэлт, өдөр тутмын амьдрал, борлуулалт, түгээлт, тараалт гээд нийслэлд тулгамдсан олон асуудлууд гарсан. Үүнийг үе шаттайгаар зөв зохион байгуулалт хийх нь зүйтэй гэдгээ УОК дээр дахин хэлэлцэж, саналаа өгсөн.

Манай улс үер усны осол эндэл, малын гаралтай халдварт өвчин, ойн түймэр гэх зэрэг гамшгийн үед ажилласан тушлагатай. Түүнээс биш цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ туршлага байхгүй. Гагцхүү халдварын тархалтыг хумих, иргэдээ хамгаалах ёстой гэсэн ухагдахуунаар хөл хорио хийх бодлого баримталсан.

Амьдрал баян учраас асуудал ар араасаа хөвөрсөн. Нийслэлд 126.000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой хүндрэл учирч байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Нийслэлийн Засаг даргын хувьд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг

  • Коронавирус халдварын эрсдэлтэй үед халдварын тархалтыг хумих, хяналт тавих
  • Үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах
  • Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх
  • Олон улсын туршлага судлах, холбогдох тооцоо судалгааг хийх чиглэлээр байгуулсан.

Мөн Засаг даргын дэргэд хямралын эсрэг зөвлөлийг байгуулах чиглэл өгсөн. Энэ зөвлөлийг МҮХАҮТ болон хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэйгөөр байгуулна.

2020.12.01-нээс цааш ажил амьдралаа хэрхэн зөв зохион байгуулах талаар олон улсын туршлага дээр тулгуурлан судалгаа хийж, ажиллаж байна. Эдийн засгийн цохилт нэмэгдсээр байна.

Тиймээс хариу арга хэмжээ авах нь чухал. Иймээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид халдвар хамгааллаа сахин, хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар санал бодлоо солилцож, зохион байгуулалтад орох нь чухал” гэдгийг тодотгосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү