Улаанбаатар-Дарханы авто замын шинэчлэл ирэх жил дуусна


2020-12-01 13:04:38

Зам тээврийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.

Монгол Улс нь нийт 112.414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь нь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай аж.

2020.10 сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилтай авто замыг ашиглалтад оруулсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл Улаанбааатр хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгөлөлттэй зээлээр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж буй. Ажлын гүйцэтгэл нь 75.4 хувьтай байна. Энэхүү авто замыг 2021 онд ашиглалтад оруулсанаар бүх аймгийн төв Улаанбаатар хотой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурьдсан.

Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1.902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөр бетон гүүрний барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Авто замын салбарт 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулбал

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 90 хувь

- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 62 хувь

- Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энд онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн томоохон төсөл, арга хэмжээнээс дурьдвал

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй

  • Цахир-Тосонцэнгэл чинглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам
  • Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам
  • Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн 12.82 км
  • Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км хатуу хучилттай авто зам
  • Туул гол дээрх 205.1 у/м
  • Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын голын 62 у/м
  • Хэний аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м
  • Хэнтий аймгийн Дадал сумын 238.9 у/м төмөр бетон гүүр

-Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй

  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртлэх 20.3 км хатуу хучилттай авто зам

Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь Дарханы зам. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2 урсгалтай, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөжүүлэн, шинэчлэх ажил 2019 онд эхэлсэн.

Тодруулбал, эхний ээлжийн ажил болох 2 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлийн барилгын ажил 2019.06.21-нд 5 багц хэсгээр эхэлсэн байдаг. Гэрээний дагуу барилгын ажлыг 2020.06 сард багтаан дуусгах байсан ч цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад төлөвлөсөн хугацаандаа орж ирж чадаагүй тул гурван багц хэсгийн гэрээг 2020.12.31-н хүртэл сунгасан байна.

Мөн  Багц-2, Багц-4 хэсгийн гүйцэтгэгч гэрээ цуцлах хүсэлтээ 2020.08.16-нд ирүүлжээ. Иймээс гэрээг цуцалсан талаар гүйцэтгэх засаглалын тэргүүний танилцуулгад дурьдагдав. Энэ хоёр багц хэсгийн нийт 90.58 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн үлдэгдэл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг энэ онд багтаан зохион байгуулж, 2021.03 сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогоор

  • Багц-1 хэсгийн ажлын гүйцэтгэл 85.43 хувь
  • Багц 3- хэсгийн ажлын гүйцэтгэл 69.75 хувь
  • Багц 5 хэсгийн ажлын гүйцэтгэл 70.46 хувьтай байна.

Уг авто замын үндсэн трассаар 2020.11.06-наас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байгаа. Нийт 204.11 км авто замын 135.19 км-т хатуу хучилттай авто замаар зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үүнээс 65.03 км нь шинээр баригдсан зам бол 70.16 км хуучин хучилттай. 68.92 км-т цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурьтай байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү