МАН-ын "захиргаадалт" буюу иргэдийнхээ халаасан дахь хөрөнгийг эмрэх бодлого


2021-02-22 10:18:05

Арилжааны банкууд хугацаагүй хадгаламжийн хүүгээ энэ оны нэгдүгээр сараас зогсоов. Уг нь Банк, эрх бүхий этгээдийн  мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайд  хуульд “Хугацаагүй хадгаламж хүүгүй байна “гэсэн утга бүхий заалт оруулж байж асуудлыг шийдэх боломжтой. Гэвч эрх баригчид Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэмэлт өөрчлөлтийг 2021.01.29-ний өдөр оруулж, мөн өдрөөс мөрдөж эхлэв.

Нэгэнт сиймхий ашигласан дээрх заалтын талаар олон нийтэд төдийлөн мэдээлж, ойлгуулсангүй. Арилжааны банкууд ч эрх баригчидтай үгсэн хуйвалдсан мэт харилцагчиддаа энэ тухай албан ёсоор мэдэгдсэнгүй. Гагцхүү өөрсдийн цахим хуудсанд “Хугацаагүй хадгаламжид 2021.06.30-н хүртэл хүү тооцохгүй” гэх ганц өгүүлбэр тавьжээ. Тиймдээ ч харилцагчид нь энэ тухай мэдээгүй өнөөг хүрсэн.

Үнэндээ хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгох ажиллагааг Монголбанк оны өмнөөс ажил хэрэг болгохоор ажиллаж эхэлсэн. Ямартаа чуулганы хуралдааны үеэр Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Х.Булгантуяа нар банкуудын хадгаламжийг хүүг тэглэх, царцаах тухай ярьж эхэлсэн юм. Л.Энх-Амгалан гишүүн ч захиргаадалтын талаар лавлаж байсан нь тэр.

Энэ оны төсвийг хэлэлцэх үеэр цар тахлын эсрэг вакцинд сохор зоос төсөвлөөгүй атлаа музей, соёлын төвийн барилганд хөрөнгө тусгасан. Тиймдээ Ерөнхийлөгч төсөвт хориг тавихад эрх баригчид элэглэн шоолж суусан удаатай. Тухайн үед МАН-ын зарим гишүүн хоригийг хүлээн авч өөрчлөх тухай ам нээж байсан ч бүлгийн хурлын үеэр хайрцаглагдаж, дахин ам нээгүй юм.

Эдийн засагчдын зүгээс хадгаламж руу гар дүрэхээсээ урьтаж төсөвт тодотгол хийх нь илүү оновчтой шийдэл болохыг хэлж байв. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн “Хадгаламжийн хүүг буруулах эсвэл тэглэснээр зээлийн хүүг бууруулна гэдэг ойлголттой байх шиг байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах стратеги, эсвэл тэглэх хоёр бол тэнгэр, газар шиг ялгаатай. Өнөөдөр зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү. Бас гаднаас босгож буй ам.долларын эх үүсвэрийн зардал. Тэглээ гээд хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг зогсоох юм байна гэж ойлговол буруу. Хадгаламжийн хүүг тэглэснээр харин ч эсрэгээрээ ирээдүйд хадгаламж үгүй болж, улмаар зээл гаргах мөнгөгүй болох эрсдэлтэй” хэмээсэн юм.

Арилжааны банкууд харилцагчиддаа хугацаагүй хадгаламжийн хүү зогссон талаар мэдээлээгүй нь ч үүнтэй холбоотой. Цар тахлын үед олон үйлдвэр, аж ахуйн нэгж хаалга барьж, иргэдийн амьжиргаа хэцүүдсэн. Гэсэн ч хадгаламжин дахь хэдэн төгрөгтөө гар хүрэхгүй, аль болох хүүгээр нь аргацаахыг хичээсээр өнөөдөртэй золгосон. Харин энэ тухай дуулаад цааш нь хийсэн хөрөнгөө татаж эхлэх эрсдлээс арилжааны банкууд эмээсэн нь тэр.

Төгрөгийн хадгаламж 2021 оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж өмнөх сараас 218.1 тэрбум буюу 1.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буюу 25.6 хувиар өссөн байна. Үүний 89.4 хувь буюу 12.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол 10.6 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж байна.

Вадютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж өмнөх сараас 1.3 хувиар буурчээ.

Цар тахлын үеийн хуульд өөрчлөлт орж хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй болсноор нийт хадгаламжийн 40 орчим хувьд хөлс өгөхгүй болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүү бол тухайн мөнгийг ашигласны хөлс буюу төлбөр гэж ойлгож болно. Хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5 хувь. Энэ хүүг зогсоосноор зээлийн хүү буурна гэх сайхан тайлбарыг эрх баригчдаас, мөн төвбанкнаас хийх биз. Харамсалтай нь бодит байдал дээр ийм дүр зураг бий болохгүй.

Он гарсаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөг болж өмнөх сараас 25 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 844.7 тэрбум буюу 4.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд төгрөг нь иргэдийнх байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өөрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж 4.34 тэрбум төгрөгөөр өссөн. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 3.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 177.7 тэрбум төгрөгөөр өссөн байх жишээтэй. Ийнхүү иргэд зээл авах ч тэнхэлгүй болсон.

Харин эрх баригчид цар тахлыг даван туулах гарцаа эрэлхийлж, шархаа нөхөхийн тулд арилжааны банкууд руу гараа шургуулсан нь энэ. Чухамдаа иргэдийнхээ халаасыг эрх баригчид тэмтэрч, үлдсэн хэдэн төгрөгийг нь эмэрч суугаа нь тэр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү