О.Батнайрамдал: Нэг литр АИ-92 шатахууныг 2.400 төгрөгөөр борлуулахаар байгаа


2021-11-22 16:19:14

Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал  мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр Үнийн зөвлөлөөс зөвлөмж гаргасан.

Ингэснээр шатахууны үнийг төр, аж ахуй нэгж буй зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.

Мөн Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүн нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асууддыг Монголбанктай хамтран шийдвэрлэх, холбогдох журмаа шинэчлэх, зах зээлийн бодит байдал, үнийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зөвлөмжийг гаргасан. Хамгийн гол нь АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Дэлхийн олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолж, автомат үнийн аргачлал руу шилжихээр боллоо.

Өөрөөр  хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлийг аажмаар үнэ бодож гаргах аргачлал юм. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байх юм. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд 100 төгрөгөөс хэтрэхгүй.

Өнгөрсөн хугацаанд төрөөс зах зээлд оролцож, үнийг тогтоон барьсантай холбоотойгоор шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Хэрэв төрөөс оролцсоор байвал энэ алдагдал оны эцэс гэхэд 100 тэрбум төгрөг давахаар байгаа.

Манай улс шатахуун авч буй хил үнэ тонн тутамдаа 830 ам.доллар буюу 1,786 төгрөг байна. Үүн дээр Онцгой албан татвар, Гаалийн албан татвар, Автобензин албан татвар, НӨАТ зэрэг нийт татвар 326 төгрөг болж буй. Тээвэр, үйл ажиллагааны зардал зэргийг тооцвол дэлхийн зах зээлийн өртгөөрөө нэг литр АИ-92 шатахууныг 2,400 төгрөг байхаар байгаа бол 2,050 төгрөгөөр зарснаар литр тутамдаа 346 төгрөгийн алдагдлыг компаниуд хүлээж байгаа юм” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү