Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байна


2022-09-09 08:56:40

Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд Эрчим хүчний яам, "Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон бус холбогдох албаны удирдлагууд ажиллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм.

Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн байдлаар 75%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Манай улсын эрчим хүчний эх үүсвэрүүдийн 90 гаруй хувийг Дулааны цахилгаан станцууд бүрдүүлдэг бол 9.07 хувийг сэргээгдэх эрчим хүч, 0.03 хувийг дизель түлш бүрдүүлдэг. Одоогийн байдлаар Багануур ХК-аас 230, Шивээ-Овоо ХК-аас 60, Шарын гол ХК-аас 240 мянган тонн нүүрс авахад бэлэн байгаа талаар танилцууллаа.

Мөн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Шахмал түлшний чанар сайжруулах ажлын хүрээнд техник, технологийн судалгааны зөвлөл байгуулж, Хагас коксжуулсан нүүрсний орц, Барьцалдуулагчийн чанар болон хүхэр бууруулах судалгааг хийж буйг хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр анхааарч ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд анхаарууллаа. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг “Тавантолгой түлш” ХХК-ийг мидлинг татан авах ажилд сул зогсож буй вагонуудаар хангах үүргийг өгөв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү