"Москва-1980" олимпод оролцсон ахмад жүдочдод хүндэтгэл үзүүллээ


2020-10-29 15:45:30

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Каногийн мэндэлсэн өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг сар бүрийн тэмцээнээ зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээнийг Монголын жүдочид зуны олимпийн наадмаас анхны медалиудыг эх орондоо авч ирсэн түүхт 40 жилийн ойн нэрэмжит болгон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм. 40 жилийн тэртээ "Москва-1980" XXII зуны олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж байсан.

Тэднийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗХУ /Одоогийн ОХУ-ын иргэн/ Вячеслав Михайлов Хохлов нар дасгалжуулан оролцож байлаа. Мөн "Москва-1980" олимпод -60кг ОУХМ Я.Дорж- 8-р байрт, -65кг МУАБ, МУГТ Ц.Дамдин агсан мөнгөн медаль, -71кг МУГТ Р.Даваадалай-хүрэл медаль, -78кг МУГД Д.Дашжамц, -86кг МУ-ын гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш, -95кг ОУХМ Д.Амгаа, +95кг ОУХМ Г.Жалаа, үнэмлэхүй жинд гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш шагналт V байр эзэлж байжээ.

Энэ олимпийн наадамд бэлтгэл хангагчаар гавьяат тамирчин Г.Жамсран, Ж.Ганболд, ардын жүжигчин, Олон улсын хэмжээний мастер Д.Түвшинжаргал, Л.Очирбал, Д.Бадрах, гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар, спортын мастер Ж.Алтангадас, гавьяат тамирчин С.Хүрэлбаатар, ОУХМ Ш.Ганбаатар гэсэн бүрэлдхүүнтэй жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчид 1976, 1980, 1984 оны олимпийн циклд бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн уралдаануудад оролцсон байжээ.

Өчигдөр Дэлхийн жүдогийн өдөр эдгээр ахмад тамирчид тэмцээний нээлтийн ёслолд оролцож Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч хүндэт зочдод хүндэтгэл үзүүллээ. Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч Олимпийн хүрэл медальт, Р.Даваадалай, Я.Дорж, Г.Жалаа, Ж.Алтангадас, Л.Очирбал нарт МҮОХ-ны "Олимпийн алдар" одон, Г.Жамсран, Ш.Ганбаатар нарт МҮОХ-ны "Алтан Очир" одонгоор тус тус шагнажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү