Д.Амарбаясгалан: Аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх барих бүтцийг богино хугацаанд зохион байгуулна


2020-10-16 11:53:26

МАН-аас урьдчилсан дүн гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хэвлэлийн хуралд оролцлоо.

Мэдээллийн эхэнд Д.Амарбаягалан “НИТХ-ын 45 төлөөлөлөгчөөс 34 нь буюу 75.5 хувиар, нийслэлийн Сүхбаатар дүүргээс бусад 8 дүүрэг буюу 88.8 хувиар,

Дүүргийн Иргэдийн хурлын 291 төлөөлөгчөөс 200 буюу 70 хувиар

21 аймгийн ИХ-ын сонгуулльд 13 аймаг буюу 60 хувиар

330 сумаас урьдчилсан мэдээгээр 185 сум 56 хувиар тус тус МАН болон намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байна.

МАН-д итгэл үзүүлж, итгэж сонгосон сонгогчиддоо МАН-ын мянга, мянган гишүүдийн өмнөөс талархаж байгаагаа дэвшүүлж байна. Энэ их итгэл нь 2020 оны парламентын сонгуульд үзүүлсэн итгэл, сонголтоо бататгасан, ирэх 4 жилд улс оронаймаг, сум, дүүргийнхээ хөгжилд илүү хувь нэмэр оруулаасай гэсэн үндсэн дээр иргэд сонгогчдын маань хийсэн сонголт гэж МАН-ын зүгээс үзэж байна.

Энэ их итгэлийг МАН бүрэн зүтгэлээ хариулж хүчээ нэгтгэж, сонголтоо хийсэн ард иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллах болно.

Иргэдийнхээ итгэлийг хүлээж чадаагүй 8 аймаг, 1 дүүрэг байгаа. Мөн цаана нь 140 гаруй сумын асуудал бий. Эдгээр сумынхаа иргэд сонгогчдын итгэлийг олж авахын төлөө УИХ-д сонгогдсон гишүүдээрээ, мөн орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намд шинэчлэлт өөрчлөлт хийх замаар ажиллаж болно.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Бидэнд цаг алдаж, албан тушаал сандал суудал ярьж суух цаг хугацаа богино байна. Ялангуяа 2020 оны парламентын сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх ажлыг их эрчимтэй, шуурхайлж хийсэн. Үүнтэй нэгэн адил аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд зохион байгуулагдах эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн намын байгууллагууд нь богино хугацаанд зохион байгуулах. Үүнийг нь богино хугацаанд батламжилж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оруулах энэ нөхцөл байдал нь зөв гэж эрх баригч намын зүгээс үзэж байна” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар "Төрийн ажлыг гацаалгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хийж, дараа дараагийн бэлтгэл ажлуудыг хийх үүднээс эрх бүхий бүтцийг богино хугацаанд эмхлэн байгуулах нь зүйтэй юм. 

МАН-д итгэл үзүүлж,хариуцлага хүлээлгэсэн нийт ард иргэддээ талархсанаа илэрхийлж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн бодлого шийдвэрийг дэмжсэн, ажил хийх нөхцөлөөр бүх шатанд нь хангаж өгсөн сонгогчиддоо баярлалаа. Ажил хийж, бүтээн байгуулах бол нэг хүч, нэгдсэн зохион байгуулалт чухал. 

Амжилт, ялалтад баярлаж, хөөрцөглөхөөсөө илүүтэй ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэхэд анхаарлаа хандуулна. Улаанбаатар хот бол том эдийн засаг. Нийслэлд 1.5 сая гаруй иргэн амьдарч байна. Эдгээр иргэнд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө МАН 2020 оны УИХ-ын мөрийн хөтөлбөрөөс улбаалж, эдийн засгийг солонгоруулах, төгөлдөржүүлэх, эдийн засгийг хотын хэмжээнд бие даасан байдлаар нь хөгжүүлэх тал руу явна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү