С.Одонтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг болгоход Цагаансуваргыг ашиглана


2020-10-26 10:52:51

УИХ дахь АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг болгох хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Энэ талаар бүлгийн дарга болон гишүүд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхнийх нь Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Өрсөлдөхүйц хэмжээний тэтгэврийн даатгалын сангууд бий болох нь зүйтэй. Дэлхийн бусад орны хувьд ч ийм жишиг байдаг. Иймээс үүнийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эрх баригч намын үед хадгаламж зээлийн хоршоо шиг Санхүүгийн зохицуулах хороонд очиж, даргыг нь хутгалдаг, хүний амь нас үрэгддэг тохиолдол гарч байсан. Энэ тал руу явуулахгүйгээр  зөв зүйтэй чиглүүлэх нь зөв юм.  

Хоёрдугаарт, 270.000 хүнийг хамарсан ач холбогдолтой хуулийн төслийг АН өнөөдөр өргөн барих гэж байна. Энэ нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл юм. 

Өргөн барих хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлэг 100 хувийн саналаар уг хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо. Өндөр настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан өргөн барина. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш байх асуудлыг хуулийн төсөлд тусгасан.

Өнөөдөр 500.000 төгрөгөөр доош хэмжээний тэтгэвэр авна гэдэг амьжиргаанд хүрэлцэхгүй. Үндэсний статистикийн газрын гаргасан судалгаагаар өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг. Хоёр ахмад нийлээд ч тэтгэврийн мөнгөөрөө амжьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна.

Өнөөдөр 441.000 иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.527 иргэн 500.000 төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадуудыг ядууралд хүргэж байгаа хамгийн том шалтгаан болж байна.

Хамгийн бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийг бүлгээр нь авч үзвэл ихэвчлэн социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан ямар ч хувийн өмч, хадгаламж байдаггүй иргэд” гэв.

Хуулийн төсөл 7 хэсгээс бүрдсэн бөгөөд хамрах хүрээ, санхүүгийн эх үүсвэр, ямар журам боловсруулан гаргах талаар ч тусгажээ.  

Үндсэн хууль байгалийн үр өгөөжийг  үндэсний баялагийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш шударга хүртээнэ гэсэн заалттай. Иймээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг байгалийн баялгаас бүтээхээр тусгасан байна.

Энэ талаар С.Одонтуяа “Улсын төсвийг хүлээвэл энэ асуудал цар тахлаас улбаатай хойш тавигдсаар байх болно. Эцэст нь ахмадуудад энэ асуудал мартагдана. Тиймээс хамгийн боломжит хэлбэрийг сонгосон. Энэ бол стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлж, үр өгөөжийг нь хүртэхээр тусгасан. Санхүүжилтийн эх үүсвэр дотор 2020 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолд 6 стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувьцааг нь Эрдэнэс Монгол компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь хүртээх асуудал тусгагдсан. Иймээс энэ санаачилж байгаа хууль тогтоомж нь хууль зөрчөөгүй гэдгийг тодотгоё.

Цагаан суваргын ордоос гол санхүүжилтийн эх үүсвэр болно. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжих замаар эргэлтэд оруулна. Хувийн хэвшил эдийн засгийн хүндрэлээс хамаарч, бүх ачааг нуруун дээрээ үүрч байна. Иймээс төр дэмжиж, тусалж хамрах нь зүйтэй юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тэтгэврийн доод хэмжээн 500 мянган төгрөг болгоход жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг Улсын төсвөөс гаргахгүй. Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү