Хууль зүйн салбарт ирэх жил 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөжээ


2020-10-29 10:00:21

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын талаар хэлэлцлээ.

Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээг 2021 оны төсвийн төсөлд тусгасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Энэхүү төсөлд хууль зүйн салбарт хэрэгжүүлэх хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, гудамж, талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор 140 хүүхдийн байцаагч ажиллуулах зардлыг суулгажээ. Түүнчлэн дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шүүхийн шинжилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангаж, чадавхийг сайжруулах, улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулах, газар үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, оюуны өмчийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг тусгасан аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хууль зүйн салбарт нийт 67.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл арга хэмжээнд 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Үүнд хорихоос өөр төрлийн ял эдлэх, гэрийн хорионд байгаа иргэдийн цахим хянагч, улсын бүртгэлийн архив, үйлчилгээний цогцолбор, улсын хил хамгаалалтын зориулалтын инженерийн байгууламжийг шинэчлэх, хил хамгаалах байгууллагуудын их засвар, цагдаагийн хэлтсийн барилга зэрэг обьектууд, хөрөнгө оруулалтуудыг тусгажээ. Мөн АТГ, шүүх, прокурорын байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засвар зэрэг 13 төсөл арга хэмжээнд 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү