“Шинэхэн групп” компанитай У.Хүрэлсүх холбоотой юу


2020-10-29 13:57:12

Байгалийн түүхий музей болоод Их тэнгэрийн амны 7.4 га-г гартаа оруулж дөнгөсөн “Шинэхэн групп” компанитай У.Хүрэлсүх холбоотой юу.

Төрийн гурван өндөрлөг амьдардаг Их тэнгэрийн аманд баргийн хүн хөл тавих хориотой. Учир нь Их Тэнгэрийн амыг Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газрынхан 24 цагаар хамгаалдаг. Нөгөөтэйгүүр, эл газар нутаг хууль тогтоомжийн дагуу төрийн тусгай хамгаалалтад багтсан Богдхан уулын дархан цаазат бүс юм. Тиймээс хугаслаж худалдаж авах нь битгий хэл баргийн аавын хүү хөл тавьж дөнгөдөггүй.

Гэтэл Их Тэнгэрийн амны хашаан дотор, тэр бүү хэл Төрийн тусгай хамгаалалтынхны хамгаалалт дор байдаг газраас 7.4 га-г нь хувийн компанид зарсан асуудал хэдэн жилийн өмнө хөндөгдөж байв. Ингэхдээ тэр газар Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болсон байдаг. Энэ талаар “Шинэхэн групп” компанийн захирал Ж.Сансар “Мөнгө маш их зарцуулахаар байсан учраас гадны хөрөнгө оруулалтаар хурлын танхимаа бариулах сонирхол манай төрд байсан. Гэтэл газрын асуудал шийдэгдэхгүй 2015 оны хагас болсон. Япончууд АСЕМ-аас өмнө амжихаа болилоо гээд. Тэгж явсаар 2015 оны 6 дугаар  сард Засгийн газрын тогтоолд гарч газрын асуудал шийдэгдсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн юм.

Тэрхүү тогтоол гарахад Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэг, Шадар сайдаар У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайдаар Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, дөнгөж байгуулагдсан компанид хариуцлагатай ажил өгч байгааг тэд бүгд мэдэж байсан гэсэн үг. Мөн хугацаа тулсан тул ажил амжихгүйг ч гадарлаж байсан биз.

“Шинэхэн групп” компани 2015 онд байгуулагдсан байдаг. Байгуулагдаад удаагүй төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг 5 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон нь энэ. Эл компанийн эзэд нь МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар.

“Шинэхэн групп”-ийн гүйцэтгэх захирал Ж.Сансар нь МАН-ын засаглалын үед буюу 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байжээ. Үүнээс өмнө тэрбээр Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга болон хотын харьяа өөр агентлагийн даргаар ажилласан намтартай.

Мэдээж АСЕМ-аас өмнө төлөвлөсөн ажил хийгдээгүй. Гэсэн ч “Шинэхэн групп”-ийнхэн ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг Их тэнгэрийн амны хашаан дотор 7.4 га газрын барилгын суурийн цутгалтаа төмөр карказ болтол нь хөрөнгөө зарсаар байв. Энэ хүртэл 25 тэрбум төгрөг зарсан гэж Ж.Сансар хэвлэлд ярьсан удаатай.

Удалгүй Байгалийн түүхийн музейн газрын асуудал дэгдэж өнөөх “Шинэхэн групп”-ийн нэр дахин цуурайтав. Ингэхдээ хэдийнэ шүүхэд асуудал шилжиж, “Шинэхэн групп” компани 25 тэрбум төгрөг нэхэмжилжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан. Ахыг нь алж, дүүг нь аврах шийдвэр гаргалаа хэмээн тухайн үед төрийн бус байгууллагууд эсэргүүцэн, жагсаал хүртэл зохион байгуулж байсан удаатай. Гэвч У.Хүрэлсүх гаргасан шийдвэрээсээ буцаагүй.

Гэвч үйл явдлыг эргүүлэн тунгаавал ээлжит жүжиг төдий мэт. Дөнгөж байгуулагдсан компанид АСЕМ-ын ажлыг даатгасан. Ингэхдээ төрөөс тусгай хамгаалалттай газар нутгийг зааж өгсөн гэх. 2015 онд авсан газар эзэмших хугацаа 2020 онд дуусна. Мэдээж хэд хэдэн удаа сунгуулах боломжийг зааж өгсөн ч асуудал ихтэй.

 “Шинэхэн групп” компани товлосон хугацаандаа ажлаа дуусгахгүй нь эхнээсээ тодорхой байсан. Чухамдаа газрын асуудал ээдрээтэй байсаар АСЕМ-тай золгосон ч гэж хэлж болно. Тийн атал газар дээрээ үйл ажиллагаа явуулж, хөрөнгө гаргасаар байсан нь хачирхалтай. Шулуухан хэлэхэд, нөхөн төлбөр авахаа мэдэж байсан гэлтэй.

Энэ талаар Ц.Нямдорж УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа хуулийн байгууллагад хандсан байдаг. Тэрбээр “Яахаараа 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан компанид АСЕМ-аас өмнө амжуулаарай гэж тавдугаар сард зөвшөөрөл өгдөг юм. Амжихгүйг нь мэдсээр байж. Яг ингээд ирэхээр Монголд луйвар явагддаг байхгүй юу. Нэг шинэ компани байгуулаад тэрэндээ төр, засгийнхан юм өгөөд ирэхээр цаана нь танил тал, луйвар байдаг юм. Угаасаа барьж амжихгүй байхад газрыг нь өгөөд луйвар хийчихсэн юм байна гээд би асуудал тавьсан. Энэ асуудлыг шалгуулахад АТГ болон цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгосон” хэмээсэн юм.

Таван жилийн хугацаа дуусахаас урьтаж Засгийн газрын шийдвэрээр Байгалийн түүхийн музейг тэнд барихаар болсон нь ч анхаарал татна. Шүүхээс 18 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гарган тус компанид өгч Байгалийн түүхийн музейн сүндэрлүүлэхээр болж байлаа. Утасны үзүүрийг хөөх тусам өнөөгийн Ерөнхий сайд тодорч, олон асуулт хариулт нэхнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү