Өөрчлөлтийг өөрөөсөө л эхэлдэг


2018-11-14 14:24:30 0

Өөрийн бизнесийг эхлүүлэн амжилттай өсөж яваа зөгийчин бүсгүй Б.Номин-Эрдэнийн хэрхэн бизнесээ эхлүүлсэн түүхээс та бүхэнтэй хуваалцъя.

Түүний өвөө ямар ч үед хүн өөрийгөө аваад явах арчаатай байх хэрэгтэй гэж захидаг байжээ. Эмэгтэй хүн биеэ хамгаалж яагаад болохгүй гэж, миний охин киноноос харж байгаа биз дээ. Энэ хана руу цохиод үз хэмээн бага балчир байхад нь өвөө нь түүнтэй тоглодог байжээ. Өвөөтэйгөө тоглодог байсан тэр мөчүүд түүнд эмэгтэй хүүхэд гэж өөрийгөө хязгаарлах биш, илүү олон зүйлийг сурч хийж бүтээж болох юм байна гэсэн бодол төрүүлсэн гэдэг. Хожим нь ч өөрийгөө голохгүй аливааг даван туулах ёстой гэсэн бодол нь амжилт руу хөтөлсөн гэлтэй.

Түүний найз Н.Энхтуяа төсөл бичиж, Б.Номин-Эрдэнэ эдийн засгийн хэсэгт нь туслаад үзье гэж бодсон нь эцэстээ зөгийн аж ахуйн эрхлэхэд хүргэсэн байдаг. Тэрбээр дурсахдаа бид 2 нийлээд их мөрөөднө, юу хийх вэ, ямар санаа байна гээд л бие биесээ асуугаад ярьж өгнө. Энэ бүхний эцэст бидний мөрөөдөл ажил хэрэг болж чадсан юм.

Улмаар “Фореко” ХХК-ийг байгуулан Монгол Улсдаа зөгийн аж ахуй, газар тариалангаараа тэргүүлдэг Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг сонгон 2012 оноос үйл ажиллагаа явуулан “Тансаг” нэрийн зөгийн балыг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Б.Номин-Эрдэнэ ярихдаа, “Анх зөгийн аж ахуйн дээр очоод айгаад гар ч хүрч чадахгүй байсан. Сүүлдээ үүрийг нь янзлаж, хачиг хорхойноос цэвэрлэх, эмчлэх зэрэг ажлуудыг хийсээр нөгөө айх мэдрэмж ч байхгүй болж, зөгий бид 2 найз нөхөд шиг л болсон доо. Би зөгийн балыг бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй эрүүл хооллолтын нэг хэсэг гэж үздэг. Хүнсээр дамжуулан хүн эрүүл байх боломжтой гэдгийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Ихэнх эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дутуу үнэлдэг. Жишээлбэл, энэ жижигхэн охин юу чадах вэ, ганц хайрцгийн булан ч өргөж дийлэхгүй гэх маягтай ханддаг. Гэтэл би чинь хэдий нас залуу ч урдаа асар том зорилготой, тэрнийхээ төлөө ямар ч саад бэрхшээлийг туулна гээд өөртөө хэлчихсэн болохоор хайрцаг сав юу ч байсан өргөөд явчихдаг. Гол нь хийж байгаа зүйлээ хүнд хэцүү гэдгээр биш, өөдрөг гэгээлгээр бодож харахад бүх зүйл хөнгөн санагддаг.

Эмэгтэй хүнийг бизнес хийхэд дэмждэг цаг үед амьдарч байгаадаа баяртай байдаг. Энэ эмэгтэй юм байна, чадахгүй гэсэн үзэл бодол нийгэмд бараг арилсан гэж хэлж болох болжээ. Гол нь хэн юу хүсч байна, тэрийгээ л эхлэх судалгаагаа гаргаад зориглоод үзэхэд болох байх.

Бизнесээ эхлэх явцад мэдэхгүй зүйл маш их гардаг, гэхдээ өөрөө хичээгээд эрэл хайгуул хийх юм бол янз бүрийн арга хэмжээ, сургалтууд маш их болдог санагдсан. Гол нь бид өөрсдөө л хичээх ёстой. Өөрсдөдөө бид өөрчлөлтийн дуу хоолой болох ёстой” гэсэн юм.

Тэрбээр чөлөөт цагаараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээс суралцах, тэдний түүхийг унших, өөртөө хэрэгтэй зүйлийг нь авах дуртай гэв.

Бизнесээ эхлэхэд хүндрэл бэрхшээлтэй юу байв хэмээн сонирхоход тэрбээр, “Мэдээж хамгийн түрүүнд бид хоёрт бизнес эрхлэх туршлага байгаагүй тул мэдэхгүй зүйл маш их байсан. Компани байгуулах, ажлын байр олох, оюуны өмчийн бүртгэл, санхүү бүртгэл  гээд  шинэ ойлголтуудтай нүүр тулж суралцах шаардлага гарч байна. Одоо ч бид суралцаж өөрсдийгөө чадавхжуулах, үйл ажиллагаагаа сайжруулах гээд л хичээж явна. Сайн хайж, хийж байгаа ажлаа танилцуулж, зорилгоо хуваалцвал санаа өгөх, туслах санхүүжилт олох боломжууд байдаг юм байна гэж ойлгож авсан.

Бүтээгдэхүүний шошгоо бид анх дизайны гаргахдаа англи хэл дээр гаргаж хэвлүүлэн туршлагагүйтэж байлаа, шууд экспортын бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа мэт л. Мөн шошгын  өнгөө нарийн анхаарч хэвлэлийн компанитайгаа ойлголцоогүйгээс болж өөр өнгөтэй их хэмжээний шошго хэвлүүлсэн зэрэг алдаа гаргаж л байна. Гэхдээ аливаа асуудалд нэг нь шантарсан ч нөгөө нь дэмжиж, хоорондоо зөвлөлдөж ярилцан, алхам алхмаар урагшилж байна” гэсэн юм.

Одоогоор тэд бүтээгдэхүүнүүдээ Nature outlet жуулчдад зориулсан дэлгүүрээр, Alisa cheesecake кафед болон онлайнаар захиалга аван борлуулдаг.

Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ хоёр бидэнд “Хэн ч ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээг авахад хайнга хандсан, хааш яаш байвал сэтгэл ханамжгүй байдаг. Бидэнд ч мөн адил. Иймд бид өөртөө болон дотнын хүмүүстэй зориулж хийж байна гэж бодон сэтгэл гаргаж ажиллахыг хичээдэг. Мөн аливаа шинэ зүйлийг аль болох  туршиж үзэн оролдлого хийх нь илүү өгөөжтэй болохыг ойлгож суралцсан” гэсэн юм.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантарч цуцахыг мэдэхгүй тэмүүлсээр өнөөдөр энэ хоёр хөдөлмөрч бүсгүйчүүд 700 гр, 340 гр, 100 гр-ын савлагаатай зөгийн балын брэндийг бий болгожээ.

Мөн жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017 үзэсгэлэнгээс “Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд” шагнал хүртсэн бөгөөд тус оны 9 сард Хөх хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцон гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

 

Д.Эрдэнэсувд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү