Г.Нямпагма:Хүүхэддээ үнэлгээ хийлгэж, ямар чадвар нь хоцрогдолтой байгааг ч мэдэх боломжтой


2019-11-14 08:30:21

Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11.3 мянга буюу 10.6 хувь нь 0-17 насны хүүхдүүд гэсэн тоон мэдээлэл бий. Тэдний 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээр хүүхдэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зориулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг энэ оны тавдугаар сард байгуулсан билээ. Тус төв өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг.

Тус төвийн сэтгэлзүйч Г.Нямпагматай ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулагдаад таван сар болж байна. Энэ хугацаанд хичнээн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 0-18 насны бүх хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна шаардлагатай бол ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж ажилладаг. Миний хувьд аутизмтай хүүхэдтэй түлхүү ажилладаг. Аутизм дотроо хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг байгаа. Сонирхол бага, төвлөрөлт сул, хүнтэй харилцах харилцааны суурь чадвар байхгүй хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж, сургалт зохион байгуулдаг.

-Аутизмтай хүүхэд бусдын өөдөөс эгцэлж харж чаддаггүй тул нийгэмшихэд цаг хугацаа их шаарддаг гэж сонсч байсан?

-Нийгэмтэй харилцаа үүсгэж чаддаггүй, ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан байдаг. Нэг зан үйлээ олон дахин давтдаг хэл яриа болон булчингийн хөдөлгөөнүүдийн хувьд сул. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчноос мэдрэмж тасрахыг аутизм гэдэг. Мөн их ганцаардмал байдаг. Ер нь аутизм нь оюуны хомсдол, хэлгүй, дүлийдэл, Дауны хам шинжээс ялгаатай. Тиймээс сэтгэцийн эмч хүүхдийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандаж эрт илрүүлэх шаардлагатай. Хэдий  чинээ эрт оношилно, төдий чинээ тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, хэл ярианых нь хөгжлийг засах боломжтой болдог. Тэгэхээр аль болох хэлд орохоос нь өмнө, орж байхад нь оношилоод, орчинтойгоо харилцах харьцааг нь бий болгох нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэсэн үг.

-Талбай дээр болсон Хүн ам, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хүүхэд бүрт сорил явуулж харагдсан. Энэ ч мөн эрт илрүүлэгтэй холбоотой юу?

-Тэр өдөр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд биш ер нь хүүхэд бүрт үйлчилгээ үзүүлж ажилласан. Сэтгэлзүйчийн хувьд 0-18 насны бүх хүүхэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдүүдээр сорил хийлгэж, зөвлөгөө өгсөн юм. Ер нь өдөрлөгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор сэргээн засах, хүүхэд, чих хамар хоолойн эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч нар ажилласан. Хүүхдийн сэргээн засах үзлэг, нурууны төрх байдлын үнэлгээ, сонсголын бичлэг, хөдөлмөр заслын төхөөрөмж дээр үнэлгээ хийх, алхааны үнэлгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр нарийн мэргэжлийн эмч, сэргээн засалч, сувилагч нар 98 хүүхэд, иргэнд үзлэг оношилгоо хийсэн.  Байгуулагдаад удаагүй байгаа төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ сул орон тоонд нээлттэй ажлын байрыг мөн зарлаж, энэ талаар мэдээлэл өгсөн.

-Олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах үүднээс хүүхдүүдээр сорил хийлгэж байна гэж ойлгосон зөв үү?

-Тэр бол хүүхдийн оюуны хөгжлийн сорил юм. 3-4 насны хүүхэд оюуны түвшиний хувьд үзүүлж байгаа зургийг ойлгож байна уу, үгүй юу. 10-11 насны хүүхэд хэрхэн ойлгож байна гэх байдлаар зургаар хүүхдийн үнэлгээг хийж ажилласан юм.

-Жишээ нь, гурван дугуй, нэг гурвалжин дүрс гаргаад буруу дүрсийг ол гэж та хэлсэн. Тийн атлаа буруу дүрс байхгүй гэх байдлаар тайлбарлаж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Таны харж байсанчлан дүрсээс бурууг нь хасах гэсэн сонголт хийлгэдэг. Энэ сонголтод буруу хариулт байхгүй. Харин тайлбар нь буруу байх жишээтэй. Энд гурван дугуй, нэг гурвалжин дүрс бий. Хүүхэд гурвалжин дүрсийг хасах ёстой гэдэг. Гол нь яагаад хасч байгааг нь тодорхой асуух юм. Ингэснээр яагаад тэр дүрсийг хасч байгаагаа тайлбарлах чадвар тэр хүүхдэд бий эсэх, бусдад илэрхийлэх хэл ярианы чадвар, бодож байгаа сэтгэл мэдрэмжээ хуваалцах байдлыг давхар үнэлдэг.

-Манай хүүхэд бие нь томроод сэтгэлгээ нь багынхаараа байхын гэх үг эцэг, эхчүүдийн амнаас их гардаг. Тэгвэл энэ сорилыг хийлгэж болох нь тийм үү?

-Нийгэмшил, хэл яриа, хүүхдийн гарын булчин, том булчингийн хөгжил хүн бүрийнх өөр өөр. Ямар нэгэн байдлаар эрт, орой илэрлээ гээд тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг биш. 

-Энгийн хүүхдэд ч мөн нийгэмшлийн хоцрогдол бий. Тийм биз?

-Энгийн хүүхэд байсан ч нийгэмшлийн хоцрогдол бий. Үүнийг ч мөн дээрх сорилоор үнэлж болдог. Жишээ нь, 5 настай хүүхэд над дээр ирлээ гэж бодъё. Тэр хүүхэд 4 эсвэл 2 настай хүүхдийн түвшинд сэтгэн бодож байна уу гэдгийг тодорхой үнэлдэг.

-Хүүхэддээ үнэлгээ хийлгэсний ашиг тус юу байх уу гэж эцэг эхчүүд их асуудаг. Тэгвэл нэн тэргүүнд хүүхдийнхээ хоцрогдлыг мэдэж авах нь тийм үү?

-Үнэлгээ хийлгэснээр нэгдүгээрт, мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч тухайн хүүхэд ямар түвшинд байгааг тодорхойлж авна. Хоёрдугаарт, эцэг эхэд мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Танай хүүхэд иймэрхүү түвшинд хоцрогдож байна шүү, энэ тал дээр нь анхаараарай гэх байдлаар. Таны дээр хэлсэнчлэн манай хүүхэд 6 настай боловч хамаатны маань 3 настай хүүхэдтэй төстэй байна гэх байдлаар иргэд их ханддаг. Гол нь ямар чадвар нь хоцрогдож байна гэдгийг мэддэггүй. Иймээс үнэлгээ хийж, ямар чадвар нь хоцрогдолтой байгааг нарийн тогтоож өгдөг.

-Тэгэхээр танай байгууллага дээр эцэг, эх хүүхдээ дагуулаад ирэх боломжтой юу?

-Манай байгууллагатай хамтарч ажиллаж байгаа бүх хүнд энэ төрлийн зөвлөгөөг өгдөг. Мөн хүүхдийг нь үнэлэхийн зэрэгцээ эцэг эхтэй нь хамтран ажиллаж, тэдэнд ч мөн гэрийн даалгавар өгөх байдлаар ажилладаг. Гэртээ хүүхэдтэйгээ сайн ажиллаж, нийгэмшүүлэх, бусад хүүхдийн дунд оролцуулах тал дээр анхаарч ажиллахыг их зөвлөдөг. Учир нь ийм чадвар нь их дутмаг байдаг.

-Шаардлагатай бол ганцаарчилсан хөтөлбөр боловсруулж, тулж ажилладаг байх нь?

-Тиймээ. Хүүхдэд үнэлгээ хийж, эцэг эхэд мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн шаардлагатай бол сургалтын хөтөлбөр боловсруулна. Тухайн хүүхэд хэдий биологийн нас нь 6 боловч сэтгэхүйн болон хэл ярианы түвшин нь тодорхой хугацаагаар хоцрогдсон байх тохиолдол олон. Тиймээс 6 настай хүүхдийн түвшинд тохирсон сургалт, мэдээлэл өгөөд хүлээж авах боломж хомс. Иймээс түвшинд нь тохирсон сургалт боловсруулж, ажиллах нь чухал юм.

-Таны хувьд аутизмтай хүүхэдтэй түлхүү ажилладаг гэж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах боломжийг уг нь баталсан. Харамсалтай нь ажил хэрэг болох нь хойрго юм. Хамгийн сүүлд л гэхэд аутизмтай сурагчийг сургуулийн амралтад авч явахгүй гадуурхсан тохиолдол гарлаа?

-Хуульд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй 2 ч хүүхдийг авна гэсэн заалт бий. Харамсалтай нь амьдрал дээр энэ заалт хэрэгжиж байна уу гэвэл бас асуудалтай. Манай төвд үйлчлүүлж байгаа эцэг, эхээс ийм гомдол их гардаг. Хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт авахгүй байна гэж. Үүнээс болж сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхэд цөөнгүй бий. Үнэхээр харамсалтай.

-Хэдийгээр хууль эрх зүйн орчин бий ч жирийн хүүхдүүдтэй хамт сурах нь тэдэнд ч мөн хүнд тусахгүй юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тархины үйл ажиллагаа бага насандаа хамгийн идэвхтэй байдаг. Иймээс энэ үед нь нийгэмшүүлэх талаас нь зөв орчин бүрдүүлж, тохирох хичээлийг нь заавал тухайн хүүхэд хөгжих боломжтой ийм нас. Тэгш хамруулсангүй эсвэл хүндрэлтэй байна гэсэн хаалтнаас болж олон хүүхдийн сурч боловсрох эрх хаагддаг. Манай төв байгуулагдсанд эцэг эхчүүд их баярладаг. Хүүхдэд нь тохирсон орчин, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөгт талархдаг. Энэ ярилцлагыг уншсан хүмүүсийг ч мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр ирж үйлчилгээ аваасай гэж хүсч байна. Энд төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн гэр бүлийн сэтгэл зүйч бий. Хүүхэддээ үнэлгээ хийлгэж, ямар чадвар нь хоцрогдолтой байгааг ч мэдэх боломжтой. Ингэснээр хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, юу хийх гээд бүхий л төрлийн зөвлөгөө, мэдээллийг өгнө.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л бие даах чадваргүй, халамж хүртэгч мэтээр төсөөлдөг. Энэ хандлага хүүхдэд илүү хүнд байдлаар тусдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх ч үүнийг ойлгодоггүй?

-Яг тийм. Өчигдөрхөн нэг хүүхдийн ээж “Хүүе ээ манай хүүхэд юм сүвлээд байна” гээд гайхаж байсан. “Тийн шүү дээ” гэхээр “Би чинь хүүхдээ юу ч хийж чадахгүй гэж боддог юм” гэж байх жишээтэй. Ийм үнэлэмжтэй хүн олон бий. Танай хүүхэд хийж чадахгүй биш онцлогт нь тохируулсан сургалт чухал. Жишээ нь, бэрхшээлтэй хүүхдийг нэгдүгээр ангид ормогц шууд нарийн зурлага зуруулах нь бий. Магадгүй аутизмтай хүүхдийг зурлага зуруулбал сонирхол бага. Эсвэл нарийн үйлдэл хийхээс төвөгшөөдөг. Үүний оронд зурган байдлаар, 2 машин хооронд нь холбодог ч юм уу. Цэцэгний савыг цэцэгтэй холбох байдлаар тоглож байгаа мэдрэмж төрүүлж, зуруулаад байвал их дуртай. Өөрөөр хэлбэл, хүүхдэд тоглох мэдрэмж төрөх боловч тухайн чадвар нь хөгжиж байдаг. Энэ мэтчилэн тухайн хүүхдэд тохирсон сургалт, орчин үгүйлэгдэж байдаг.

-Магадгүй бие даан хөгжүүлэх тал дээр мэдлэг мэдээлэл хаана, хаанаа хомс байдагтай холбоотой байх?

-Өөрөө хөдөлгөөнөө удирдаж чаддаггүй хүүхдүүд бий. Авъя, хийе гэсэн зүйлээ хийж чаддаггүй үйлдлийн бэрхшээлтэй. Ийм хүүхдүүд аливаа зүйлийг өөрөө хийх  их хүсэлтэй. Жирийн бид зарим зүйлд залхуурдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө би өөрөө хийе гэсэн хүсэлтэй хүүхдийг хөдөлгөдөггүй. “Чи асгачихна, бэртчихнэ” гээд. Хараагүй хүүхдийг “Чи түлэгдчихнэ, наанаа зүгээр сууж бай” гээд хөдөлгөөнийг нь хорьдог. Энэ бол буруу. Хүүхдийн аюулгүйн орчныг бүрдүүлж хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Ингэхээр зарим нь хэт хүнд даалгавар өгчихөөд хийж чадахгүй болохоор нь шантардаг, сэтгэл санаагаар унадаг. Улмаар яршиг гээд дараагийн үйлдлийг нь хориглох жишээтэй. Хэн хэн нь сэтгэлээр унахгүйн тулд аливаа зүйлийг хөнгөнөөс нь хийх хэрэгтэй. Хүүхэддээ атгаж болохоор шоо өгөөд аяга руу хий гэдэг ч юм уу. Өнгө өнгөөр нь ялгуулсан ч болно. Би тиймэрхүү даалгавар их хийлгэдэг. Тухайн хүүхэд гүйцэтгэлээ сайн хийвэл магтаж, урамшуулах хэрэгтэй. Өөрийнх нь чадварт тохирсон даалгаварыг хийж гүйцэтгэснээр хүүхэд өөрөө өөртөө урамшиж итгэл төрдөг. Энэ үед нь эцэг, эх ч дэмжээд урамшуулах хэрэгтэй. Үүний дараа даалгаварыг арай хүндрүүлэх байдлаар хийлгэвэл нөөц бололцоо хүүхдэд их бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд та ихэвчлэн ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Ихэвчлэн сэтгэл зүйн хувьд хүүхдээ сайн бэлдэх хэрэгтэй гэсэн  зөвлөгөөг эцэг, эхэд өгдөг. Өөртөө итгэх итгэлийг нь эхлээд өгөх хэрэгтэй. Хүүхдэд хийж чаддаг зүйл заавал бий. Мэдээж олон зүйл байгаа. Гэхдээ нэг сайн чаддаг зүйлийг нь дэмжээд өгвөл боломж бололцоо их бий шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү