Д.Будзаан: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрсэн хүн үйлддэг


2020-03-28 11:39:43

 Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж 1949 онд байгуулагдаж, өдгөө 70 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ нэгж байгуулагдсанаар олон мянган хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн ажиллах болсон. Хэдийгээр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг ч төсөв мөнгө нь тийм ч хангалттай бус. Түүнчлэн цөөхөн байцаагчтай учраас хүүхэд бүрт хүрч ажиллах боломж хомс ч тэд гомдол хэлэхээсээ урьтаж, хийхийг эрмэлзэн ажилладаг. Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 53 алба хаагч ажиллаж байна.

Гэтэл Монгол Улс ерөнхий боловсролын 800 орчим сургууль, 1.2 сая хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн байцаагчид 12-15 сургууль, 20-25 мянган хүүхэд ногддог. Жилийн хугацаанд тухайн хүн 40 орчим хувьд нь л хүрч ажиллах боломжтой байдаг аж. Энэ нь хүн, хүчийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж буй юм. Гэхдээ хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь дан ганц цагдаагийн байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар хязгаарлагдахгүй. Холбогдох хууль, тогтоомжид зааснаар эцэг, эхчүүд эрсдэлт нөхцөл байдлаас хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хүүхдэд хохирол учирсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг.

Жишээ дурдахад, өнгөрсөн жил нэгэн эмэгтэй эцэг, эхийн хуралтай гээд таван настай хүүхдээ гэрт нь түгжээд явжээ. Хүүхэд цонхоо онгойлгож, тавцан дээр сууж байгаад унаж, нас барсан байна. Шүүхээс ээжид нь хорих ял оноожээ. Энд ээжид нь хариуцлага ногдуулж байгааг онцлох гэсэнгүй. Харин эцэг, эхчүүдийн хариуцлага юу юунаас эрхэм гэдгийг сануулах гэсэн хэрэг. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд, тэдгээрийн үр дүн, хууль, эрх зүйн орчны талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэн “Хүүхдээ хамгаалъя”, “Зөв тусгал” гэх мэт аянууд зохион байгуулж байсан. Ер нь урьдчилан сэргийлэх талаар багагүй ажил хийж харагддаг. Ямар үр дүн гарч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд бид “Зөв тусгал”, “Нэг хором”, “Unfreind” аянуудыг зохион байгуулсан. Энэ аянууд хэрэгжих хугацаанд улсын хэмжээнд гэмт хэрэг 10-60 орчим хувиар буурсан. Гэхдээ бууралтыг байнга барьж чадахгүй байна. Хүүхэд хохирсон гэмт хэрэг сүүлийн гурван жил арав, тав, гурван хувиар буурсан эерэг үзүүлэлт бий. Гэсэн хэдий ч жилд дунджаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.

Үүнд, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайд эд зүйлээ алдах, хүчиндүүлэх, зам тээврийн осолд өртөх гэх мэт хэргүүд орно. Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн дөрөв орчим хувийг хүүхэд үйлдсэн, хохирсон гэмт хэрэг эзэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо чухал.

-Тухайн аян өрнөж байгаа хугацаанд гэмт хэргийн гаралт буурдаг хэрнээ эргээд хэвийн хэмжээнд очдог гэлээ. Энэ юутай холбоотой вэ. Аяныг бүтэн жилийн хугацаанд өрнүүлж болдоггүй хэрэг үү?

–Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуульд заасан 240 гаруй төрлийн гэмт хэргийг харьяалан шалгадаг. АТГ, ТЕГ нийт гэмт хэргийн 10 орчим хувийг, үлдсэн 90 гаруй хувийг цагдаагийн байгууллага дангаараа шалгана. Энэ 240 гэмт хэргийн багахан хувь нь хүүхдийн гэмт хэрэг. Жилийн 12 сарын нэг сард нь хүүхдийн, бусад сард нь байгаль орчин, архидан согтууралт, гэр бүлийн хүчирхийлэл, цахим гэмт хэргийн эсрэг зэрэг аян өрнүүлдэг. Тэгэхээр бүтэн нэг жил хүүхдийн гэмт хэргийн эсрэг аян зохион байгуулах боломжгүй. Гэхдээ төлөвлөгөөнд тусгасан урьдчилан сэргийлэх ажлуудаа хийгээд явдаг.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогддог вэ?

-Жилд дунджаар 1000-1200 хүүхэд гэмт хэрэг үйлдэн, шалгагддаг. Нийт гэмт хэргийн 78 хувийг танхайрах, зодолдох буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгай, залилан мэхлэх, дээрэмдэх үйлдэл эзэлдэг.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэхээсээ илүү хохирогч болох нь элбэг байдаг юм билээ. Хүүхдийг хэн хохироогоод байна вэ?

–Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлддэг. Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан. Энд хүүхэд гэр бүлийн, боловсролын, эрүүл мэндийн, цахим, хэвлэл мэдээллийн орчинд хамгаалагдана гэж заасан. Эрүүл мэндийн орчинд эрүүл мэндийн ажилтнууд, боловсролын орчинд багш, сурган хүмүүжүүлэгчид, гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийн эрхийг хамгаална.

Гэтэл гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Ээж, аав, үрчилж авсан хүн, хойт эцэг, эх, ах, эгч, хамаатан нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлддэг. Хүүхдийг аливаа зүйлээр гачигдуулах, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, зоддог, дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүчинддэг гэх мэт. Үүнээс болж хүүхэд гэрээсээ дайждаг.

Хууль ёсны асран хамгаалагч нь байгаа нөхцөлд асрамжийн төвд өгөх гэхээр эрх зүйн үндэслэл нь бүрддэггүй. Нөхцөл байдлын үнэлгээ хийх зэргээр явсаар байтал хүүхдийн эрх зөрчигддөг. Улмаар хүүхэд давтан гэмт хэрэг үйлддэг. Хүүхдэд хохирол учруулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Хариуцлагын хэмжээ нөхцөл байдлаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг.

–Хүүхэд хүүхдийнхээ эсрэг ихэвчлэн ямар гэмт хэрэг үйлддэг вэ?

–Нийт гэмт хэргийн 4-5 хувийг хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг эзэлдэг. Ихэвчлэн нэгнийхээ эд зүйлийг залилах, хулгайлах, хүчиндэх гэмт хэрэг байна. МСҮТ, асрамж, халамжийн төв, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, шалгагддаг.

“БАГА НАСНЫ ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ХҮЧИНДСЭН ГЭМТ ХЭРЭГТ ТОРГОХ ЯЛ НОГДУУЛДАГ ГЭДЭГ НЬ ТАШАА”

-Урьдчилан сэргийлэх ажил хийснээр гэмт хэргийн гаралт буурлаа гэж та хэлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад, буурч байгаа биш, харин ч энэ төрлийн гэмт хэрэг өсөөд, үйлдэл нь хүндрээд байна уу гэж харагдаж байна?

-Том зургаар нь харвал, 18-20 насны залуучууд гэр бүл болж, аав, ээж болдог. Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүй, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Үүний улмаас гэр бүл салдаг. Өнгөрсөн онд л гэхэд 4000 орчим гэр бүл салсан судалгаа байна. Үүнээс болж 7000 орчим хүүхэд өнчирч үлдсэн. Хариуцлагагүй ээж, ааваас болж хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аливаа зүйлээр гачигдах, эрүүл байх, боловсрох, хөгжих эрх нь хангагдахгүй байна. Гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн аав, ээж салж сарнисан, хойт аав, ээжтэй, эцэг, эхийн хараа, хяналт сул байдаг. Улмаар гэмт хэрэг үйлдэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог.

-Танайх хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хүчиндэх гэмт хэрэгт дэлхийн бусад улс орон ямар бодлого, чиглэл баримталдаг, яаж урьдчилан сэргийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ялын бодлогоор хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцдог. Үүнээс хүмүүс айдаг, ичдэг болохоор ийм төрлийн гэмт хэрэг үйлддэггүй, жигшдэг. Хоёрдугаарт, хохирогчийг чадавхижуулдаг. Энэ үйлдэл бол хүчирхийллийн гэмт хэрэг, мэдээллэх юм бол буруутай этгээд хариуцлага хүлээнэ гэдэг. Манайх хохирогчийг чадавхижуулах сургалт, нөлөөллийн ажил, Эрүүгийн хуульд заасан ялын шийтгэлийн хэмжээг олон нийтэд таниулах ажлууд хийж байгаа.

Цахим сүлжээгээр бага насны хүүхэд, өсвөр насны охидыг хүчиндсэн гэмт хэрэгт торгох ял ногдуулдаг, ялгүй гэх мэт худал мэдээлэл тараадаг. Энэ бол ташаа, хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг. Бага насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс цааш 20 жил, бүх насаар нь хорьдог. Торгох ял ногдуулдаггүй.

-Хамгаалах ёстой хүмүүс нь хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг. Манайд хүүхэд хамгааллын хууль, эрх зүйн орчин хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд ХНХЯ-наас гарсан ажлын хэсэг ажиллаад, дүн шинжилгээ хийж байгаа. Энэ хууль Монгол хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүнтэй байсан, нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байна уу гэдгийг дүгнэнэ. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай хууль, үүнийг дагаж гарсан 50 гаруй журамтай. Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдээд орчихсон. Эрх зүйн талаасаа Монгол Улс батлах ёстой бүх хуулиа баталчихсан. Хэрэгжилт чухал байна. Багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, цагдаа, эцэг, эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Сургууль дээр гэрийн даалгавар хийсэнгүй гэж анги, хамт олных нь өмнө самбар дээр гаргаж загнадаг, цээрлүүлж, жигшүүлэх арга хэмжээ авдаг. Энэ нь эргээд хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. 2009 онд нэг хэрэг гарсан. Хан-Уул дүүгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч хөлбөмбөгийн багт явдаг байсан. Гэтэл багш нь дөнгөж сурч байгаа хүүхдийг “Чи муу байна” гэж багаас нь хассанаар хүүхэд амиа хорлосон байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ оройтож ирлээ, үгэнд орсонгүй гээд загнадаг, зоддог. Хүмүүжлийн эерэг арга хэрэглэхээсээ илүү хүчирхийллийн арга замыг сонгодог. Ийм хүмүүс хүүхэд хамгаална, хүмүүжүүлнэ гэдэг хүндрэлтэй. Бид жил бүр багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, цагдаа гэх мэт энэ чиглэлээр ажилладаг 6000 хүнийг хүүхэд хамгааллын сургалтад хамруулдаг.

-Хүүхэд хамгааллын олон байгууллага манайд байна. Эдгээр байгууллага хэр үр дүнтэй ажиллаж байна вэ. Хүрэх ёстой хүүхдүүддээ хүрч ажиллаж чадаж байна уу?

-Нээлттэй нийгэм форум, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагууд хүүхэд хохирч, холбогдож байгаа бүх хэрэг дээр дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Төрийн бус, олон улсын байгууллага гээд хүүхэд хамгааллын чиглэлээр Монголд 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дотор сайн нь ч, саар нь ч бий.

-Сүүлийн жилүүдэд хүүхэд алга болсон хэрэг цөөнгүй гарах болсон. Хэчнээн хүүхэд алга болж, хэдийг нь олоод байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд жилд 1000 гаруй хүүхэд сураггүй алга болсноор бүртгэгдэж, шалгагддаг. Цагдаагийн байгууллага 24 цагийн дотор 900 буюу 90 орчим хувийг нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгдөг. Үлдсэн 100 гаруй хүүхдэд эрэн сурвалжлах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд таван хүүхдийг эрэн хайх ажиллагаа явуулж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь багассан уу?

-2020 он гарснаас хойших эхний хоёр сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 46 хувиар, хүүхэд үйлдсэн гэмт хэрэгт 29 хувиар буурсан.

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод цагдаагийн байгууллагад хандахад үл тоодог, итгэдэггүй байдал гардаг?

-Ийм мэдээлэл гардаг. Гэхдээ бага насны хүүхдүүд 101, 102, 103 дугаарын утсанд зэрэг дуудлага өгөөд цагдаа, түргэн, гал командын аль нь түрүүлж ирэх вэ гэж тоглодог. Ийм тохиолдолд, аав, ээж, асран хамгаалагчид арга хэмжээ авдаг. Цагдаагийн байгууллага хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг алба хаагчдыг сургах, дадлагажуулах албан сургалт тогтмол хийдэг.

-Хэнтий аймагт хойт аавдаа хүчиндүүлсэн охины хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Цагдаагийн байгууллагаас нууц, далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, илрүүлэн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, холбогдох этгээдийг цагдан хорьж, хүүхдийг хамгаалах байранд хүргэсэн.

2018-2020 оны хооронд “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн үр дүн ямар байна вэ?

-“Хүүхэд хамгаалагч” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ хүүхдийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд энэ төсөл хэрэгжээд, хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан. Хүүхдээ хамгаалах үүрэгтэй гэдэг мэдээлэл эцэг, эхчүүдэд маш олон удаа хүрсэн. Эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдөж, эерэг үзүүлэлт гарсан байна.

-Сүүлийн үед сурагчид хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогдох боллоо. Өнгөрсөн онд л гэхэд 13 сурагч ийм хэрэгт холбогдсон байсан. Хүүхдүүдийг энэ хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?

-Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалах, бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, хэрэглэвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Жилд 200-300 хүн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шалгагддагийн тав орчим хувь нь өсвөр насны хүүхэд байдаг. Бид ХНХЯ, БСШУСЯ, ХЗЯ, СЭМҮТ-төй хамтран суурь судалгаа хийж байна. Олон улсын жишигт мансууруулах бодисыг иргэн Б хэрэглэсэн бол түүний эргэн тойрны хүмүүсийг хэрэглэсэн байх эрсдэлтэй гээд тэдгээрт урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Нийтэд хандсан мэдээлэл явуулж болдоггүй. Учир нь, мансууруулах бодисны талаар огт мэдэхгүй хүнд сэдэл өгөх магадлалтай. Судалгаа зургадугаар сард дуусна. Бид үүний дараа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энэ чиглэлийн мэдээллийг оруулж өгөх шаардлагатай юу, ямар нөлөөллийн ажил зохион байгуулах вэ гэдгийг шийднэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү