Ц.Ариунболд:Бага насны хүүхэд хүчиндсэн 134 хэрэгт хяналт тавьж ажилласан


2020-04-08 13:43:42

Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны эхний улирлын тайлангаа тавив. Энэ үеэр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд мэдээлэл танилцуулга хийсэн.

Тэрбээр “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр улсын хэмжээнд 317 прокурор ажиллаж байна. Жилд гэмт хэргийн шинжтэй 398 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны 460 хэрэгт хяналт тавьж ажиллаж байна. Жилдээ 80 орчим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн байгууллагад шилжүүлж байна.  

Энэ оны I улирлын байдлаар гэмт хэргийн талаар 21170 хэрэг, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүний

-          Хэрэг бүртгэл нээхээс татгалзсан 700

-          Хэрэг бүртгэл нээсэн 9717

-          Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан 322 хэрэгт хяналт тавьж байна.

Гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн. Хэрэг бүртгэлтийн 50515 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 5109 хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 7538 хэргийг хааж шийдвэрлэсэн байна.   

Мөрдөн байцаалтын 7298 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан дээрх хэргүүдийн 3816 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, 172 хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ.

Гэмт хэргийн улмаас 210 хүний амь нас хохирч, 5060 хүний эрүүл мэндэд хохирол учирч гэмт хэргийн улмаас 110.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 849 сая төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн.

Тус хэлтээс авлига, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон хүчирхийллийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар жил бүр тодорхой зорилт тавин ажилладаг.

Эдгээр хэргээс зарим тоон мэдээллээс дурьдвал:

-          Авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.

-          Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 107 хэргийн 41 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлсэн.

-          Авлига албан тушаалын гэмт хэргийн эцэслэн шийдвэрлэлт 2019 оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 4 хувиар өссөн дүнтэй байна.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор хяналт тавьж ажилласан. Энэ нь өмнө оныхоос 5.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь нийслэлд,  20 хувь нь орон нутагт гарсан байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг 592 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оныхоос 43 хувиар өссөн. Эдгээр хэргээс 76 хэргийг хааж, 81 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Хүүхдийн эрхийн эсрэг 39 хэрэгт хяналт тавьж ажилласнаас өмнөх оныхоос 13 хувиар буурсан. Мөн бага насны хүүхэд хүчиндсэн 134 хэрэгт хяналт тавьсан нь өмнө оны мөн үеэс 8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Дээрх 134 хэргийн 14-ийг хааж, 35 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн 43.2 хувийг нийслэлд, 56.7 хувийг орон нутагт үйлдэгдсэн байна” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү