Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах шийтгэл гэж юу вэ ?


2021-01-12 10:27:42

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага сүүлийн үед нэмэгдэх болсон билээ. Өчигдөр гэхэд 92 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэгчийг баривчлах шийтгэлийн процессийн талаар танилцуулья.

Гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээд гэж хэн болох, гэр бүлийн хүчирхийлэл ямар хэлбэрээр илэрдэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар бүр тодруулбал Зөрчлийн тухай хуулиар албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг талаар иргэд харьцангуй сайн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Тэгвэл баривчлах шийтгэлийг юуны үндсэн дээр, яаж хэрэгжүүлдэг талаарх мэдээллийг энэ нийтлэлээр хүргэе.

Зөрчлийн шийтгэлийн гол зорилго нь энэхүү үйлдэл нь буруу, сөрөг нөлөөтэй хэмээх сануулгыг нийтэд өгөх эсхүл зөрчил үйлдсэн этгээд дахин зөрчил гаргахгүй байхад нөлөөлөх буюу зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн хүнээр заавал өөрийн буруу үйлдлийг дүгнүүлэх, цэгнүүлэх мөн түүнээс болж өөрөөр нь эсхүл эд хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэх, зөвхөн нэг тал нь хохироод нөгөө тал нь хохирол учруулаад явахтай тэмцэх буюу шударга ёсыг тогтоох байдаг. Эдгээр зорилгууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд баривчлах шийтгэл оногдуулахад мөн л адил тавигддаг.

Хүчирхийлэл үйлдэгдсэн л бол цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай талаар ихэнх хүмүүс мэддэг. Гэвч эцсийн шийдвэр гаргах буюу хариуцлага хүлээлгэх эрх мэдэл Монгол Улсын Эрүүгийн шүүхэд байдаг. Цагдаагийн байгууллага нь өөрөө хүчирхийлэл үйлдэгч нарт хариуцлага оногдуулахад шаардлагатай нотлох баримт мэдээллийг цуглуулах үүрэг гүйцэтгэдэг буюу өөрөөр хэлбэл шүүх оновчтой, хууль ёсны шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг байгууллага юм.

Ихэнхи хүмүүс баривчлагдах, саатуулах гэсэн 2 ойлголтыг адил төстэй гэж ойлгоод байдаг. Гэвч саатуулах гэдэг нь өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад холбогдогч /зөрчил үйлдсэн байж болзошгүй этгээд/-ийн хувийн байдлыг тогтоох эсхүл архидан согтуурсан байдалтай байгаа үед бидний хэлдгээр “эрүүлжүүлэх”-ээр тодорхой заасан хугацаатайгаар тухайн хүний хөдөлгөөнийг хязгаарладаг үйл ажиллагааг ойлгодог. Тийм учраас баривчлах шийтгэлийн үндэслэл нь тухайн хүний зөрчилд шалгагдаж байгаа гэдэг факт биш харин шалгагдаж дуусаад зөрчил үйлдсэн нь нотлогдсоны үндсэн дээр Эрүүгийн хэргийн шүүхээс гаргаж байгаа шийдвэр байдаг.

Хугацааны хувьд хуулинд заасны дагуу 7-30 хоног гэж заасан байгаа нь баривчлагдах хугацааг шүүх тухайн хэргийн нөхцөл байдал болон өөрийн дотоод итгэл, үнэмшилд үндэслэн дээр заасан хугацаан дотор баривчлуулахаар тогтооно хэмээн ойлгож болно.

Баривчлах шийтгэл нь мөн субьектын хувьд онцлогтой байна. Ерөнхий журмаар 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай буюу өөрөөр хэлвэл өөрийн хийж буй үйлдлийг ойлгож ухамсарлах, өөрийгөө удирдах чадвартай хүн байхаар заасан. Гэхдээ энэ журам нь тухайн хүний онцлог шинжээс үүдээд өөрчлөгдөж болно. Жишээ нь жирэмсэн эмэгтэй, 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй байхаар заасан байдаг. Гэхдээ энэ нь тухайн этгээдүүдийг хариуцлагаас чөлөөлж байна гэсэн үг биш харин баривчлагдах байсан хоног тус бүрт 15,000 төгрөгийн торгууль төлөх үүрэг хүлээлгэнэ. Өөрөөр хэлвэл 25 хоног баривчлагдах байсан бол түүний оронд 375,000 төгрөгийн торгууль төлнө гэсэн үг юм.

Мөн саатуулагдсан этгээдийн саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулж тооцдог журамтай байдаг. Өөрөөр хэлвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө 24 цаг буюу 1 хоног саатуулагдсан, шүүхийн шийдвэрээр 25 хоног баривчлах шийтгэл оногдуулсан бол саатуулагдсан 1 хоногийг хасаад нийт 24 хоног баривчлагдана гэсэн үг юм.

Ийм журмаар баривчлах шийтгэлийн хугацаа болон хэлбэр өөрчлөгдөх боломжтой байдаг.

Шүүхийн шийдвэрээр тухайн этгээдэд баривчлах шийтгэл оногдууллаа тэгэхээр мэдээж энэхүү шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж хариуцаж эхэлдэг. Энэхүү байгууллага нь бүхий л эрх зүйн салбарын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, биелүүлэх ажиллагааг явуулдаг бөгөөд тэр ч утгаараа шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг бататгаж өгөх чухал үүрэгтэй байгууллага юм.

Энэхүү байгууллага нь баривчлах шийтгэлийг зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах төв буюу баривчлах байранд байрлуулж гүйцэтгэхээр заасан байдаг. Энэ төв нь тухайн шийтгэлд тохирсон олон улсын стандартад нийцсэн зориулалтын өрөө, тасалгаатай, харуул хамгаалалттай, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэгтэй байхаар хуульчилсан байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулах баривчлах шийтгэлд нэг онцлог байдаг нь баривчлагдах байранд байх хугацаандаа албадан сургалтад хамрагдахаар зохицуулж өгсөн байдаг. Албадан сургалт нь хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт байдаг бөгөөд гэр бүлийн харилцаанд гарч буй аливаа маргааныг эвийн журмаар, тайван аргаар шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Мөн баривчлагдаж байх хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ 7 хоногт 1 удаа нэг цагийн хугацаатайгаар уулзах, илгээмж авах, эсхүл захидал хүргүүлэх, 5 минутаас илүүгүй хугацаагаар утсаар ярих зэрэг харилцаа холбооны үйл ажиллагааг өөрийн зардлаар хариуцан хэрэгжүүлэх боломжоор хангагддаг.

Ийм маягаар төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж дотны хүнээ хүчирхийлсэн /энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр олон давтагдаагүй, эсхүл хохирогчийн бие эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй бол/ тохиолдолд харьцангуй хөнгөн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг аль болох эвлэрүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, дахин хүчирхийлэл үйлдэхээс сэргийлэх зорилготойгоор арга хэмжээг авдаг. Харин нөгөө талаас зөвхөн хууль болон хууль хүчний байгууллагад даалгах нь хангалтгүй харин хувь хүн өөрөө нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх энэхүү үйлдлийг жигшиж, зайлсхийх шаардлагатайг, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг үл ойлголцол гарсан тохиолдолд ярилцаад шийдвэрлэдэг, сэтгэл хөдлөлөө зөв аргаар илэрхийлдэг болж байж гэр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэж чадна гэдгийг сайн ойлгож, хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү