Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хүүхдийн өрөө”-тэй боллоо


2022-06-01 12:11:03

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчдын 160 гаруй хүүхдэд Хүүхдийн эрхийн тухай хууль танилцуулах сургалт, хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажлын байртай танилцуулах арга хэмжээг өчигдөр /2022.05.31/ зохион байгууллаа.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхдийн өрөөг нээж, анхны зочидоо хүлээж авсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Мөн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай 03 дугаар тогтоолд Байгууллага бүр дэргэдээ Эцэг эхийн зөвлөлтэй байх, хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхдийн хөгжлийн танхим байгуулах чиглэлүүдийг тусгасан байдаг. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн А/04 тушаалаар хэлтэс, алба бүрийн төлөөлөл бүхий “Тамгын газрын Эцэг эхийн зөвлөл” байгуулагдаж, жилийн ажлын төлөвлөгөөнд  “Хүүхэд хөгжлийн танхимыг байгуулна” гэж тусгасан нь ийнхүү биеллээ оллоо.

Хүүхэд хөгжлийн танхимын нээлтэд Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа нар болон бусад хэлтэс, албадын дарга нар, албан хаагчид, хүүхдүүд оролцлоо.

Нээлтийн үеэр Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлэхдээ “Энэ өдрөөс хойш Баянгол дүүргийн Засаг дарга Тамгын газрын албан хаагчдын нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн эцэг, эхчүүд сэтгэл тайван ажлаа хийх боломж нөхцөл бүрдэж байгаад таатай байна. Энэ өрөөг цаашид илүү сайхан болгоод, аюулгүй байдлыг хангаад явахад та бүхний оролцоо, үүрэг чухал” гээд Хүүхдийн өрөөнд номнууд бэлэглэсэн юм.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү