Гейша бол биеэ үнэлэгч биш ч гэрээний дагуу нууц амраг болж, хүүхэд төрүүлэх эрхтэй


2016-06-03 20:27:10 0 2813
Гейша гэж хэн бэ. “Гейша” гэдэг нь урлагийн хүн гэсэн утгатай үг бөгөөд үйлчлүүлэгч зочдоо бүжиг, дуу болон цайны ёслол, яриа хөөрөөгөөрөө зугаацуулдаг Японы уламжлалт жүжигчдийн нэр ажээ. Гейшагийн соёл Японы Киото хотноо XVII зуунд үүсчээ. Анх гейшагийн дүрд кабуки театрын эрэгтэй жүжигчид хувирдаг байснаа хожим энэ мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүд эзэмших болсон байна.
 
XIX зуун бол гейша нарын алтан үе, чухамдаа тэд л яруу найрагч, зураачдын оюун санааны од, онгод нь болж байжээ. Тэр цагт гейшагийн соёлын хатуу дэг жаяг тогтсон нь өнөөдрийг хүртэл өөрчлөлтгүйгээр уламжлагдан ирсэн байна.
 
Гейшагийн хөдөлмөр, аж байдал
 
Гейша нар Японы уламжлалт зоогийн газруудад ажилладаг. Тэд үдэшлэгт ирсэн зочдыг /эрчүүд/ хөгжөөн, тэдэнтэй сээтэгнэх авч өөрийн бахархал, үнэ цэнээ алдах ёсгүй. Гейша хөдөлмөрөө цагийн хөлсөөр үнэлүүлдэг. Авьяаслаг зарим нь олны өмнө хөгжим тоглон, дуулж бүжиглэх бөгөөд энэ нь тэдний амжилтад хүрч алдарших гол үзүүлэлт аж.
 
Охид ба гейша
 
 
Бяцхан охидыг голдуу ядуу гэр бүлээс худалдан авдаг байсан бөгөөд гейша нарын гэрт зарцалж, дараа нь ирээдүйн мэргэжлийг зааж сургах гол гейшагийн туслахаар ажиллуулна.
Охид ардын хөгжим, дуу, бүжиг, цайны ёслол, цэцгийн урлал, уран бичлэг зэрэгт суралцах ёстой. Ахимаг настай гейшаг харж хандах хугацаандаа сурагч охид хувцас сонгох, кимоног зүй зохисын дагуу өмсөж хэрэглэх болон харилцан ярианы урлагт шимтэж, зочдоо хөгжөөн баясгах дадлыг эзэмшдэг.
Сурагчдыг 11-15 настай болох үест тэдэнд шинэ нэр өгч бага гейша болгодог. Энэ цагаас охид бага гейшагийн ёсоор хувцаслаж, үс зүсээ янзалж эхэлнэ. Түнчлэн жинхэнэ гейша нараар зуучлуулан үйлчлүүлэгч зочидтой нь танилцах үе. Алдар нэртэй болох тусам чинээлэг эрчүүд, сайн үйлчлүүлэгчдээр хүрээлүүлэх тул авьяас чадвараа хөгжүүлэх ёстой болно.
Бага гейшагийн сургалт дуусахад үсээ жинхэнэ гейшагийн засалтаар самнахыг охидод зөвшөөрдөг.
 
Эрчүүд ба гейша
 
Гейша 18 нас хүрмэгц бие даан ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, сонгосон эртэйгээ гэрээ байгуулж нууц амраг нь болох бөгөөд хүүхдийг нь төрүүлснээр уг гэрээ төгсгөл болох учиртай. Бүсгүйтэй янаг амрагийн харилцаа тогтоосон эр гейшагийн байр, хоол, хувцас, хэрэглэлийн бүхий л зардлыг төлөхийн зэрэгцээ алдар нэрийг нь өсгөх нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Гейша болгон нууц амраг болох албагүй ч эр хүний дэмжлэггүйгээр амжилтад хүрэх магадлал тун бага аж.
 
Орчин үеийн гейша
 
Өдгөө олон гейша Киотод окия буюу гейша нарын уламжлалт байшинд амьдарсаар буй. Гэвч Токиод байдал арай өөр. Чухамхүү нэлээд бийлэгжүү, хараат бус гейша нар нийслэлд ажиллаж амьдрахыг хүсдэг байна. Харин энэ мэргэжлийн уламжлалыг хатуу чанд хадгалсаар ирсэн газар гэвэл Киотогийн нэр хүнд бүхий Гион, Понто-тё дүүргүүд аж.
 
Орчин цагийн Японд жинхэнэ гейшагийн тоо тийм ч олон биш. 1920-иод онд 80 мянга гаруй гейша тоологдож байсан бол одоо 1000 орчим л бий. Тэдний 100 гаруй нь Киотод амьдардаг. Киотогийн Гион дүүрэгт гейшагийн хувцас өмссөн орлон тоглогчид олонтаа таарах бөгөөд гадаад, дотоодын жуулчид тэдэнтэй заавал зургаа авахуулдаг уламжлал тогтжээ.
 
Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны соёлын “колоничлол” хүч түрэн орж ирсний улмаас Японы язгуур соёлын, тэр дундаа гейшагийн орон зайг хумисан байна. Үндэсний урлаг соёлоо хадгалан үлдээхийн тулд Японы өнгөрсөн үеийн дэг жаягаар амьдрахыг хүссэн цөөн бүсгүй л орчин үед гейшагийн мэргэжлийг сонгож буй.
 
Гейша ба Янхан
 
Гейша бол янхан биш. Японы зугаа цэнгээний бизнест гейша болон биеэ үнэлэгчийг үзэх байр суурь ялгаатай. Түүх ч үүнийг илтгэнэ. Биеэ үнэлэгчид кимоногийнхоо бүсийг урд талдаа ердийн уяагаар зангиддаг бөгөөд энэ нь өдөрт олон удаа өмсөж, тайлдагтай холбоотой байж. Харин гейшагийн бүс ардаа нэлээд төвөгтэй зангилаатай байх агаад хөндлөнгийн тусламжгүйгээр тайлах боломжгүй.
 
Гейша бол эмэгтэй хүний төгс төгөлдөр шинжийг илтгэгч, Японы нийгмийн бахархал байсаар ирсэн нь түүний ажил үүрэгт секс үйлчилгээ ордоггүйтэй холбоотой. Гейша хэн нэгэнд энгэрээ нээнэ гэдэг өөрийнх нь дур хүслийн хэрэг аж.
 
Гейшаг биеэ үнэлэгч мэтээр ойлгох явдал дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ Япон руу довтолсон цагаас эхтэй. Америк цэргүүд залуу япон охидын биеийг үнэлэхдээ тэднийг “гейша” хэмээн нэрлэдэг байжээ. Охид мөнгө олохын тулд өөрсдийгөө ийн танилцуулдаг байсныг үгүйсгэх аргагүй.
 
Гейша ба гадаад урлаг
 
ХХ зууны сүүлчээр гейшагийн дүр төрхийг барууны нийтийн урлагт хувилах болов. Зөвхөн япон үндэстний ухаж ойлгох гүнзгий соёл, уламжлалын илрэл болсон энэхүү мэргэжлийг сонирхох гадаад ертөнцийн түрлэг өсөн нэмэгдсэний улмаас гейшагийн тухай ном бичиж, кино хийж санааг нь амраалаа.
 
“Гейшагийн дурсамж” роман бестселлер болох хүртэл бурууны зохиолчдын дүрслэн өгүүлсэн гейшагийн амьдрал бодит байдлаас хол зөрүүтэй байв. Тэд Японы түүх болон гейшагийн мэргэжлийн тухай мэдлэггүйгээр, зөвхөн барууны соёлын хүрээнд өсч хүмүүжсэн уншигчдынхаа сонирхолд нийцүүлэн ташаа ойлголт төрүүлэх бүтээлүүдийг хийж байжээ.
 
Buzznews.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү