П.Алтанцэцэг: Уургийн болон витамины бэлдмэлийг замбараагүй хэрэглэх нь тархины цус харвалтаар өвдөх эрсдэл үүсгэж байна


2018-12-05 14:03:08

Тархины цус харвалтаар манай улс дээгүүр байранд бичигдэж байна. Дэлхийн дунджаас даруй дөрөв дахин их байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэр тусмаа энэ өвчин залуужиж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эл өвчнөөс хэрхэн сэргийлэх, юунаас үүдэж ихсэж байгаа талаар Шастины төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Манай улсад тархины цус харвалт ихсэж байгаа гэсэн тоон мэдээлэл гарчээ. Юунаас болоод энэ өвчлөл ихсэж байна вэ?

-Улсын клиникийн гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Мэдрэлийн төв” гэсэн бие даасан тасаг үйл ажиллагаа явуулж байна. Энэ төв нь Монгол Улсад мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх, мөн мэдрэлийн эмгэгийн хамгийн түгээмэл тохиолддог тархины судасны өвчин буюу харвалтаас шалтгаалсан эмгэгүүдийг эмчлэхэд эмийн болон мэс заслын эмчилгээг хийдэг. Дэлхий дахинаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж байгаа тархины харвалт өвчнийг 2000 оноос өмнө өндөр настнуудын өвчин гэж нэрлэдэг байсан бол 2000 оноос хойш харвалт гэдэг өвчинд нас хамааралгүй болж ямар ч хүн энэ өвчнөөр өвчлөх болсон. Монгол Улсын хувьд харвалтаар өндөр өвчлөлтэй орны тоонд багтаж байна.

-Монголын хувьд харвалт өндөр байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Хувь хүнээс болон нийгэм хамт олон эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалж байна. Юуны өмнө эрүүл зөв хооллолт, хөдөлгөөний дэглэм буюу ажил амралтын дэглэмийг зохицуулах, артерийн даралт буюу цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв ийм өвчтэй бол эмээ тогтмол ууж даралтыг хэвийн хэмжээнд байлгах нь хамгийн чухал. Сүүлийн гурван жилд манай эмнэлгээр 4480 тархины цочмог харвалт өвчинтэй иргэд үйлчлүүлсэн бөгөөд үүний 30 орчим хувь нь тархины хагалгаанд орсон. Нас баралт 16.5 хувьтай байна. Халдварт бус өвчний нас баралтаар тархины харвалт хоёрдугаар байранд ордог. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа тархины харвалт гэх өвчнийг чимээгүй тахал гэж нэрлэж байна. Номхон далай, баруун эргийн орнуудаар тархины харвалтаас шалтгаалсан өвчин нас баралтаараа тэргүүлж байна. Улаан бүсэд буюу онцгой анхаарах бүсэд багтсан. Тиймээс улсын клиникийн гуравдугаар төв эмнэлэг тархины харвалтаас сэргийлсэн олон ажлыг зохион байгуулж байна. Эмийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт мөн мэс заслын эмчилгээг бүсийн түвшинд хийж байна. Манай эмнэлэг улсдаа ганцхан байгаа учраас ачаалал өндөр байдаг. Тиймээс эмч мэргэжилтнүүдээ сургаж, чадваржуулах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна.

-Тархины цус харвалт өвчин илүү их залуужиж байгаа талаар та хэлсэн. Энэ юунаас болж байна вэ?

-Тархины цус харвалтад 35 нас хүртэлх насны залуучууд өртөөд байгаа нь маш эмзэг байна. Манайд хамгийн залуу нь 16 настай хүүхэд өвчилсөн. Харвалт гэдэг өвчний хувьд үхэх магадлал өндөртэй, хөдөлмөрийн чадвар, өөрөө өөртөө үйлчлэх чадвар алдалт өндөртэй. Ер нь айл гэрт нэг хүн харвалт өгөхөд тэр айл сэтгэл зүй, эдийн засгийн байдлаараа хүнд  байдалд ордог. Эрүүл саруул ажилдаа гарсан хүн харвалт өгөөд орой нь ухаангүй болж хэвтэрт ороход тухайн гэр бүл цочирдож, хүнд нөхцөлд ордог. Үүний гол шалтгаан бол архи тамхины замбараагүй хэрэглээ, ажил амьдралын дэглэм алдагдсан, амьдралын буруу хэвшил их байгаагаас хамааралтай. Тухайлбал, их орой унтаж байна. Түүнчлэн сүлжээний болон биеийн тамир, дасгалтай хамт хэрэглэдэг уургийн бэлдмэл, витамины бэлдмэлийг замбараагүй хэрэглэх, жирэмснээс хамгаалах эмийг эмчийн хяналтгүй дур мэдэн хэрэглэснээс болж тархины цус харвалтаар өвдөх эрсдэл үүсэж байна.

-Сүүлийн үед залуучууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон. Тэр тусмаа биеийн тамир, спортоор хичээллэх үедээ уургийн бэлдмэлийг хэрэглэдэг нь их муу байх нь ээ?

-Уургийн бэлдмэлийг нарийн шинжилгээний үндсэн дээр дутагдаж байгаа эрдэс бодис, уургаа нөхнө үү гэхээс хэвийн үйл ажиллагаатай явж байгаа бие организмд шууд хэрэглэх нь хор болно гэдгийг залуучууд, ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. Залуучууд фитнесс, жемд их явдаг болсон. Гэхдээ хөдөлгөөний дутагдлаа арилгахдаа биед илүү хуримтлагдсан илүү энергээ зарцуулж байгаа болохоос уураг эрдсийн дутагдалд ороод байгаа биш. Тэгэхээр нарийн шинжилгээ хийлгэж, эмчийн хяналтанд эм бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй. 

-Фитнессээр хичээллэгсэд уургийн бэлдмэлээ мэргэжлийн эмчээс бус багшаасаа зөвлөгөө авч хэрэглэдэг нь буруу чиг хандлага гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Маш буруу. Тухайн хүнд биеийн жингийн индексээс эхлээд цусанд, биед байгаа минерал эрдсийг нарийн үзэж, оношилж байж уургийн бэлдмэл, витаминыг хэрэглэх хэрэгтэй. Хүн өөртөө ямар эрдэс бодис дутагдсан, ихэдсэнийг мэдэх боломжгүй. Тиймээс заавал шинжилгээ хийлгэж байж хэрэглэх хэрэгтэй.

-Тархины цус харвалтаас хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Цус харвалт нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюултай. Тархины цус харвалт үүсгэх олон нөхцөл байдаг. Үүнд зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, тархины гэмтэл, зүрхний өвчин хэм алдагдал, цусан дахь сахарын хэмжээ багасах, чихрийн шижин, архи хэтрүүлэн хэрэглэх, нойрсуулах эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйлсээс гарах, эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ, хавдар, менингит мэтийн тархины халдвар гээд олон бий. Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг бөгөөд амьдралын зөв хэвшлийг эрхэмлэж, дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ тохирох хэмжээнд нь барих, давсны хэрэглээгээ хянах, тамхинаас татгалзах, зөв хооллосноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү