Х.Баделхан: Одоогоор түрээсийн байрыг өмчлүүлэх асуудлаар шийдвэр гараагүй


2018-12-05 14:45:45

Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталсан. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болгон нэмэгдүүлэхээр болсон. 

 

Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох бөгөөд метр квадратын өртөг нь 1,3 сая орчим байхаар төлөвлөжээ. Харин орон сууцыг ашиглалтад орсны дараа түрээс хэлбэрээр иргэдэд олгох эсэх асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх юм байна.

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүллээ. Зах зээл дээрх зарцсан орон сууцнуудыг хөдөлгөөнд оруулахын тулд шийдвэрлэсэн алхам гэж үзэж болох уу?

Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөнгөлттэй зээлийн журам баталсан. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьсны дагуу энэхүү журам батлагдлаа.  Өмнө нь манай яам болон Сангийн яам хамтран судалгаа гаргаж, ажлын хэсэг ажилласан.  Энэ удаагийн өөрчлөлтөд анх удаа орон сууц авч байгаа иргэд, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орон сууц,  гэр хорооллын амины орон сууцыг хамруулахаар болсон.

Амины орон сууц хэдэн метр квадрат талбайтай байхаас эхлээд шалгуурууд бий байх. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Амины орон сууц нь 120 метр квадрат байх бөгөөд 60 хүртлэх сая төгрөгийн зээл олгоно. Мөн зээлийн эх үүсвэрийн хэмжээг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өмнө нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг  банкуудад олгож байсан бөгөөд Монголбанкны эргэн төлөлтийн эх үүсвэрийг нэг хувь болгож бууруулсан учраас зээлийн хүртээмж нэмэгдэхээр болж байна.

Зээлийн урьдчилгаанд өөрчлөлт орох уу. 30 хувийн болзлыг хангах хэр олон иргэн бий гэж тооцож байгаа вэ?

Зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээрээ байхаар тогтсон байна. Ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр иргэдийн зээл авах нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий

Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ?

Зах зээл дээр ойрын хэдэн жилд 35 мянган орон сууц ашиглалтад орохоор тооцож байна. Яг өнөөдрийн байдлаар 60-70 мянган барилга баригдаж байна. Жилд 15 мянга орчим зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал эрэлт, нийлүүлэлт тэнцэх боломжтой гэж харж байгаа.

972 айлын орон сууцыг түрээсээр олгох ажлыг хэзээнээс эхлүүлэх боломжтой вэ?

972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээслэх, хэдэн хувийг борлуулах вэ гэдгийг эцэслэн тодорхойлоогүй байгаа. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тодорхой хувийг түрээслэх шийдвэр гарах байх.

Түрээсийн байрыг өмчлүүлэх үү?

Одоогоор түрээсийн байрыг өмчлүүлэх асуудлаар шийдвэр гараагүй. Гэхдээ цаашид гаргана.

Арилжааны банкууд дээр ипотекийн зээл олгож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа. Иргэдийн зүгээс ипотекийн зээл олгохгүй байна, зөвхөн арилжааны банкуудтай гэрээтэй компанийн байрыг олгох байдлаар үргэлжилж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Журам гарахаар ипотекийн зээлийн цар хүрээ нэмэгдэх үү?

Ипотекийн журам батлагдсанаар арилжааны банкуудтай Монголбанк гэрээ байгуулна. Тиймээс арилжааны банкууд энэ журамд захирагдана. Өмнө нь ипотекийн санхүүжилт олгож буй банкууд энэ журамд захирагддаггүй байсан. Одоо хэрэв журам зөрчвөл тухайн арилжааны банктай хариуцлага тооцно. Иргэн орон сууцаа  болон банкаа сонгох эрх нь нээлттэй байгаа.

Журам хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?

Баталсан журам мөрдөх ажлыг Монголбанк гардан хийж, арилжааны банкуудтай гэрээгээ хийж эхэлнэ. Монголбанк ямар банкаар дамжуулах вэ гэдгээ шийдээд, журам хэрэгжээд явна.

Арилжааны банкууд ипотекийн зээлд удахгүй оруулж өгнө гээд олон иргэнийг өндөр хүүтэй зээлд хамруулсан байдаг. Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ?

Өндөр хүүтэй зээл авсан иргэн, банк хоёрын хоорондын асуудал.

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах асуудлыг судалж байгаа гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч энэ удаагийн журмаар хүү, урьдчилгаа аль аль ч буулгасангүй?

Бид энэ чиглэлд судалгаа хийсэн. Одоогийн байдлаар түрээсийн  орон сууцанд хамрагдах хүсэлтэй 40 гаруй мянган иргэн байна. Харин ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 34 мянган иргэн байгаа юм. Хүмүүсийн эрэлт өндөр байна. Өнөөдөртөө ОУВС-тай хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ журмыг эргэж харна.

Арилжааны банкууд хүүгээ түрүүлж авдаг, үндсэн зээлээс хасагдахгүй байна гэдэг асуудлыг хүмүүс маш их шүүмжилдэг. Энэ чиглэлээр журамд шийдэл оруулсан уу?

Журамд энэ асуудлаар тусгаагүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү