Д.Сүхтулга: Х.Мандахбаяр үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа бололтой


2019-08-12 09:45:44

Тост тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулах болсноос үүдэж гол горхи ширгэж, амьтан, мал дүрвэх болсон гэх мэдээлэл цацагдах болсон. Улмаар энэ бүхний буруутан нь “Сауд гоби коал транс” компани хэмээн нэр бүхий хүмүүс цохон тэмдэглэх нь бий. Тэгвэл эл компанийн Ерөнхий менежер Д.Сүхтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тост тосон бумбын нуруу танай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж цусаар уйлж байна гэх мэдээлэл цацагдах боллоо. Компанийн зүгээс үүнд ямар тайлбар хийх вэ?

-Сүүлийн үед манай компани руу чиглэсэн илт гүтгэн, мушгин гуйвуулсан, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Тэрхүү мэдээлэлд манай компанийг хууль зөрчсөн гэдэг. Гэтэл ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар огт ярьдаггүй. Мөн Тост тосон бумбын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж уул ухаж, булаг шанд ширгээгээд байгаа мэтээр ярьдаг. Мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай байгууллага дээр удаа дараагийн шалгалт хийж, тийм зөрчил байхгүй гэдгийг тогтоосон.

-Тэгвэл энэ бүхэн нэг компанийг харлуулах зорилготой гэж үү?

-Салбар яамнаас томилогдсон ажлын хэсгийнхний шалгалтаар компанийн буруутай үйл ажиллагаанаас болж булаг шанд ширгэсэн, амьтан ургамал сүйдсэн зйүл байхгүй гэдгийг дүгнэсэн. Гэвч худал мэдээллээ зогсоогоогүй. Үг, өгүүлбэрийг нь өөрчлөх маягаар нийгэмд зориуд түгээж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд Тост тосон бумбын нурууд уурхайн үйл ажиллагаа явуулж байна гэсэн  мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худал гэдэг нь тогтоогдмогц ус булаг шандыг сүйтгэж байна гэх байдлаар үгээ өөрчилсөн. Ажлын хэсэг, мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж шалгаад булаг шандыг сүйтгээгүй, уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэхээр ирвэс үхлээ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар илт худал мэдээллийг нийгэмд тарааж байгаад харамсч байна.

-Танай компанийн зүгээс ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгаа тул хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Саяхан БОАЖ-ын сайдын тушаалаар нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж “Сауд гоби коал транс” компани дээр ажиллалаа. Үүнд ТВ8 телевизийн зүгээс оролцож байгаа Х.Мандахбаяр гэж хүн ажлын хэсэгт орж манай дээр шалгалт хийсэн. Энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй тул ажлын хэсгээс гаргаж өгөх хүсэлтийг тавьсан.

-Х.Мандахбаяр гэж хүнийг ямар үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх болсон юм бэ?

-Энэ хүн сүүлийн 2 жил шахам манай компани руу чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээллийг нийгэмд түгээсэн.

-Гэхдээ энэ ажлын хэсгээс хасах үндэслэл мөн гэж үү?

-Ийм байж манай компанийг шалгахаар ирсэн явдал нь эхний үндэслэл. Хоёрдугаарт, энэ хүн өөрөө уул уурхайн бизнес эрхэлдэг. Тавантолгойд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компанитай. Олборлолтын үйл ажиллагаа явуулдаг хүн атлаа нөгөө компанийнхаа үйл ажиллагааг зогсоох талаар санал гаргаад, бүр төрийн ажлын хэсэгт багтаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх бүрэн үндэслэл болох байх. Иймээс энэ хүнийг ажлын хэсгээс хасах хүсэлт гаргасан.

-Та бүхний хүсэлтийг хүлээж аваагүй бололтой?

-Тиймээ. Ажлын хэсэг хүсэлтийг хүлээж аваагүй. Тэр хүн манай компанийг ирж шалгаад явсан.

-Тэр хавьд хичнээн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Яагаад танай компанийг онцлох болов?

-Нарийн сухайтын бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа 9 компанийн 17 лицензийн нэг нь манайх. Товчхондоо, нэг геологийн тогтоц дээрх нүүрсний орд дээр нь ажиллаж байгаа 9 компанийн нэг нь манайх юм. Бусад компаниуд зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг. Олон жил үйл ажиллагаа явуулаад тогтворжчихсон гэж хэлж болно. Ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бий. Ер нь Нарийн сухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол эзэмшилтэй 2 компани бий. Нэг нь МАК, нөгөө нь манайх. Гэтэл манайхыг онцолж энэ бүх дайралт сүүлийн үед өрнөж байна.

-Мэдээж олон компани үйл ажиллагаа явуулж байхад будад нь шаардлага тавьсангүй. Ганцхан манайхыг онцоллоо гэж бүх үйлдлээ үгүйсгэж болохгүй байх?

-Компанийн зүгээс ямар нэгэн хууль зөрчөөгүй. Х.Мандахбаярын хэлээд байгаа шиг гол горхи ширгээгүй. Энэ бүхнийг мэргэжлийн байгууллагууд нь, мөн Х.Мандахбаяр өөрөө ч очиж шалгасан. Энэ хавар Х.Мандахбаяр сэтгүүлчдийг авч  манай компани дээр очсон. Тэр үед бид уурхайн талбайд оруулж, нөхцөл байдлыг газар дээр нь үзүүлж танилцуулсан. Өнөөдрийн яриад байгаа тэр булаг шандыг бүгдийг нь очиж үзүүлсэн. Уурхайд өртөж булаг шанд ширгээгүй болохыг тэнд очсон хүмүүс нүдээр харж, ойлгосон. Гэвч Х.Мандахбаяр эргэж ирэхдээ сэтгүүлчдийг худалдагдсан гэж зарладаг. Хоёрдугаарт, уурхайд шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ч мөн худалдагдсан гэж зарлалаа. Тэд хууль зөрчсөн ноцтой асуудал байхгүй, тодорхой хэмжээний зөрчлүүд байна. Үүнийг хугацаа өгч арилгах албан даалгавар өгсөнийхөө төлөө ийн худалдагдсан гэх нэр зүүж байна. БОАЖ-ын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ч мөн уурхай дээр ирж ажилласан. Мөн л худалдагдсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэтээр дайралтад өртөж байна. Энэ хүний зорилго нь бодит байдлыг нийтэд түгээх биш зөвхөн харлуулах юм байна. Тэр үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү