О.Сэлэнгэ: Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна


2020-03-11 12:29:59

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусийн халдварын (COVID-19) тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 1-нээс эхлэн залуусыг уриалан улсын хэмжээнд ажиллаж эхэлсэн билээ. “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” хэмээх аяны талаар Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.

-БНХАУ-д анх бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдол манай улсад өчигдөр албан ёсоор бүртгэгдлээ. Танай байгууллагын зүгээс залуусыг уриалж, тус халдварын эсрэг аян өрнүүлж эхэлсэн байсан. Та бүхэн ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор залуучууд ямар байдлаар хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, хамтарч ажиллах вэ гэдэг нь чухал юм. Залуучуудын оролцоо ялангуяа, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, мөн үүссэн нөхцөл байлдалтай холбоотой залуучуудын оролцоог бий болгох зорилгоор энэ аяныг эхлүүлсэн. Мөн эл хүрээнд залуучуудаар дамжуулан өсвөр үеийг урьдчилан сэргийлэх чиглэлд уриалах ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.

-Аяны гол зарчим юу байх вэ?  

-Аяны хүрээнд нийт долоон ажлыг төлөвлөж байна. Эхний ээлжинд, 21 аймаг, есөн дүүрэгт гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зорилгоор цахимаар бүртгэж байна. Энэ хүрээнд нэг аймагт 10 хүнийг буюу үндэсний хэмжээнд 320 хүнийг сайн дурын ажилд бэлтгэх юм. Бэлтгэгдсэн ажилтнууд маань холбогдох албаныханд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, жишээ нь, хоол ундыг нь зөөх, шаардлагатай эм, эмийн материалуудад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол мэдээллийг иргэдэд үнэн зөв хүргэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь өнөөдөр үүсээд буй хүндхэн энэ цаг үед ийм чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын тэр бүр хүрч ажиллахад хүндрэлтэй. Тэгвэл тэрхүү хүндрэлтэй, хүрч ажиллаж чадахгүй байгаа хэсэгт сайн дурынхан маань дэмжлэг болж ажиллах юм.  

Хэрвээ та бүхэн анзаарсан бол цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хоол хүнс, халуун аарц өгөх гээд олон төрлөөр сайн дурын ажил үйлчилгээг залуучууд хийж байгаа. Энэ үүднээс сайн дурын ажлыг залуучуудад хэдийнэ уриалан эхлүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ сайн дурынхан гэхээр хоол, аарц зөөдөг гэж ойлгож болохгүй.

-Манай улсад ер нь сайн дурын ажлыг албан ёсоор хуульчилсан байдаг уу?

-Сайн дурын ажилтнуудыг бүртгэх, баталгаажуулах журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 2019 онд баталсан. Мөн гамшгаас хамгаалахад сайн дурынхныг хамруулах гээд хоёр журам л бий. Зарим улс оронд сайн дурынхантай холбоотой хууль бий. Өөрөөр хэлбэл, тэднийг ажиллах эрх зүйн орчноор хангаад өгсөн байх жишээтэй.

-Манай улсад сайн дурынхан гэхээр гамшигт тусалсан тэр хүнийг шууд цохоон хэлээд байдаг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, түймэр гарвал тухай орон нутгийн иргэдийг шууд хамруулах ч гэдэг юм уу?

-Яг тийм. Гэтэл бас яг тэгж ойлгож болохгүй. Сайн дурынхны дэлхий нийтийн уулзалт боллоо. Тэр үеэр мэргэжлийн сайн дурынхан гэдэг ойлголт бий болж эхэлсэн. Жишээ нь, би гал унтраахад тусалдаг сайн дурынхан байлаа гэхэд гал унтраах мэдлэг мэдээлэл, арга зүй байх шаардлагатай. Үерээс хамгаалах сайн дурынх байлаа гэхэд мөн л энэ чиглэлийн арга зүйн мэдлэг, мэдээлэл байх шаардлагатай. Жишээ нь, усанд сайн сэлдэг, өөрийгөө эрсдлээс аваад гарах арга зүй чухал. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сайн дурынхан байх шаардлагатай болж байгаа юм. Эргээд өөрөө өөрийгөө эрсдлээс хамгаалах, тухайн гамшгийн үед авч хэрэгжлүүлэх арга зүйн мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага үүснэ.

-Сайн дурынхныг мэргэшүүлэх ажил энэ аянаар эхэлж байна гэж ойлгож болох нь зөв үү?

-Мэргэжлийн сайн дурынхны оролцоог монголд хөгжүүлэх эхний алхам нь энэ гэж хэлж болно. Монгол Улсын 21 аймаг аймаг, 9 дүүргээс гадна сум, хороо бүрт сайн дурын ажилтныг бэлтгэх шаардлага бий. Тэд нараар дамжуулж төрийн чиг үүргийг дэмжин туслах, тулгарсан бэрхшээл,  асуудлыг шийдэхэд иргэний оролцоо чухал. Тэр бүхэнд сайн дурынхны үүрэг оролцоо их юм.

-Сайн дурын ажилд оролцдог бол Төрийн албаны шалгалтад давуу байдал болно гэх зохицуулалт бас байдаг байх аа?

-Сайн дурын ажилд оролцвол МУИС кердит цагт тооцох, төрийн албаны шалгалтад давуу байдал олгох гэхчлэн зохицуулалт бий.

-Аяны хүрээнд өөр ямар ажил хийж байна вэ?

-Дэлхийн зарим улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусийн эсрэг монгол залуучууд цахимд нэгдэж байна. Тэд өөрсдийн facebook хаягаар өөрөө болон нийгэм хэрхэн сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл түгээх ажиллагаанд нэгдэж эхэлсэн. Тухайлбал, гараа хэрхэн угаах, амны хаалт зүүхийг нийт иргэдэд уриалж байгаа юм. Түүнчлэн залуучуудад амны хаалт үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна. Мөн амны хаалт зүүгээгүй хүмүүст зөвлөмж хүргүүлэх гэх мэт. Түүгээр зогсохгүй аж ахуйн нэгж, албан байгууллагууд, үйлчилгээний газруудыг амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй байхыг уриалж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүргэж байна. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран уриалга, сэрэмжлүүлэг иргэдэд түгээж эхлээд байна.

-Дэлхий нийт амны хаалтны хомсдол ороод байна шүү дээ. Ийм үед амны хаалтны нөөцийг хэрхэн бүрдүүлж, үнэ төлбөргүй тарааж байгаа вэ?

-Оёдлын чиглэлийн бизнес эрхлэдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн шаардлага хангасан амны хаалтыг ялангуяа орон нутаг, зорилтот бүлгийнхэн, хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр тараах ажлыг 21 аймаг есөн дүүрэгт чадах чинээгээрээ хийж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ухуулга сурталчилгаа хийх зэрэг хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Жишээ нь нэг аймагт 30 гаруй мянган залууст цахимаар дамжуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхээр зорьж байна. Ингэснээр мэдээлэл авсан залуус бусдад гэрийн нөхцөлд тус вирусээс яаж урьдчилан сэргийлэх үү, яаж ариутгал хийх ёстой гээд мэдээлэл түгээх юм. Одоогийн байдлаар энэ чиглэлээр орон нутгуудын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Энгийн иргэд энэхүү вирусээс хамгаалахын тулд гар доорх хамгийн энгийн арга нь амны хаалт зүүх хэрэгтэй болоод байна. Өнөөдрийн байдлаар танай байгууллагаас хэдэн хүнд амны хаалт тараагаад байна вэ?

-Одоогоор нийт 15 мянга гаруй амны хаалт тараасан. Энэ амны хаалтыг оёдлын чиглэлээр ажилладаг залуус маань оёсон. Мөн зарим хэсгийг нь худалдаж авлаа. Гадаад, дотоодоос ч хүртэл явуулсан гээд ёстой л олны хүч оломгүй далай гэж нэлээд хэдэн хүнд амны хаалт тараагаад байна.

Түүнчлэн манай гэр бүл хүүхэд залуучуудын газрын албан хаагчид хүртэл өөрсдөө ажил дээрээ оёдлын машинаа авчраад амны хаалт оёж буй сайхан жишээ Сүхбаатар аймагт байна. Боломж бололцоогоороо амны хаалтыг тараах, тэр дундаа амны хаалтгүй явж байгаа хүмүүст тараах, урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

-Зорилтот бүлгийнхэнд амны хаалт хэр хүрэлцээтэй байгаа бол?

-Манай байгууллагаас энэ бүлгийн гэр бүлүүдэд очиж, нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа. Тэгэхдээ энэхүү өвчлөлийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна, эрсдлийн үнэлгээ ямар байна гээд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, ухуулгыг хийгээд зогсохгүй үнэ төлбөргүй амны хаалт тарааж байна.

-Ер нь улсын хэмжээнд хичнээн гэр бүл танай байгууллагад бүртгэлтэй байдаг вэ?

-Улсын хэмжээнд 8100 зорилтот бүлгийн гэр бүл бүртгэлтэй байдаг. Нэг аймаг, дүүрэгт 270 өрх байгаа. Тэр өрхүүдэд ч гэсэн хүрч ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Бид боломжийн хэрээрээ хүрч ажиллахыг зорьдог.

-Танай чиглэлийн Хөгжлийн төвүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүх ажлыг амжуулахад нэлээд дөхөмтэй байгаа болов уу?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Монгол Улс энэ насныхны асуудлыг хариуцсан институцитэй болсон. Энэ хүрээнд эдгээр ажлыг санаачлаад, зохион байгуулж байна. Тухайлбал, хөл хорио тогтоосон цаг үед залуус цахимаар нэгдэж, гамшиг онцгой байдлын бүсэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол Солонгост байгаа залуучууддаа амны хаалт хүргүүлэх гээд олон ажил хийхээр төлөвлөөд байна.

-Сургууль, цэцэрлэг карантилсантай холбоотойгоор залуучууд гадуур сэлгүүцэх, олноороо бөөгнөрч уулзалдах явдал гарч байна. Энэ талаар танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Тэр үнэн. Залуус гадуур бөөнөөрөө сэлгүүцэх үзэгдэл нэлээд ажиглагдсан. Тиймээс олноороо цугларахгүй байх, ялангуяа түр хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед өөрөө өөрийгөө тусгаарлах, шаардлагатай бол гэр орноосоо гарахгүй, сэлгүүцэхгүй байж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг сахихыг уриалж байна. Мөн гэртээ хэрхэн өөрийгөө хөгжүүлэх сургалт сурталчилгааны ажлыг хийхээр бэлтгэл ажил бараг хангагдаад дуусч байна.

-Жишээ нь, гэртээ хэрхэн өөрийгөө хөгжүүлж болох вэ?

-Тухайлбал, манай агентлагийн зүгээс өсвөр үеийнхэн хоорондоо тоглох тоглоомын аргачлалыг боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Мөн цахимаар дамжуулж, Англи хэлний үнэ төлбөргүй боловсрол олгохоор зорьж байгаа. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад цахимаар дамжуулан бүжгийн болон хүүхэд гэртээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр сургалтуудыг хийхээр бэлтгэж байна. Урьдчилсан байдлаар 80 гаруй мянган залуучуудыг онлайн сургалтад хамруулах болов уу гэсэн төлөвлөөгөөтэй байна.

-Залуус гэсэн тодорхойлтод хэдээс хэдэн насныхан багтдаг вэ?

-Залуус гэдэг нь 15-34 насныхан багтдаг. Үүнийг хуульд зааж баталгаажуулсан байдаг. Өсвөр насныхан маань энэ ангилалд хамаардаг. Тиймээс өсвөр насныханд зориулсан, тэдэнд хандсан зөвлөмжийг ч мөн хүргүүлж байгаа. Энэхүү ажлын 60-70 хувийг цахимаар дамжуулан хийж байна.

-Сайн дурын ажилтнаар бүртгүүлэхэд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

-Хэрэв та анагаах болон сэтгэл зүйч, нийгмийн ажилтны чиглэлээр сурдаг бол давуу тал болно. Гэхдээ энэхүү ажил бэлтгэл шатандаа явж байгаа. Ер нь сайн дурын ажил хийхэд ямар ч насныхан байж болно.

Мөн сайн дурын ажилтнууд зөвхөн өнөөдөр үүсээд буй коронавирусийн халдварын үед ажиллаад зогсохгүй цаашид ч онцгой нөхцөл байдал болон бусад үед ажиллах шаардлагатай байгаа. Хэрвээ түймэр гарлаа, үер боллоо гэхэд ямар нэгэн гамшиг, онцгой байдлын үед бэлэн байдлын төлөвлөгөө гэдэг үүднээсээ сайн дурын ажилтныг цаашдаа бэлтгэх хэрэгцээ Монгол Улсад байгаа. Энэ чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон ажиллаж байна.

Өнөөдрий  нөхцөл байдлаас харахад, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг өгч ажиллах шаардлагатай байна. Мөн сэтгэлзүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд маань бас сайн дурын ажилд бид нараар дамжуулан хамтарч ажиллах бололцоотой. Нийгмийн ажилтнаар суралцаж байгаа оюутнууд мөн дэмжин туслах гээд энэ чиглэлийн оюутан залуучуудыг тэр бүү хэл ажил хийж байгаа ажлынхаа чөлөөт цагаараа сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүсийг мөн бүртгэж авья гэж харж байгаа.

-Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын талаар залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?  

-Ийм нөхцөл байдалд нэгнийгээ хямраах биш бусдыгаа хэрхэн дэмжих үү, зөв мэдээллийг хэрхэн өгөх үү, нэгдэж нийлж бэрхшээлийг даван туулах нь хамгийн чухал.

Нэгдэн нийлж даван туулах нэгдмэл нэг ойлголттой байвал ямар ч улс орон тухайн   бэрхшээлийг даван туулж чаддаг гэдгийг харж байна. Хятадад нэгэн жишээ ажиглагдсан нь өдөр бүр хаана очиж, хэнтэй уулзсанаа хүртэл тэмдэглэдэг. Өөрийнхөө зураглалыг гаргадаг гэсэн үг. Хэрэв ямар нэгэн эрсдэл үүсвэл миний зураглал энэ шүү гэх байдлаар гаргасан жишээ энэ юм. Тиймээс хүн бүр өөрийн чадах урьдчилан сэргийлэх зүйлсийг хийж, хэрэгжүүлж байж л улс орны өмнө тулгарсан бэрхшээлийг даван туулж чадна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү