Л.Мөнхтүшиг: Хятад болон ОХУ-аар дамжиж эх орондоо ирэх боломжгүй болсон гэдгийг хэлье


2020-03-23 12:44:49

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дэлхий нийтээр коронавирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед дэлхийн улс орнууд хилийн хязгаарлалтыг олон орон тавьж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдаж байгааг бас мэдээлэх хэрэгтэй байх. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай улсын 21 мянга орчим иргэн эх орондоо ирсэн байдаг. Гадаад харилцааны яамны судалгаагаар хилийн чандад 80 гаруй улсад 190 орчим мянган иргэн оршиж сууж байна.

Элчин сайдын яамдаараа дамжуулаад тухайн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журмыг тухай бүрт нь иргэдэд түгээж байна. Юуны өмнө иргэд олон нийтэд хандаж хэлэхэд, өнөөдөр ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргачихсан. БНХАУ гадаад улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаатай холбогдуулаад гадаадаас ирж байгаа бүх иргэдэд өндөр хяналт тавьж тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Хятад болон ОХУ-аар дамжиж эх орондоо ирэх боломжгүй болсон гэдгийг хэлье. Гадаадад байгаа иргэдийг тусгай үүргийн онцгоцоор татан авах асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй. УОК-оос тухай бүр мэдээллийг өгч ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ уриалж, хилийн чандад суугаа иргэдийг Улаанбаатар, хөдөө орон нутагт байгаа ар гэрт нь уриалж хэлэхэд, тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаад аль болох тайван байхыг сануулмаар байна. Иргэдийн зүгээс ташаа мэдээлэл түгээж, сэтгэл санааг нь үймлүүлж, зайлшгүй эх орондоо ирэх ёстой юм шиг тайван байгаа байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа явдал гарч байна. Суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу зөвлөмжийг дагаж байхыг хүсье.

Мөн Гадаад харилцааны яаман дээр гадаад явах иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг мэдэгдье. Гэтэл тусгай үүргийн онгоцоор нисэх гэсэн юм гэсэн хүсэлт их ирж байна. Хэрэв тусгай үүргийн онцгоц нисэхээр болвол зохих журмынхаа дагуу МИАТ-ээс тасалбараа авч үйлчлүүлнэ шүү.

Гадаад улсад халдвар авсан Монгол хүн одоогоор байхгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү