Л.Мөнхтүшиг: Солонгосын талтай транзит хоригийг цуцлах талаар ярилцаж байна


2020-10-28 11:29:04

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нийт 26.192 иргэнийг эх оронд нь авчираад байна. Агаарын замаар 91 улсаас 19.611 иргэнийг авчирсан бол авто замаар 6581 иргэн иржээ.

Өнөөдөр орой Токио-Улаанбаатарын нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирнэ. Токиогийн нислэг хилийн хязгаарлалт тогтоосноос хойш үйлдэж байгаа тусгай үүргийн 100 дахь нислэг гэдгээрээ онцлог.

УОК-ийн даргын шийдвэрээр 2020.11 сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний дагуу ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэнэ. Үүнд Солонгос улсад оршин суугаа иргэдийн тоо өндөр байгаа тул Сөүл хот руу 6 удаагийн нислэг үйлдэнэ.

Токио хот руу 2 удаагийн нислэг үйлдэнэ. Энэ нислэгийн үндсэн зорилго нь Япон улсын оршин суух зөвшөөрөлтэй, Элчин сайдын яамнаас визээ авсан иргэд байгаа. Эдгээр иргэнийг Япон улсад хүргэж өгөх зорилгоор 2 удаагийн нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр Япон улсад байгаа болон тус улсаар дамжин гуравдагч улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг авчирна.

Европын чиглэлд 2020.11.23-нд Франкфурт руу нислэг үйлдэнэ.

Ирэх сарын 2 дахь нислэгээр Казахстанд байгаа иргэдээ авчирна. Тус улсад 200 гаруй иргэн бий.

Турк улсад буцах хүсэлтэй иргэд бий. Эдгээр иргэнийг ирэх сард татан авах боломжийг судалж байна. Энэ асуудлаар ойрын хугацаанд мэдээлэл өгнө.

2020.06.02-наас хойш БНСУ-ын Хууль зүйн яам гуравдагч улсаас Монгол Улс руу үйлдэж байгаа болон манай орноос эхлэлтэй гуравдагч улс руу зорчих иргэдэд транзит хориг тавигдсан. Энэ асуудлыг Солонгосын талтай дипломат шугамаар ярилцаж, цуцлуулах саналыг тавьж байгаа” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү