Б.Шоовдор: Спорт намайг “голох” хүртэл амжилтын төлөө зүтгэнэ


2022-12-15 09:09:22

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн болон ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-теник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдорыг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа урьлаа.  Тэрбээр Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Аавынхаа санал болгосноор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлснээс хойш 12 дахь жилдээ амжилтын буухиагаа үргэлжлүүлэн, эх орныхоо нэрийг тив, дэлхийд “тамгалж” байна.

-Амжилтыг тань төр, засгаас үнэлж, зорьж байгаа хүсэл мөрөөдлийн тань жолоог залж өглөө гэж харж байна. Баяр хүргэе. Гавьяат болсон баярт мөчийн сэтгэгдлээс яриагаа эхлүүлье?

Баярлалаа. Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн 12 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ маш их баяртай байна.  Аав, ээждээ, багш нартаа, хамт олондоо гээд намайг дэмждэг, тусалдаг, урам зориг өгдөг бүх хүмүүстээ баярлалаа. Зорьсон амжилтынхаа төлөө улам илүү хичээх болно оо.

-Одоогоос гурван жилийн өмнө анх таны нэрийг сонсоод эрэгтэй тамирчин гэж андуурч байлаа. Нэр тань содон болоод тэр байх..?

Намайг төрөхөд гавьяат цол хүртсэн Ц.Шоовдор дасгалжуулагчийн нэрийг аав минь хайрласан юм билээ. Өөрөө олон жил гар бөмбөгийн спортоор хичээллэж, ОУХМ цолтой тамирчин болохоор билэгшээсэн гэдэг. Сургуульд ороод ааваасаа эрэгтэй хүний нэр шиг муухай сонсогдоод байна гэхэд “Аав нь охиноо сайн тамирчин болоорой” гээд энэ нэрийг өгсөн. Гар бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдаас тоглолтынхоо ур чадвараар гайхагддаг, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн, ард түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн тамирчин гэж тайлбарласан. Баатаржавын Шоовдор гээд дуудуулах энэ нэрэндээ одоо бол хайртай.

-Таны нэр болоод спортын суурь, амжилтын гараа гар бөмбөгийн спорттой салшгүй холбоотой юм байна?

 Намайг спортод дурлуулсан, хөл тавиулсан хүн бол миний аав. Бага байхад манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдардаг байлаа. Аав маань сумынхаа сургуульд биеийн тамирын багш хийдэг. Аавыгаа дагаад л өдөржин зааланд өнжинө. Хүмүүсийн тоглож байгааг, аавынхаа зааж байгааг байнга харж, найзынх нь өгсөн жижигхэн бөмбөгөөр өдөржин тоглодог хүүхэд байсан. 2001 онд Улаанбаатар хот руу манайх шилжин ирж, 44 дүгээр сургуульд суралцах болсон. Долдугаар ангид сурч байхад  “Уурхайчин” клуб нийслэлийн 53 дугаар сургуульд гар бөмбөгийн анги нээж байгааг сонсоод ааваас зөвшөөрөл авч, шалгуултал тэнцсэн. Гар бөмбөгийн спортоор хичээллэхийн тулд 44 дүгээр сургуулиас 53 рүү шилжиж, таван жил хичээллэсэн, нэгдүгээр зэрэгтэй. “Уурхайчин” клубт довтлогчийн байрлалд тоглож гаргасан олон амжилт бий. Хамгийн сүүлд 2009 онд дээд лигээс хүрэл медаль хүртэж байлаа.

-Үүнээс хойш жилийн дараа буюу 2010 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэх болсон.  Энэ спортын амжилтын дөрөөг ч мөн  аав тань “мялаасан” гэж сонссон?

 -Аав маань  энэ спортоор хичээллэхийг санал болгосон. Ганцаарчилсан төрөлд өөрийгөө сорих хүсэлтэй байсан болохоор  аавынхаа саналыг хүлээн зөвшөөрсөн. Олон улсын тэмцээнд амжилт гарган, аавынхаа нэрийг дуурсгахыг хүссэн юм. 20 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд манай үеийнхэн аль хэдийн амжилт гарган, зарим нь олимп, дэлхийн медальтан болчихсон байлаа. Анхандаа ичин, хүмүүст огт хэлээгүй. “Их спортоор амжилт гаргахад оройтсон” гэж хэлэх байх гэж санаа зовсондоо тэр. Өсвөр үе, залуучуудын насны ангилалд барилдаж үзээгүй. Бэлтгэл хийж эхэлснийхээ дараа жил “Mongolia open” тэмцээнд  Японы бөхийг ялж, хүрэл медаль хүртсэн минь хамгийн том урам, зоригийг өгсөн.

-Дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй барилдаж, нэрээр нь дуудуулан медаль хүртэхийг аав тань олонтоо харж, өөрийнх нь сонголт зөв байсанд баярлаж, бахархаж байгаа байх?

Спортоор хичээллэнэ гэдэг хувь хүнээс маш олон зүйлийг шаарддаг.  Анх энэ спортоор хичээллэж байхдааШУТИС-ийн Уул уурхайн автомашины тоног төхөөрөмжийн инженерийн ангид сурдаг байлаа. Спортдоо илүү амжилт гарахын тулд сургуулиа дундаас нь орхисон. Хэзээ ч харамсаж байгаагүй.  Чөлөөт бөхийн спортод амьдралаа зориулсан 12 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 3 хүрэл, дэлхийн цомоос 2 хүрэл, Улсын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга, И.Ярыгиний “Алтан гранпри” тэмцээнээс 3 алт, 2 хүрэл, Ази, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртсэн байна.  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58-60 кг-д барилддаг. Аав маань Монголд болдог тэмцээн, уралдаануудад намайг дэмжин, дээлийн минь захыг мушгидаг.  2019 онд  Казакстаны Нурсултанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аавтайгаа анх удаа хамт явсан. ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэнэ гэдэг амаргүй. Украины бөхийг ялангуутаа үзэгчдийн дундаас аавыгаа хайсан. Цэнгэлдэхэд монголчууд уухайлж байгаа зүг рүү л хамгийн түрүүнд хардаг юм билээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд баярласандаа уйлж зогссон аавыгаа хараад сэтгэл бүр их хөдөлсөн. Дэлхийн дэвжээнд “Баатаржавын Шоовдор” гэж дуудуулан барилдахаас илүү гавьяа  байхгүй.    

-Амжилт үзүүлэхэд хамгийн их нөлөөлдөг хүн бол багш. Дасгалжуулагч багш нарынх нь талаар яриагаа үргэлжлүүлье?

Хан-Уул дүүргийн дасгалжуулагч А.Энхтөр багшийн шавь болж, чөлөөт бөх анх заалгасан. А.Энхтөр багш намайг  маш сайн дэмжсэн, маш сайн бэлтгэсэн. Дараа нь Батням багшийн удирдлагад бэлтгэл хийж, олон ч амжилт гаргасан.  Одоо бэлтэлээ Сумъяа багшийн удирдлагад хийж байна.

-Шантарна, ухарна. Урам авч урашилна гээд олон л зүйл амжилтын энэ нугачаанд тохиолдсон байх. Их дэвжээгээ орхих бодол ч төрж байсныг үгүйсгэхгүй. Хэрхэн даван туулж байв?

Бэлтгэлээс бэлтгэл, тэмцээнээс тэмцээний хооронд явсаар өдөр хоног, сар, жилүүд өнгөрчихсөн байдаг. Амжилт гаргахын төлөө чөлөөт бөхийн спорт, бэлтгэлд бүхнээ зориулдаг. Гэтэл надад эрүүл эрхтэн хуруу дарам. Хөл, мөр, өвлөг, хуруу, тохой гээд л бүгд бэртэлтэй. Барилдахад ямар нэгэн зовиургүй ч байсхийгээд л янгинаж өвдөнө. 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж чадахгүй бол зодог тайлна гэж бодож л байлаа. Тухайн тэмцээнээс хүрэл медаль авахад аав надад “33 настай тамирчин ДАШТ-ээс медаль авч байна. Миний охинд дахиад зүтгэх 3-4 жил байна” гэсэн. Одоо бодлоо өөрчилсөн. Спорт намайг “голох” хүртэл амжилтын төлөө зүтгэнэ.

-Тэгэлгүй яахав. Зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч таниар бахархаж байна?

 Баярлалаа.  Эх орон, эцгийнхээ нэрийг тив, дэлхий, олимпын тайзнаа дуудуулах үгээр илэрхиймгүй тэр мэдрэмжийг дахин дахин мэдэрмээр байна.  2023 оны дэлхийн аварга, 2024 оны олимпын тэнгэрт тугаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьж байна.  Мөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин болж, аюул бүхнийг сөрөн зогсдог энэ цагийн эгэл баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа үргэлж бахархдаг. Хамт олондоо маш их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Блиц асуулт:

-Амьдралыг ямар өнгөөр харах дуртай вэ?

Цагаан өнгөтэй зүйрлэх дуртай. Гэгээхэн, цайлган, хүүхэд шиг бас зөөлхөн. Цаана л гоё сэтгэгдэл төрүүлдэг.

-Таны хамгийн дуртай гоёл?

-Монгол үндэснийхээ дээлээр гоёх дуртай. Арга хэмжээн болгон дээр өөрийн гоёлоо болгодог.

-Таны хэлэх дуртай үг?

-Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ.

–Таныг илтгэх зан чанар?

Тэвчээр, хатуужил.

 Таны ширээний ном?

Уран зохиолын номнууд. Дүрдээ орж, түүнийгээ төсөөлж, ургуулан бодох сонирхолтой байдаг.

Өөрийгөө бүтээх үлгэр дууриалалаа болгодог ментор нь хэн бэ?

Аав, ээж хоёр минь. Үргэлж миний төлөө бүхнээ зориулж, зааж, сургаж, захиж зөвлөдөг эрхэм хүмүүс минь болохоор.

Эх сурвалж: Онцгой мэдээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2022-12-15 10:09:22-д бичсэн холбогдсон IP хаяг: 192.82.80.245
Хэнд гомдолоод байгаан тэгээд.Чамайг хэн ингэж махаа идэж зов гээв.Больчихооч.Нэг их ялархсан лаларууд.Тэр допингоо идээд л дуугүй байж байхгүй.