Амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилж байна


2018-12-06 13:14:51

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмсэн байна.  Одоогийн байдлаар 1311 хүүхэд (үүнээс 1059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Харин улсын хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 02-ыг дуустлах долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0,9 хувиар бага байна.

Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байгаа гэлээ. 
 

Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд 7 хоног тутам хуваарийн дагуу ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.
Хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртсгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.
Улсын хэмжээнд 125,000 хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 160 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажууллаа.
Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү