Шаардлагагүй сангуудыг татан буулгана


2018-12-06 15:42:50

УИХ-ын гишүүд, сайд нарын авсан ЖДҮХС-гийн зээлийг авахын тулд жинхэнэ ЖДҮ-xn; есөн байгууллагын хаалгыг татаж, 30 гаруй бичиг баримт бүрдүүлдэг байна. Улмаар энэ хугацаанд нэлээд хэдэн төгрөг ч зарлагаддаг аж. Гэвч зээл олдох эсэх нь тун эргэлзээтэй. Ёстой л дээгүүрээ хуваагаад идчихсэн өнөөдрийн жишээ шиг үйл явдал хэдэнтээ тохиолддог аж.

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадоржийн хэлсэнээр  ЖДҮ-гээс зээл авахаар 26400 төсөл ирсэнээс 20-30 хувь нь шийдвээрлэгдсэн байна. Тэдний 60 хувь нь 100 сая төгрөг хүртлэх зээл хүсчээ. Хэрэв сангийн зээл зорилтот цэгтээ хүрсэн бол ач холбогдол, үр дагавар нь тэр хэмжээгээр өсөх байсныг ч тэрбээр онцолж байсан.

ЖДҮХС-ийн зээлд  шалгараагүй үлдсэн 800 гаруй аж ахуй  нэгж бий аж.   Тэдгээр 800 гаруй аж ахуй нэгж үнэхээр төслийн шаардлага хангахгүй байсан уу аль эсвэл материал нь дутуу байсан эсэх шалгалтыг 2-3 төрлөөр  харьцуулан хийж эхэлжээ.  Ингэхдээ шаардлага хангасан 222 төслийг зээл авч чадаагүй төслүүдтэй харьцуулан  авлигал болон  хууль бус асуудлууд байгаа эсэхийг  шалгаж байгаа гэнэ.

Хүнс, хөдөө, аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдлийн хүрээнд байдаг эл сангаас зээл авахын тулд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар орох шаардлагатай. Харамсалтай нь сонгон шалгаруулалтын бүтэц мөн л мафижсан. Төлөөллийн хүмүүсээр хангагдах зохицуулалттай ч хэрэгждэггүй. Ямартаа 10 аймагт байрлах дэд хорооны бүрэлдэхүүнд зорилтот бус төрийн бус байгууллагууд багтсан. Өөрөөр хэлбэл, таван түшмэлийн эсрэг ганц төрийн бус байгууллага гараа өргөөд дэмжлэг авч чаддаг эсэхэд илтгэгч эргэлзэж байсан.

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮ-гийн зээл зорилтот хэсэгтээ хүрч чадаагүй. Өмнө нь ч иймэрхүү байдал давтагдаж байсан гэнэ. Сангийн зээлийг журмаа зөрчин олгосон, барьцаа хөрөнгө нь тодорхойгүй, хэрэгжих нь тодорхойгүй төсөлд зээл олгосон гэхчлэн зөрчил дутагдал мундахгүй. Тэр бүү хэл, зээлийнхээ араас хөөцөлдөж, авлага авахдаа төрийн албан хаагчид хойрго ханддаг асуудал ч бий аж.

Тиймээс 29 сангийн үйл ажиллагааг шалгаж дуусаад заримыг нь нэгтгэх, татан буулгах ажил хийхээр төлөвлөжээ. Товчхондоо ирэх онд дээрх 29 санг цөөлж, хяналтыг сайжруулахаар болсон талаар Сангийн яамны удирдлага онцлон хэлсэн юм.

Уг санд аудитын байгууллагаас санхүүгийн шалгалт хийж байжээ. Улмаар 2016 онд “Хязгаарлалтай”, 2017 онд “Сөрөг” санал дүгнэлт өгч, баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн өнөөгийн байдал нь системийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг тухай бүр дүгнэж иржээ.

ЖДҮХС-гийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан нийт зээлийн авлагаас 2009-2016 онд 87 зээлдэгчид олгосон 19,732.6  сая төгрөгийн зээлийн авлагыг шүүхээр шийдвэрлүүлж тайлант хугацаанд тус санд 187.3 сая төгрөгийг эргэн төвлөрүүлжээ. Гэтэл 2017 оны тавдугаар сарын 25-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-наас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сан эргэлтийн хөрөнгөнд бүртгээгүй зөрчил илэрчээ.

Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар ЖДҮХС-гаас 2016 онд олгох 35,000.0 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгажээ. Гэвч тус сайдын 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаалын дагуу  83 иргэн, аж ахуйн нэгжид 39,615.4 сая төгрөгийг тус сангийн 2016 онд батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгосон нь дээрх Засгийн газрын тогтоолыг зөрчиж санхүүжилтийг 4,615.4 сая төгрөгөөр илүү зарцуулжээ.

Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор баталсан “ЖДҮХС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэрээр нийт 212 төслийг  шалгаруулжээ. Дээрх төсөл сонгон шалгаруулалтыг нэг бүрчлэн үзэхэд зарим зээлдэгч нарын зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй, баримтын бүрдэл дутуу, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолтгүй, барьцаа хөрөнгө нь аль нэг этгээдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн /итгэмжлэл байхгүй/ сонгон шалгаруулсан  нь  дээрх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын 4 дүгээр зүйлд заасан “Зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлага”-ыг зөрчжээ.

ЖДҮХС-гийн захирал 2016 оны 12 дугаар сарын А/18 дугаар тушаалаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байна. Тус “Үнэлгээний аргачлал” нь ямар эрх зүйн актыг үндэслэсэн нь тодорхойгүй, зарим зээлдэгч нарын барьцааны гэрээнд уг аргачлалаар тодорхойлоогүй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээлийн дүнгээс доогуур хөрөнгө барьцаалсан, улсын бүртгэлийн ерөнхий газраар баталгаажуулаагүй зарим хөрөнгийн барьцааны гэрээ байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

“Их модун” ХХК-д 2013 онд 620.0 сая төгрөгийн зээлийг олгосон боловч тус компани зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байхад 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосноос тухайн компанийн зээл найдваргүйд тооцогдож хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байна.

Ийнхүү Монголд танил тал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан сангийн мөнгийг хувааж иддэг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилжээ. Монгол Улсын нийт ажлын байрны 57 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид хангадаг байна. Мөн экспортын хоёр хувийг хангадаг аж. Хэдийгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжих дэмжлэг их ч нэрнээс цаашгүй. Өөрөөр хэлбэл, нэрийг нь ашиглаж, дундаас нь завшигч олон хэмээн бизнес эрхлэгчид гомдоллож байсан.

Хөгжингүй орнуудын төрийн байгууллагууд жижиг бизнесын субьектуудтай шууд харьцдаггүй. Харин тэдний гол зорилго нь ЖДҮ-үүдтэй холбоотой бүтцүүдийг байгуулж дэмжихэд оршдог байна. Шинжээчдийн үзэж байгаагаар өнөөдөр Европын бүх орнуудаас жижиг, дунд үйлдвэрүүдийг төрийн зүгээс дэмжих хамгийн үр дүнтэй хөтөлбөрийг ХБНГУ хэрэгжүүлж байна. 

Дундаж давхаргын тулгарч байгаа бэрхшээлүүдийг судлах Германы хүрээлэнгийн судалгааны дүн  жижиг, дунд бизнесын субьектууд ажлын байрны 70 хувийг хангаж, залуу боловсон хүчний ойролцоогоор 80  хувийг сургаж, германы экспортын 30 хувийг бүрдүүлж байгааг харуулжээ. Иймээс,  жижиг, дунд бизнес эдийн засгийн тогтвортой байдлыг  хангах чухал эдийн засгийн институц болсон байна гэж дүгнэсэн байна. ХБНГУ-д төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь дундаж давхаргын ойлголттой салшгүй холбоотой бөгөөд бизнес эрхлэгчдийн үндсэн хэсгийг  дундаж  давхарга бүрдүүлж байна.

ХБНГУ-ын бодлогын тэргүүлэх чиглэл нь жижиг, дунд үйлдвэрийн  бүх субьектуудыг төрөөс дэмжих бус, харин тэдгээрийн бие даасан байдлыг урамшуулахад оршиж байна. Төр нь зах зээлийн механизмуудын үйл ажиллагааг хязгаарладгүй, харин  ихэнхи салбарт эрүүл өрсөлдөөнийг дэмжиж, зах зээлийн өөрчлөлтөд дасан зогсох чадваргүй болсон үйлдвэрүүдийг “шигших” боломжийг олгодог аж. 

Жижиг, дунд үйлвэртэй холбоотой бүх эрх зүйн актуудыг Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудтай зөвшилцөж баталдаг.  Худалдаа, аж үйлдвэрийн бүх танхимуудыг нэгтгэсэн Худалдаа, аж үйлдвэрийн Ассоциаци нь Холбооны түвшинд эздийн ашиг сонирхлыг төлөөлдөг гэнэ.

Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрийг урамшуулах, дэмжих шууд хэлбэр нь эргэж төлөгдөхгүй бөгөөд татвар ноогдулдаггүй нөхцлөөр төрөөс олгож байгаа хөрөнгө оруулалтын татаас, нэмэгдлүүд чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Энэ тохиолдолд хөнгөлттэй зээлийн татаас нь нийт зээлийн 3-10 хүртэлх хувийг эзэлдэг. Kreditanstalt für Wiederaufbau банкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд жижиг, дунд ба том  үйлдвэрүүдэд санхүүжилт авах ижил тэгш боломжийг бий болгоход чиглэгддэг талаар МУИС-ийн багш, доктор Л.Оюун илтгэлдээ дурвдсан.

Германд улс нь зээлийн буцаан төлөлтийн эрсдлийг өөрөө хүлээдэг бөгөөд хөрөнгө оруулалтын 40  хувийг  ямар нэг баталгаа шаардахгүйгээр олгодог. Ингэхдээ, эхний хоёр жил хүүгүйгээр зээл олгодог. Ийм зээл ихэнхи тохиолдолд 20 хүртэлх жилээр олгоддог бөгөөд эхний 10 жилд зээл эргэн төлөх үүргээс чөлөөлөгддөг байна. Ийм бодлогыг хэрэгжүүлснээр бизнесээ эхлэж буй үйлдвэрлэгчид өөрийн капиталаа бүрэн солих боломжтой болохоос гадна 20  жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй хөнгөлтэй зээл авах боломжтой болдог аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү