Д.Батбаяр: Бид одоо хөрөнгө мөнгөөр биш, хөгжлийн бодлогоор өрсөлдөх цаг нь болсон


2016-06-20 17:47:30 1 1471

Д.Батбаяр бол Монгол улсын жирийн нэгэн иргэн. Гэхдээ түүнд Монголоо гэсэн сэтгэл, ард түмнээ гэсэн итгэл зүтгэл бий. Иймдээ ч “Монгол Тулгатан” ТББ-ыг байгуулан ард иргэдийн дуу хоолой болон яваа хүн юм. Харин өнөөдөр тэрбээр БЗД-ийн 11, 12, 13, 16 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт “Эвлэн мандуулах хүч”-ээс Бие даан нэр дэвшиж байна. Тэрбээр энэ өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулахын зэрэгцээ иргэдийнхээ санал бодлыг нь сонсож байна.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Улаанбаатар хотын ууган иргэн үү? 
-Би Баянхонгор аймгийн Галуут сумаас гаралтай. Улаанбаатар хотод 1978 оны хоёрдугаар сарын 5-нд, айлын ууган хүү болж төрсөн. Тухайн үеийн октябрийн район, одоогийн гуравдугаар хорооллын эцэст хүүхэд насаа өнгөрөөсөн. 1986 онд Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 1995 онд төгссөн.  Дараа 1997 оны 11 дүгээр сараас 1998 оны 11 дүгээр сарын хооронд Дотоодын цэргийн 805 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд хувиараа бизнес эрхэлж байгаад 2001-2004 онд Багшийн мэргэжил эзэмшиж бакалаврын зэрэг хамгаалсан байгаа.

Харин 2010 оноос “Хангай их наяд” барилгын засвар үйлчилгээний компани байгуулсан. Мөн 2014 оноос “Хасу Хабу” барилга угсралтын компани, мөн “Мөнх-Орших капитал” банк бус санхүүгийн байгууллага зэрэг компаниудыг байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Мөн эх оронч залуусын "МОНГОЛ ТУЛГАТАН ТББ-ын Удирдах Зөвлөлийн Гишүүнээр 2015 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна.
Түүнчлэн 2014-2015 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын тэнхимд НИЙГМИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨГЖИЛ, УДИРДЛАГА чиглэлээр мэргэшиж, 2015-2016 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн Төрийн удирдлагын тэнхимд Магистрын зэрэг хамгаалсан.

-Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцвал?
- Хүүхэд байхад зундаа хөдөө их явдаг байлаа. Хөдөө очиж хонь хурга маллаж, морь унаж, даага сургаж монголынхоо уламжлалт мал ахуй, ёс заншил дунд л зуны амралтаа өнгөрөөдөг байлаа шүү дээ. 

-Гэр бүлээ танилцуулна уу?
-Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань 10 дугаар анги. Хоёр ихэр хүүтэй. Тэд маань цэцэрлэгт явдаг. Миний ханийг Раднаабазарын Буянцэцэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өссөн. Хань маань эрх зүйч мэргэжилтэй, одоогоор “Мөнх-Орших капитал” банк бус санхүүгийн байгууллагад хуулийн зөвлөхөөр ажилладаг. Миний түшиг тулгуур болж явдаг хүн дээ.

-Таныг ихэд завгүй хүн гэж дуулсан. Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна вэ?
- Хүний амьдрал элэг бүтэн байна гэдэг өөрөө аз жаргал. Тиймээс чөлөөт цагаа гэр бүлдээ  зориулдаг. Мөн манай залуус Монгол ёс заншлаасаа холдож байгаад их эмзэглэдэг учир хүүхдүүддээ болж л өгвөл Монгол ахуй, ёс заншилд ойр хүмүүжүүлэхийг боддог. Иймээс зав чөлөөтэй үедээ хүүхдүүдтэйгээ уламжлалт ёс суртахууны талаар яриа өрнүүлэх дуртай.

-Сайн аав бололтой. Та "Монгол Тулгатан” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн гэсэн. ТББ-ынхаа талаар танилцуулаач?
-Миний хувьд “Монгол тулгатан” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн. Манай "Монгол Тулгатан” ТББ бол Үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн эрх ашигт харшилсан бүх зүйлийн эсрэг зохих хууль тогтоомжийн хүрээнд тайван замаар тэмцэж, Улс эх оронд минь ашиг тустай гэрээ хэлцэл хуулийн төслийг түгээн дэлгэрүүлэн сурталчилж нийгэмд үйлчилдэг байгууллага. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг шүү дээ. Иймээс бид дан ганц төрийн бус байгууллагаараа бус бусад зорилго нэгтэй ТББ-уудтай хамтран ажилладаг үүний тод жишээ бол нэг зорилготой Эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж цаг үргэлж ард түмний дуу хоолой болж байдаг арван нэгэн ТББ нийлэн "Эвлэн Мандуулах Хүч" бүлгэмийг байгуулсан байгаа.

-Улс орны эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байгаа талаар хэн хүнгүй л ярих юм. Танай компаниуд үйл ажиллагаа ямар байна вэ?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын компаниудын үйл ажиллагаа түр зогсонги байдалд орсон. Нийтээрээ л ийм байдалтай байх шиг байна. Гэхдээ бид гараа хумхиад суугаагүй. “Хасу Хабу” компани маань100 гаруй хүүхдийн цэцэрлэг, тоглоомын төвтэй барилгын ажил эхлүүлэх гээд зураг төслөө хийгээд явж байна. Харин “Мөнх-Орших капитал” банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

-Сүүлийн үед бизнесменүүд төрд орох хүсэлтэй болж. Таны хувьд ч бас бизнес эрхэлдэг. Хэрэв УИХ-д сонгогдвол бизнесээ орхих уу? 
-Улс орны ашиг сонирхлоос давсан хувь хүний ашиг сонирхол гэж байх ёсгүй. Ард иргэдийнхээ сонголтоор УИХ-ын гишүүн болбол Улсын ажлаас хувийн ажлаа тусгаарлана. 

-Ингэхэд яагаад улс төрд орох болсон юм бэ?
-Би зүгээр л бизнесээ хийгээд сэтгэл амар явж байж болох л байсан. Гэвч өнөөгийн нийгэм эдийн засгийн хямралтай хүнд хэцүү цаг дор ард иргэдийн минь амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг хараад гараа хумхиад зүгээр сууж чадсангүй. Мөн улс орныг 26 жилийн турш өдрөөс өдөрт ажилгүйдэл, ядуурал, хямралд оруулж байгаа Намуудын далбаанд орохыг хүсээгүй. 
Иймээс БИЕ ДААН нэр дэвшихээр шийдсэн. Нийгэм, Эдийн засгийн байдал хүнд байна, Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна. Тийм болохооор иргэн хүнийхээ сонгох, сонгогдох эрхээ эдэлж, ард иргэд дэмжигч сонгогчдынхоо түүчээ болон Улс эх орныхоо ирээдүйг зөв гольдролд нь оруулахын төлөө “ТҮМНЭЭ НЭГТГЭНЭ, ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭНЭ, МОНГОЛОО МАНДУУЛНА” гэсэн уриатайгаар энэ удаагийн УИХ-н сонгуульд оролцож байна. 
Бид одоо хөрөнгө мөнгөөр биш. Хөгжлийн бодлогоор өрсөлдөх цаг нь болсон.

-Та "ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ"-тэй Ёс зүй хамтын хариуцлагын гэрээ байгуулсан гэсэн. Энэ гэрээг байгуулснаар та бүхэн ямар үүрэг хүлээж байгаа юм бэ? 
- Бие даагч ганцаараа зүтгээд үр дүнд хүрдэггүй гэдэг нь өнгөрсөн сонгуулийн жилүүдэд УИХ-д суусан зургаан гишүүнээс харагдлаа. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд БИЕ ДААН нэр дэвшиж байгаа арван долоон хүн нэгдэн нэг зорилго, нэг мөрийн хөтөлбөр, нэг бодлоготой гэдгээ харуулж, Эвлэн Мандуулах Хүч”-тэй "Ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ"-г байгуулсан. Мөн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болоод сонгогчдоо мартан улс орны эрх ашгаас илүү хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавиад байна. Энэ байдлыг дахин давтагдуулахгүйн тулд УИХ-ын гишүүн болон халдашгүй эрхтэй болохоос өмнө "Эвлэн Мандуулах Хүч"-тэй Ёс зүй, хамтын хариуцлагын гэрээг хийсэн нь энэ. Энэ гэрээг хийгээд УИХ-ын гишүүн болон сонгогдсоныхоо дараа үүргээ биелүүлэхгүй, амлалтдаа хүрэхгүй, урваж шарвах юм бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаас эхлээд бүх төрлийн хариуцлага тооцохоор тусгагдсан байгаа.

Өнөөдөр нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Иймээс хүн бүр улс орныхоо төлөө санаа зовж байгаа нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 69 бие даагчаас харагдаж байна. 

-Та хэрвээ УИХ-ын гишүүн болбол хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна вэ. Монгол Улс их хэмжээний өртэй байгаа тухай яригдаж байна. Хийх ажил ч их байна даа? 
-Бид сонгогчдынхоо итгэлийг даан, УИХ-ын гишүүн болбол нэн түрүүнд төрд хяналтыг бий болгож төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдог механизмыг бий болгох болно. Иймд нэн түрүүнд УИХ болон Засгийн газрын гишүүн, Аймаг, Нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэх тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулах болно. Ингэснээрээ бид төрд хулгайч шургалах явдлыг таслан зогсоож хяналттай, хариуцлагатай төрийн түшээдтэй болно гэж харж байгаа.

Энэ цаг үеийн төрд шургалсан хулгайч, луйварчин, оффшорчдийг бий болоход ард иргэд бидний буруу маш их байна. Яагаад бид буруутай болчихов оо гэж асуух хүн цөөнгүй байгаа байх. “Хулгай хийлгэх нөхцөл нь хулгайчийг бий болгодог” гэдэг энэ үг их учиртай үг. Бид өөрсдөө хулгай хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд хулгайчдыг өөгшүүлдэг. Ямарч хяналт байхгүй хариуцлага тооцдоггүй байдал ийм нөхцөлд хүргэлээ.

Гаднаас орж ирсэн бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсны гайгаар хямралд орсон. Үүнийг дагаад оффшор данстай, олигархуудын тоо нэмэгдсээр байна. Төр хяналтгүй дээр нь хариуцлагын тогтолцоо байхгүй байгаагийн тод жишээ бол энэ их өр үүссэн явдал шүү дээ. Зарим эрх мэдэлтнүүд “ӨР” зээл гэдэг үгийг зөөллөөд “ӨГЛӨГ” болгочихлоо. Ингэж өөрчлөөд ч өр хэвээрээ л байна.

Иймээс УИХ-д ард иргэдийнхээ итгэлийг даагаад гарах юм бол хамгийн түрүүнд ӨР зээлийн асуудлыг, мөн ОЮУН санааны болоод бие эрхтний өвчлөлийн асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлнэ. Тэгж байж бид хөгжинө. Бид өнөөдөр өндөр байшин барьчхаад Монгол Улс хөгжиж байна гэдэг. Гэтэл энэ бол хөгжил биш шүү дээ. "Өргүй бол баян өвчингүй бол жаргал" гэдэг үг үнэн.

-Тэгэхээр та мөрийн хөтөлбөртөө дээрх асуудлуудаас гарах арга замуудыг тусгасан уу? 
-"Бие Даагч Иргэдийн Холбоо" болон "Эвлэн Мандуулах Хүч"-тэй ёс зүй хамтын хариуцлагын гэрээ хийсэн бие даагчид маань нэгдсэн нэг мөрийн хөтөлбөртэй, нэг бодлоготой сонгуульд оролцож байгаа. Гэхдээ миний хувьд, оффшор данстай нөхдүүдийг л гэхэд бүх хөрөнгийг нь хураагаад барьж хорих ял шийтгэл эдлүүлэх нь хэр оновчтой арга вэ гэдгийг маш нухацтай бодож үзсэн. Би “МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ гэж Зориг агсны хэлсэн энэ үгэнд итгэдэг. Удаан бодсоны эцэст хамгийн сайн шийтгэл бол "УУЧЛАЛ" юм байна гэж бодох болсон. Ийм болохоор оффшор данстай холбоотойгоор хүмүүсийг яллах шийтгэх гэхээсээ илүүтэйгээр хийсэн гэмээ  гавьяагаар цайруулах боломж олгох хуулийн төсөл боловсруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэд улсаас хулгай хийж оффшорт мөнгө хийсэн нь үнэн л бол тэр л хуулиар болзолтойгоор өршөөгдөх. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг өнгөрсөн жилийн өршөөлийн хуультай ойролцоогоор хийх хэрэгтэй гэсэн бодол бий. 

Оффшор данстай хүмүүсийг дансан дахь мөнгөө авчирч улсдаа тушааж хийсэн нүглээ гавьяагаар цайруулаад Монгол дахь компани, үйлдвэрлэл үйлчилгээ, унаж байгаа машин, амьдарч байгаа орон гэрээ тэр чигээр нь авч үлдэх боломжийг олгох. Учир нь бүх хөрөнгийг нь хурааж ял шийтгэл оноож улсдаа нэг гэмт хэрэгтэн бас нэгэн ядуу өрх нэмж, нэг үйлдвэр дампууруулж, нэг хэсэг хүнийг ажлын байргүй болгох нь улс нийгэмд хүсэд байх үзүйл биш шүү дээ.

Нэг үгээр ганцхан Монголоос хулгайлсан оффшор дансанд байгаа мөнгийг авчраад Монгол Улсын өрийг даралцах нь зүйтэй. Энэ хуулийн төслийг бид боловсруулж байна. Цаашдаа хэлэлцээд шийдэхэд асуудал их гарах нь ойлгомжтой. Учир нь олигархууд маш олуулаа УИХ-д байна. 

-Бас Монгол улс өрнөөс гарах хамгийн зөв арга бол эх орондоо үйлдвэржилтийг хөгжүүлснээр бий болгох гэдгийг олон хүн  хэлж байна. Тэгэхээр таны хуьд мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгасан уу?
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлаар бас бодлого боловсруулснаа мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааг гадаадаас орж ирэхэд татварын босгыг өндөр болгох хэрэгтэй. Хөдөө аж ахуй, газар тариалан, малын гаралтай түүхий эд, ноос, ноолуурын үйлдвэрүүдийг хөгжлийн бодлогоор хөхүүлэн дэмжиж үндэсний брэндийг бий болгох. Дотоодын гурван сая хэрэглэгчиддээ биш Дэлхийн долоон тэрбум хэрэглэгчдэд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогц үйлдвэрүүдийг босгох гэх зэрэг санаа санаачилгууд оруулсан байгаа. Гэхдээ үүнийг маш зөв хөгжлийн бодлогоор зохицуулах хэрэгтэй.

-Бие даагч гишүүдийн хувьд УИХ-д суусныхаа дараа асуудлыг шийдэхэд цөөнх болох талтай. Үүнээс үүдэн аль нэг намын далбаанд ордог. Иймээс бие даагчид гараад ийм болчих вий гэсэн эргэлзээ нийгэмд байна? 
- Өнгөрсөн жилүүдэд бие даагчид сонгогдсон ч одоогийн байдлаар бүгд нэг нэг намд ороод алга болсон. Бид маш их судалгаа, шинжилгээ, анализ хийгээд энэ асуудлаас гарахын тулд бие даагчид нэгдэх хэрэгтэй гэдэг гаргалгааг гаргаж ирсэн ингээд "БИЕ ДААГЧД ИРГЭДИЙН ХОЛБОО"-нд нэгдэж "ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ-тэй Ёс зүй, Хамтын хариуцлагын гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа. Бие даагчид бид бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадвал бидний бодлого мөрийн хөтөлбөр хэрэгжинэ, хэрэгжүүлэхийн ч төлөө тэмцэнэ. Бид өмнө нь газрынхаа баялгийг ухахгүйгээр болоод л байсан. Малаа маллаад, газар тариалан эрхлээд болоод л байсан. Тавантолгой, Оюутолгойг ухсанаараа бид ӨРӨНД орсон. Маш хялбараар “Нэг саалийн үнээтэй сүүгээ саагаад, сүүгээ зарсан биш өрөнд орлоо гэдэг шиг” уул уурхайн салбар бол бидний ганц аврал биш. Байгалийн баялаг шавхагдаж дуусахад нөхөн сэргээх боломжгүй болчихсон газар нутаг л үлдэнэ. Бидэнд одоо Оюутолгой биш, оюунлаг толгой хэрэгтэй. Бид оюунлаг зөв монгол хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Өнөө маргааш биш хорь, дөч, жаран жилийн дараа бидний хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд ямар хүн болж төлөвшиж, яаж улс орноо удирдан чиглүүлэх вэ гэдэг дээр бодлого боловсруулах хэрэгтэй.

-Бие даагчдын хувьд намын тухай ойлголт их өөр байдаг?
-Намын тогтолцоог байхгүй болгож, төрийн бус байгууллагуудын хэмжээнд аваачих хэрэгтэй. Монгол хүн Монголын дайсан байж болохгүй. Намыг хатуу гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Нам намаараа талцуулаад хооронд дайсагнуулаад байдаг нь хамгийн буруу алхам. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг маш том үг шүү. 

-Ингэхэд тойргийнхоо хорооны иргэдтэй уулзалт хийгээд явж байхад тэдний зүгээс танд ямар асуудлууд тавьж байна вэ?

-Ер нь дэмжлэг маш их ирж байна. “Бие даагчдаа дэмжинэ. Та бүхэн минь багаараа гарах ёстой шүү. Төрд гараад эрх баригчдад, өөрсдөд нь хяналт тавьж, хариуцлага тооцох асуудлыг нэн тэргүүнд шийдээрэй. Хариуцлагатай, хэлсэндээ хүрдэг хүмүүсийн удирдлага дор л улс эх орон минь зөв тийшээ хөгжинө” гэх үгийг маш олон хүн хэлж байна. Мөрийн хөтөлбөрөө бусдаас их онцлог байдалтай хийсэн болохоор ч тэр үү, уулзсан хүмүүс маань бүгд л мөрийн хөтөлбөртэй танилцчихсан байна. Их сайхнаар хүлээн авч байна. Миний хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах хүртэл тойргийнхоо иргэд сонгогчидтой өдөр бүр уулзаж байна. Маргааш гэхэд л Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэд сонгогчидтойгоо уулзана.

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Д.Батбаярын Сонгуулийн штабаас

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Uyanga 2016-06-20 22:38:36-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.72.244.182
huni tuluu gesen saihan setgeltei sain zaluu shuu songoson bhad harmsahgui ll hun dee Batbayrtaa amjilt husie