Алга ташилтандаа бялуурч "Танай манайгаа" ч ялгахаа болив


2019-08-09 18:49:27

Нижигнэсэн алга ташилтан дор “Тост тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, нутгийн иргэд оролцсон. Мөн хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод байгаа “Сауд Гоби Коэл Транс" компанийн удирдлагууд ч оролцсон юм.

Хэлэлцүүлэгт бүхий л талууд байр сууриа илэрхийлж, иргэд асуулт асууж, хариултаа авах зохион байгуулалттайг Х.Мандахбаяр танилцуулсан юм. Мөн тэрбээр “Сауд гоби коэл транс” компанийн талаар элдэв мэдээлэл цацагдах болсон тул олон нийтэд мэдээллийг үнэн зөв, ил тод албаны эх сурвалжтай нь хүргэх нь хэлэлцүүлгийн гол зорилго гэдгийг мэдэгдсэн юм. Улмаар хэт нэг талыг барихгүй гэдгээ ч эхэнд нь “тангаргалав”. Харамсалтай нь, тэр “тангаргаа” биелүүлсэнгүй.

Хэлэлцүүлгийн эхэнд уригдаагүй зочид үг хэлж, цаг удсан гэхэд хатуудахгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар үг хэлж, байгаль орчноо хамгаалах талаар байр сууриа илэрхийлэв. Эцэст нь хэлэлцүүлэг товлосон ёсоор эхэлж, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат илтгэл тавьсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг огцрохыг шаардсан түүний илтгэл 30 орчим минут үргэлжилсэн юм. Тэрбээр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны талаар эргэн дурсаж, хэргийн учгийг гаргана гэдгээ амлахын зэрэгцээ нутгийн онгон дагшин байдлын талаар түүх хуучлав.

Түүний дараагаар Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр Тост тосон бумбын бүс нутгийн ургамал, амьтан байгаль орчны талаар илтгэв. Тэрбээр “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүний гарт өртөөгүй байгалийн өвөрмөц газар нутаг” гэдгийг онцолсон. Тост тосон бумбыг түшиж 33 зүйл амьтан амьдардаг талаар судалгааны материалууд бий аж. Жишээ нь, энэ бүс нутагт ховордлын эрсдэлтэй зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол хулан, хар сүүлт зээр, цагаан зээр, янгир ямаа, хавтгай болон жижиг биет бусад амьтан амьдардаг гэнэ. Мөн улаан номд орсон ховор ургамлууд говьд бий гэдгийг тэрбээр хэлсэн. Гэтэл Монголын говийг харийнхан зөвхөн мөнгө гэж хардаг тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ талаар олон нийтэд таниулан сурталчлах хэрэгтэйг сануулсан.

Харин загнадаг, эсвэл хумсалдаг гишүүнтэй байгаадаа Гурвантэс сумын ИТХ-ын талаалагч Б.Дэжид харууссан юм. Тэрбээр 14 жил Тост, Тосон бумбын төлөө тэмцэл өрнүүлж яваа нэгэн аж. Тиймдээ ч асуудлыг эхнээс нь ярьсан юм. Тэрбээр “Анх 2009 онд Тост багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан. Улмаар 2010 онд Гурван тэс сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Гурван тэсийн Иргэдийн нийтийн хурлын 7/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан юм. Улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын гишүүдэд тогтоолын төсөл хүргүүлэхэд гарын үсэг зурж тэмцэх гишүүн бараг олдоогүй. Бидний зүгээс 896527.44 га газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал гаргаж, УИХ-д өргөн барьсан. 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд зарим газар нутгийг хамгаалалтад авах УИХ-ын 35-р тогтоол гарсан юм. Сонгууль болоод хилийн цэсийг тогтоож чадаагүй. Дараа жил нь буюу 2017 оны гуравдугаар сарын 15-д 91 дүгээр тогтоол гарсан 153 мянган га талбайг хасаад 734 мянган га-г тусгай хамгаалалтад авсан. Одоо маргаан үүсгээд байгаа нь хасаж тооцсон 134 мянган га газар” гэлээ.



Х.Мандахбаяр улстөржихгүй байхыг оролцогчдод тэр дундаа илтгэл тавьж байгаа нөхдүүдэд сануулсан. Хэт нэг талыг барьж улстөржвөл асуудлын өнцөг хазайна гэдгийг хэлэхийн сацуу аймгийн Мэргэжлийн хяналтынхныг “сураглав”. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын бие таагүй байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүн илтгэл тавьж, иргэдийн асуултад хариулахаа мэдэгдэв. Гэвч энэ нь Х.Мандахбаярт таалагдсангүй. Улмаар уурсаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүг хэлэлцүүлэгт оролцохыг шаардсан юм. Түүний энэ захирангуй байдал тэнд байсан төрийн албан хаагчдын нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгасан гэхэд хилсдэхгүй биз.

Тост тосон бумын нуруунд ганц “Сауд Гоби Коэл Транс” компани үйл ажиллагаа явуулдаггүй гэнэ. Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр 108 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.  Тавантолгойд гэхэд “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” үйл ажиллагаа явуулж байгаа бол Нарийн сухайтад МАК, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос”, Чинхуа МАК бий хэмээн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн уул уурхай, эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг танилцуулав. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын лиценз буурч байгааг ч тэрбээр онцолсон. Учир нь Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор байгалийн онцгой бүс нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа аж. Говьд усны хомсдол их. Тиймээс усаа хамгаалах үүднээс уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавихыг шаарддаг байна.

Түүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Тост тосон бумбыг нурууг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг хэрхэн санаачилж, батлуулсан байснаа хуучилсан. Тэрбээр “УИХ-ын тогтоолыг анх 896527 га-аар оруулж ирсэн. Тогтоолын дагуу Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га-г хассан юм. Миний таамаглаж байгаагаар 153 мянган га-г хамгаалалтаас гаргаж, нэг компанид давуу  байдлыг бий болгосон гэж хардаж байгаа.  уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж байна гэж харж байгаа. Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлвэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болно” гэсэн юм.


Дээрх хүмүүсийг үг хэлэх бүрт нь алга хавсарч суусан нутгийн иргэд “Сауд гоби коал транс” компанийн илтгэлийг сонсохоос татгалзав. Уг нь аль аль талын байр суурийг сонсч, нэгийг бодож, хоёрыг тунгааж ойлголцолд хүрнэ гэж байсан ч асуудал бишдэх нь тэр. “Сауд гоби коал транс” компанийн Ерөнхий менежер Д.Сүхтулга компанийн нөхцөл байдлын талаар танилцуулахаар ирснээ хэдэнтээ учирлав. Тэрбээр “Манай компани дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Компанийн үйл ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримтлан, Олон улсын холбогдох стандартын дагуу явуулж байгаа. Урт нэртэй хуульд давхцалтай байна гэж үзэн, 2012 онд хуульд нийцүүлэн 15 мянган га талбайг улсад хүлээлгэж өгсөн. Мөн 2014 онд 9200 га, 2017 онд 12 мянган га талбайг улсад хүээлгэн өгсөн. Ингэснээр анх авсан лицензийн талбайгаас 53.1 хувийг нь улсад өгсөн байдаг. Одоогийн байдлаар хоёр тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж байна.

Төсөл хэрэгжсэнээр 500 орчим ажлын байр бий болгож, нийт олборлолтоос жилд 870 тэрбум төгрөгийг татвар, хураамж байдлаар улсад тушаахаар төлөвлөсөн. Татвараа хуулийн дагуу төлөө явж байгаа. Байгаль орчин нөхөн сэргээх, хамгаалалт барих ажилд 4.5 тэрбум төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан.

“Баянтэс”-ийн уурхайд гидрогеологийн судалгаа  хийсэн байдаг. Уурхайн шүүрлийн ус бол 51 куб метр хоног гэж гарч ирсэн. Энэ нь хоногт хоёр машин ус гэсэн үг. Үүнийг орчны бохирдлыг бууруулахад ашигладаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуулийн дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Шаардагдах 13 цэгт ботаникийн судалгааг 2013 онд хийсэн гэхээс өөр мэдээлэл өгүүлээгүй юм.

Энэ хэлэлцүүлэг анхнаасаа хайрцаглагдсан, чихэнд чимэггүй үг сонсох сонирхолгүй байгааг оролцогч Ц.Бээжин ч хэлж байв. Тэрбээр “Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүс тодорхой бодлоготой илтгэл тавихаар төлөвлөсөн юм билээ. Миний бие нутгийн зөвлөлийн өмнөөс 10 минутын илтгэл тавих саналтай байгаагаа илэрхийлсэн. Харамсалтай нь хүлээж аваагүй. Зөвхөн Тост тосон бумбаа ярих учраас мэдээлэл хазайна гээд. Тэр нь ч нэг бодлын зөв байх. Гэхдээ Тост тосон бумбын асуудлын суурийг нь 10-аад жилийн өмнө тавьсан хүмүүс ийм юм яриад сууж байх нь зохисгүй. Илтгэл тавьсан “Гайхамшигт говь” төрийн бус байгууллагын тэргүүн Түмэндэлгэр гэхэд Гурван тэс суманд багш хийж байгаад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Тэр хүн хайгуулын шатанд нь буюу 10-аад жилийн өмнө аюул ирснийг урьдчилан харж яагаад зогсоогоогүй юм. Өнгөрсөн хойно нь баатарлаг хүмүүс болох хэрэггүй л дээ. Байгалийн зовлон нутгийн малчдын зовлонгоор хэсэг бүлэг хүн тоглолт хийхийг хувь хүний зүгээс эсэргүүцэж байна” хэмээсэн.

Эцэст нь нутгийн иргэд “Миний чиний тал”-аа ч ялгахаа болив. “Сауд гоби коал транс” компанийн Ерөнхий менежер Д.Сүхтулгыг үгэн завсраа чимхээд авах гэсэн “Алтандорнод”-ын Т.Ганболд “хөөгдөх” шахах нь тэр. Компанийн цалинтай ажилтан үүргээ л биелүүлж яваа нь тэр үг чулуудсаар индер дээр гарч ирсэн Т.Ганболдыг хэлэлцүүлэгт оролцогчид “Алт ухагч, чиний л үг энд дутаж гэнэ” гэх мэтээр давшилж, танхимыг орхиж гарсан юм. Х.Мандахбаяр “Энэ хүн чинь иргэн Т.Ганболд. Манай тэмцлийг үргэлж дэмжсээр ирсэн хүн” хэмээн хашгирсаар, харин Т.Ганболд “Миний энэ тэмцлийг дэмжигч байна. Та нөхдийн талд байгаа” гэж бувтнасаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Иргэн 2019-08-09 18:54:55-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.9.42.81
Ийм л юм болоод байгаа шүүдээ юугаа ч мэдэхгүй баахан хашгичсан хүмүүс суулгацан. Ийм юм байж болохгүй ээ бүүр төрийн ордонд шүүдээ.