Г.Нэргүй: Угаар мэдрэгчийн зайн цэнэг 2 жилийн баталгаатай


2020-03-26 10:59:07

Нийслэлийн харьяа байгууллагаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Ээлжит мэдээллийн эхэнд Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй угаарын хийн хордлого болон өнжмөл өвсийг шатааснаас ахуйн түймэр гарч байгааг анхаарууллаа. Тэрбээр “Даваа гарагт мэдээлэл хийснээс хойш 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хордсон дуудлага ирсэн. Тэдний 7 хүүхэд, 4 том хүн байна. Тэд хөнгөн хэлбэрээр угаартсан байсан тул мэдээлэл, зөвлөгөөг өгсөн байгаа.

Урин дулаан ирж байгаатай холбоотой иргэд анхаарал сонор сэрэмжээ сулруулж байна. Дээрх 11 дуудлагын 3 нь яндангийн сойлтыг хаасан. Нэг нь түлшээ буруу түлсэн. 2 нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан байдалтай байсныг шалгалтаар тогтоосон. Бүгд энгийн зуухтай айлууд байсан.

Гэр хорооллын 180 мянган орчим өрхөд өнгөрсөн жил төслийн зуухыг тараасан. Энэ ямар иргэд хэрэглэж байгаа нь анхаарал татаж байна. Стандартын зууханд галлагаа хийх хэрэгтэй” гэлээ.

Мөн дээрх 11 тохиолдлын 1 нь угаар мэдрэгчийг унтраасан байсан аж. Баттерей дууссан гэсэн асуудал тавьсан гэнэ. Угаар мэдрэгжийн баттерейны баталгаат хугацаа 2 жил байгаа. Тиймээс хэдхэн сар хэрэглээд зайн цэнэг дуусна гэж байхгүй гэдгийг тэрбээр онцоллоо. Хэрэв үнэхээр дууссан тохиолдолд томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд зайн цэнэг зарагдаж байгааг ч тэрбээр хэлсэн.

Тэрбээр “Галлагаа зөв хийх, битүүмжлэлийг сайтар хангах, угаар мэдрэмжийг салгахгүй байх нь чухал. Он гарсаар эмнэлэгт угаарын хийн улмаас 32 хүн хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 настай 1 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Мөн сүүлийн үед НОБГ-т ирж байгаа дуудлагын 71 хувийг обьектийн тэр дундаа шар өвс шатаасан дуудлага эзэлж байгаа аж. Өчигдөр л гэхэд 56 настай Ч гал түймрийн улмаас угаартаж нас барсан харамсалтай явдал болжээ. Хэдийгээр онцгой байдлын 7 албан хаагч галыг бүрэн унтраасан ч иргэн түймрийн улмаас угаартаж нас барсан байсан гэнэ.

Дулааны улирал ирж байгаатай холбоотой иргэд зусланд гарах нь элбэгшсэн. Улмаар өнжмөл өвсийг шатааж, гал алдах байдал ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн жил зуслангийн бүс Гоодойн аманд гагнуурын ганц очноос болж 10 гаруй айлын байшин шатсан явдлыг мартаж болохгүй гэдгийг Г.Нэргүй сануулсан.

Хаврын цагт хуурайшилт их байдаг тул ганц шүдэнз ч аюул дагуулдгийг тэрбээр дахин дахин тодотгов. Мөн хүүхдээ зусланд  харгалзах хүнгүйгээр орхих явдал их гарах болсон гэнэ. Ингэснээр цахилгаан болон ахуйн түймэрт өртөх эрсдэл бийг ч анхаарууллаа. Түүнчлэн иргэдийг ногоон бүс рүү зорчихгүй байх, ил задгай хог хаягдал шатаахгүй байхыг анхааруулсан. Энэ тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг ч уншиж танилцуулсан юм.

Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020.03.25-ны байдлаар халдвар 196 улсад бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 417812 хүн өвчилж, нас баралт 18717 байна. Халдварын тархалт Иран, АНУ, Герман, Итали, Франц, Солонгос зэрэг улсуудад эрчимтэй тархаж байна.

Монгол Улсын хувьд 2020.01.09-нөөс гуравдугаар сарын 25-ний өдрийг хүртэл халдвар гарсан бүс нутагт зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлаллын шинжилгээ хийсэн.

2020.03.25-ны байдлаар халдварын сэжигтэй 269 тохиолдол байна. Лабораторийн шинжилгээгээр 268 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Аймаг, орон нутагт эмчилэгдэж байгаа хүн байхгүй. Батлагдсан 10 хүн ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа. Нийт 2083 хүн ажиглалтад байна.

2020.01.09-нөөс хойш 3413 хүнийг ажиглалтад авсан. 1113 хүнийг өрхийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиглалтад шилжүүлээд ажиллаж байна.

2020.03.25-ны байдлаар нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Орны дүүргэлт 66 хувьтай байна. Үүнээс 330 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 248 хүүхэд амьсгалын замын өвчнөөр эмчлүүлж байна.

Хяналтын 8 цэг дээр мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, мал мэргэжил гээд 100 албан хаагч ажиллаж байна.

2020.03.06-ны 08.00 цагийн байдлаар 8 товчоогоор 14012 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Орж ирсэн зорчигч 21795, гарсан нь 20562 нийт 42357 хяналтад хамрагдсан бөгөөд сэжмгтэй тохиолдол илрээгүй.

14  галт тэргээр 3889 зорчигч, 18 нислэгээр 1011 зорчигч, 8 авто тээврийн үндэсний төвийн 420 автобусаар 5493 зорчигч хяналтад хамрагдсан сэжигтэй ттохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Даваа гарагаас хойш нийслэлийн 3 авто тээврийн товчоо, 5 шалган нэвтрүүлэх постод хяналт шалгалт хийж байна.  

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Улаанбаатар руу дамжин өнгөрсөн 13 тээврийн  хэрэгслээр 378.2 түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Мөн зөвшөөрөлтэй 44 тээврийн хэрэгслээр 963.8 тонн түүхий нүүрс нэвтрүүлсэн байна.  

Шахмал түлшний түүхий эдийг 74 тээврийн хэрэгслийн 2452.5 тонныг үйлдвэр рүү нэвтрүүлсэн. Энэ хугацаанд Улаанбаатар руу түүхий нүүрс нэтрүүлэх гэсэн зөрчил илрээгүй. Мөн түүхий нүүрс түлсэн дуудлага мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Мөн тэрбээр иргэд угаар мэдрэгчийг салгаж байгаа нь өөртөө болон эргэн тойрон дахь хүмүүстээ эрсдэл дагуулж байгааг онцлов. Угаар мэдрэгчийг салгасан тохиолдлын тухайд 3 хүүхдээ гэртээ орхиод гарсан айл байсан гэнэ. Улмаар хүүхэд галлахдаа буруу галласан, угаар мэдрэгчийн баттерйг салгасанаас угаартах шахжээ.

Иймээс ахлах болон дунд ангийн сурагчиддаа галлагааны талаар зааж өгч сэрэмжлүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн хаврын цагт зуух яндангийн таталт багасч, угаартах явдал их гардаг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ч сануулсан.

Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнээр агаар цэвэршиж, тоосонцорын хэмжээ буурсаар байгаа билээ. РМ10 хэмжээтэй тоосонцорын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувиар, РМ2.5 тоосонцорын хэмжээ 49 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Агаарынх дундаж температурын хувьд энэ жил өнгөрсөн жилийн мөн үеийнхээ -4 гардусаар хүйтэн байгааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал энэ үеэр мэдээллээ.

ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Өчигдрөөс  хотын соёл аяныг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхлүүлсэн энэ ажил он дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд нийслэлийн бүх иргэн, оршин суугчид нэгдэн хотоо соёлтой болгох уриалга дэвшүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа. Энэ ажил үргэлжлээд явна” гэлээ.

Харин гэр хорооллын хувьд ариутгал хэзээнээс эхлэх талаар тэрбээр “Жорлон гэсмэгц ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эхэлнэ” гэсэн юм.

Мөн энэ үеэр тэрбээр Засаг даргын захирамжийн дагуу Хэлмэгдэгсэдийн музейн газар дээр барилга барьж явдлыг таслан зогсоосон талаар онцолсон. Түүнчлэн 65 мянган угаар мэдрэгч ирсэн бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж дууссан. Маргаашнаас өрхийн болон хэсгийн ахлагч нараар дамжуулан айл өрхүүдэд хүргүүлэхээр болсон тухай хэллээ.

Дараагийн ээлжийн угаар мэдрэгч ирэх долоон хоногт ирэх бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж хэд хононо гэдгийг ч онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү