“Хонхтой цэцэрлэг”-ийн модыг Төрийн ордны арын цэцэрлэг рүү шилжүүлэн суулгана


2020-04-03 08:57:52

Сүхбаатарын талбайн урд усан оргилуур бүхий ногоон байгууламж байгуулах асуудал нь шинэ сэдэв биш. Эл асуудлын талаар 2006 оноос хөндөгдөж эхэлсэн бөгөөд тухайн үеийн хотын дарга нарын гарын үсэгтэй тогтоол шийдвэрүүд ч бий. Харамсалтай нь, энэ ажил  бүтэлгүйтэж, хувийн компанийн эзэмшилд төв талбайгаа тасдаж өгөөд алдах шахсан.

Ямартаа “Манайхнаас өөр төв талбайгаа гадныханд алдчихсан орон хаана ч байхгүй” гэж бид нэг хэсэгтээ шуугисан. Сүүлдээ “Сүхбаатарын талбайгаа банкны барьцаанд тавьж, харийн мэдэлд өглөө” хэмээн нулимс дуслуулах шахаж, нийтээрээ шаагив. Гэвч сэдэв тэгс гээд намжиж, сонины хуудаснаа шаргалтаад үлдсэн.

Талбайн урд тал буюу машины зогсоол, ногоон байгууламж бүхий 2.5 га газрыг 2017 онд нь 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсан байв. Эзэмшигч нь “Ю Би констракшн” ХХК болохыг ч монголчууд мэддэг болоод 10 гаруй жилийн нүүр үзсэн. Талбайн урд хэсэг авто машины төлбөртэй зогсоол болох үед төв хэсгээ таллаж зарсан гэх дуулиан өндрөө авч, хамгаалахын тулд иргэний хөдөлгөөн хүртэл өрнүүлэх шахаж билээ.

Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа төв талбайгаа эргүүлэн авахаар дээрх хувийн хэвшилтэй шүүхдэлцсэн ч ялагдал хүлээсэн байдаг.

Эцэст нь өнөөгийн хотын удирдлага болох С.Амарсайхан 2019 оны 04 сарын 23-нд талбайн урд хэсгийг зориулалтын дагуу буюу усан оргилуур бүхий цогцолбор болгох зориулалтаар нь ашиглаагүй хэмээн төв талбайнхаа 2.5 га газрыг улс эргүүлэн авах шийдвэр гаргасныг онцолж байв. Мэдээж энэ мэдээг нийтээрээ алга хавсран хүлээн авсан. Ингэж газар эзэмших эрхийг цуцлах захирамж 13 жилийн дараа гарч, нийтийн эзэмшлийн мэдэлд шилжиж билээ.

Удалгүй тус газар усан оргилуур бүхий ногоон байгууламж, иргэдийн амралт зугаалгын төв байгуулах зураг төслийн уралдаан зарласан юм. Уралдаанд түрүүлсэн бүтээлээр холбогдох ажлыг хийж эхлүүлэхээ ч мэдэгдэж байсан нь 2019 он. Шалгарсан бүтээлийн дагуу зураг төсөл хийгдэж, энэ оны нийслэлийн төсөвт өртөг нь тусгагджээ.

Ингэж жилээс жилд ногоон байгуулам нь хумигдаж байсан нийслэлийн анхны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг өдгөө өнгөө сэргээх боломж тохиож байгаа юм. Чухамдаа 30-40 жил арчилгаа тордлогоо хийгдээгүй “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” ирэх 06 сарын 01 гэхэд нийслэлчүүдийн амарч зугаалах дуртай газруудын нэг болсон байх учиртай.

Тэгвэл өнөөгийн байгаа ногоон байгууламж бүхий бут сөөгийг хэрхэх вэ. Нийтийн сүлжээгээр тархаад байгаатай адил тасдаж хаях уу?

Цэцэрлэгийн өндөр нарс моддыг буюу нийт моддын 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарихаар болжээ. Тодруулбал, усан оргилуур барих хэсэгт нийт модны 30 хувийг хамрагдах юм. Эдгээр модыг цэцэрлэгт хүрээлэнгийн сийрэг хэсэг рүү, мөн Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд нүүлгэн шилжүүлнэ. Ер нь нарснаас бусад навчит, шилмүүст модлог ургамлууд байрандаа байна. Тэднийг хашаалж, илүү цэгцтэй арчилж ургуулна хэмээн хот тохижилтын газраас мэдээлсэн.

Усан оргилуурыг бий болгосноор 14 ширхэг арал, 7000 кв.м ногоон байгууламж усжуулалтын автомат системтэй болно.

Мөн орчин үеийн шийдэл бүхий нийтийн бие засах газар 2 байхаар зураг төсөл хийгдсэн. Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон зүүн талд 34 хүнд нэг зэрэг үйлчлэх нийтийн бие засах газрыг барих юм.

Яагаад заавал өдийд ажлыг эхлүүлэв?

Цаг хугацааны хувьд иргэдийг сонгууль руу хөтлөөд байгаа бололтой. Моддыг нүүлгэж тарихад  хамгийн тохиромжтой үе нь хавар. Энэ утгаараа цаг хугацааны хувьд яг тохирч байгаа аж. Мөн сонгон шалгаруулалт оны өмнө явагдаж, энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр гэнэт хийж, хэрэгжүүлэхээр болсон ажил биш гэдгийг үүнээс харж болно. Мэдээж дэлхийн ихэнх оронд тархаад байгаа коронавирусийн халдвараас болж цаг хугацааны хувьд ажил хойшилсон талаар ч хот тохижилтынхон хэлж байна билээ.

Ер нь Монголд бүтээн байгуулалт өрнүүлэхэд амаргүй. Тэр дундаа сонгууль дөхсөн өнөө үед харсан болгоноо хардаж, үзсэн бүрийгээ үзэн яддаг. Хэдийгээр ирээдүйд хэрэгтэй, үр ашигтай байсан ч өрсөлдөгчөө харлуулж, буруутгаж чадвал олноос оноо цуглуулах боломж хэмээх ухамсартай улстөрчидтэй, бид. Уг нь хийсэн бүтээснээрээ өрсөлддөг бол энэ улс хэдийнэ хөгжлийн манлайд хүрэх байсан биз.

Амарч зугаалах газар хомс, ногоон байгууламж муутай улсад ганц ч болтугай харц булаасан ногоон байгууламж төв талбайн чимэг болог. Хаяа ч болтугай хүүхдээ дагуулаад алхах орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй больё. Хөрөнгө мөнгө байлаа гээд албан тушаалтнуудын халаас руу гулсахаас биш хар бор хүний талхны мөнгөнд нэмэрлэгдэх биш. Тиймээс боломж олдсон дээр нь шахаж байгаад ногоон байгууламжаа хийлгээд авья. Харин ч бүр сонгуулиас урьтаж гүйцэтгэлийг нь шаардах нь зүйн хэрэг бус уу.

Саналаа хэнд өгөх нь хүний эрх. Харин сонгууль угтаж бүтээн байгуулалт хийгдэж л байвал бидэнд тустай. Цаашлаад энэ улсад хэрэгтэй. Харин бүтээн байгуулалтаа үсэг, үсгийн зөрүүгүй мэт баталсан зураг төсөл шигээ хийхийг харц салгалгүй харж, хяналтаа тавьцгаая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү