Эрдэнэтийг зорьсон нь: Мод бүрийн эдийн засгийн өгөөжийг нь тооцоолох хоёр дахь "уурхай"

Уул уурхай дагасан амьжиргааны эдийн засагтай Эрдэнэт хотынхныг ургадаг баялагтай болгохоор Ойн генетикийн нөөцийн “Эрдэнэт” төвийнхөн ажиллаж байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн биелэл нь ч энэ төвтэй шууд холбогдоно.
Тэрбум мод үндэсний хөтөлбөр бол мянгуужингийн үлгэр. Үргүй, суулгацгүй байхад тэрбум мод тарилаа юу гэж иргэдээс илүүтэй энэ салбарынхан Ерөнхийлөгчийн амыг таглаж байсан нь саяхан. Үнэндээ тухайн үед улсын хэмжээнд 230 кг үрийн нөөц байв. Хүний нөөц, үрийн нөөц, суулгац гээд бэлэн зүйл ч хуруу дарам байлаа. Харин өдгөө зөвхөн “Эрдэнэт” төвд 1.3 тонн үрийн нөөц хадгалагдаж байна.
Хавар, намрын цагт албан байгууллага, хамт олноороо нэгдэж, хэдэн хүрз шороо гаргаж, нүх ухаад суулгац тариад, түүнийгээ хувинтай усаар усласнаа мод тарьж буян үйлдлээ гэж эндүүрэх нь бий. Манайд тарьсан моддын 50 хүрэхгүй хувь нь амьдрах чадвартай болдог гэсэн судалгаа бий. Мод ургаагүй шалтгааны нэн тэргүүнд арчилгаа гэж шогширдог.
Хаана, ямар мод тарих нь ихээхэн утга, учиртай. Жишээ нь, Улаанбаатар хотод улиас модыг их тарьж ургуулсан учраас уршиг ихтэй. Үрээ салхиар тараадаг онцлогтой тул 7 сараас эхлэн хөвөнцөр нь хийсэж хүний амьсгалын замаар орж харшил үүсгэн улмаар зарим өвчний эх үүсвэр болдог.
Нөгөөтэйгүүр, мод тарихыг экологи талаас нь ярихаас биш эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь төдийлөн авч үздэггүй. Тэгвэл энэ бүхнийг цогцоор нь “Эрдэнэт” төвийнхөн хийж эхэлсэнтэй танилцах завшаан тохиосон юм.
2022.06.22-нд нээлтээ хийсэн ойн генетик нөөцийн төв нь Монгол Улсдаа анхдагч. Уг төвийн гол зорилго нь нэн ховор, ашигт ургамлын болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх. Жилийн нүүр ч үзээгүй байгаа шинэхэн төвийн хаалгаар ормогц өргөн дэлгэц, өндрөөс унжуулсан гэрлэн бүрхүүл бүхий шийдэлтэй модны үрүүд угтана.
Өргөн дэлгэцээр тус төвөөр дурын иргэн, аж ахуйн нэгж зочилж, хэрэгтэй мэдээллээ авахад зориулжээ. Дэлгэцэнд 140 гаруй зүйл модлог ургамлын талаар зөвлөмж, мэдээллийг байршуулна. Иргэд тарихыг хүссэн мод нь ямар хөрсөнд ургах, арчилгаа, эдийн засгийн үр өгөөж гээд бүхий л мэдээллээс тэндээс харж, дэргэд нь байрлах принтерээр хэвлээд авах боломжтой.
Жишээ нь, алимны мод тариалахыг хүсвэл үр, эсвэл суулгацаар хэрхэн тариалах, дэргэд нь өөр мод хослуулах шаардлагатай эсэх, хөрс гээд дэлгэрэнгүй мэдээллийг багтаажээ. Мөн тус төвийн мэргэжилтнүүд тухайн айлын хашааны хөрсийг шинжилж, ургах боломжтой эсэх талаарх зөвлөгөөг ч өгөх боломжтой гэнэ.
Бөмбөлгөн үр
Ойн генетик нөөцийн төв нь 940 тоннын багтаамжтай үрийн боловсруулалт, сортлолт, урт болон богино хугацааны хадгалалт хийх бүрэн боломжтой цогцолбор юм. Төв нь урт хугацааны горимоор 0-30 хэмд 180 тонн, дунд хугацааны горимоор -8-20 хэмд 760 тонн үр хадгалах хүчин чадалтай. Үрийн мониторингийн лабораторид үрийн амьдрах чадвар, өвчинг тодорхойлно. Тус төвд хэд хэдэн хөлдөөгч байх бөгөөд дотор нь үр нойрсож буй нь тэр. Үр өвөл болохоор нойрсож, дулаанд гаргахаар сэргэж, ургах генетиктэй тул нойрсуулан амрааж байгаа нь энэ аж.
Түүнчлэн үрийн бөмбөлөг тэнд бий. Энэхүү бөмбөлөгөөр үржил шимгүй газар хөрс бэлтгэхгүйгээр шууд тариалалт хийнэ. Бөмбөлөгийг шавар, бордоо зэргийг нийлүүлж, үрлэн хэлбэртэй бөөрөнхийлж хийсэн. Одоогоор бөмбөлөгөө хайлаасны үрээр бэлдэж, говьд тариалах бэлтгэлээ базаасан нь энэ аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний 30 саяыг хангайн бүсэд, 30 саяыг говийн бүсэд тарина. 10 саяыг нь Эрдэнэт үйлдвэр хаягдлын аж ахуй, нөхөн сэргээлтийн хүрээнд тариалах бол 10 саяыг нь хүн төвтэй ойжуулалт төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс иргэдэд экологийн боловсрол олгох нь туйлын чухал.
Түүнчлэн бүс нутаг бүрт ойжуулалтыг харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг. Энэ нь говь цөл, хээр, хангайн бүсэд өөр өөр гэсэн үг. Зөвхөн ууланд, хээр гадаа ойжуулах, мод тарих тухай асуудал биш, хот суурин газарт хамгийн тохиромжтой гоёлын мод, цэцэглэдэг мод, зарим тохиромжтой бүс нутагт жимсний мод нутагшуулж ургуулах хэрэгтэйг төвийн дарга Я.Ариунзул хэлж байсан юм.
Тэрбээр “Мод тарихын тулд үрийн нөөц бүрдүүлэх, генийн санг хадгалах, хамгаалах, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэн тэргүүний ажил. Энэ зорилгоор төвийг өнгөрсөн зун ашиглалтад оруулсан юм.
Өнгөрсөн онд бид хайлаасны 512 кг үр түүж, анхны үрийн дээжээрээ уул уурхайгаас үүдэлтэй доройтсон хөрсийг сэргээхээр 8 км зурваст тарилт хийж амжилттай ургуулаад байна. Одоогийн байдлаар бидэнд нэг тонн үрийн нөөц бий. 300 кг үр тарьсан. Ямар ч байсан үрийн нөөц бүрдүүлж болох юм байна гэдгийг харууллаа. Энэ бол том үр дүн.
Хоёрт, хөрс. Хөрсний төвийн засвар дуусаж байна. Одоо бага зэрэг тохижилтын ажил хийгээд, тоног төхөөрөмж ирчихвэл нээлтээ хийнэ. Анхны хөрсөө ялгаад эхэлсэн” гэлээ.
Хөрс
Хамгийн гол нь тухайн бүс нутагт тохирох, дасан зохицох төрөл зүйлийг нь зөв олж, зөв тарьж ургуулах, ургуулснаа тууштай анхаарч арчлах. Монгол орны ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг боловч монголчуудын “хар мод” гэж хэлж заншсан шинэс нь ойн сангийн 70 орчим хувийг бүрдүүлдэг байна. Үлдсэнийг нь хуш, нарс, бусад мод эзэлнэ.
Дээр нь хүний үйл ажиллагаа, уул уурхай, машин техникийн замбараагүй хөдөлгөөн, бэлчээрийн даацын хэтрэлт, газар тариалангаас улбаатай хөрс гэмтдэг, бэртдэг.
Жишээ нь нийслэлд мод ургуулахад хиймэл хөрс хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг. Улаанбаатар хот нь Туул, Сэлбийн хөндий дэх өндөрлөг дэнж бүхий сайр, хайрга чулуурхаг, үржил шим багатай маш нимгэн хар шороон хөрстэй учраас хотын ногоон байгууламжийг их хэмжээгээр бий болгохын тулд зохиомол хөрс үүсгэх шаардлагатай. Янз бүрийн био бордоо, органик бордоо, зарим тохиолдолд химийн бордоог ашиглаж хөрс бүрдүүлдэг аргууд бий. Намар их хэмжээгээр унах навч, шилмүүс, боргоцой зэргийг овоолон шатаахын оронд хөрс үүсгэх боломж ч бий гэдэг.
“Эрдэнэт” хөрс биотехнологийн төв нь технологийн 3 дамжлагатай. Үүнд
- Бууц, үртэс, үнс зэргийг ашигласан органик бордоо хийх
- Унасан навч, хоолны үлдэгдэл хаягдлаар чийгийн улаан хорхой ашиглан вермикомпост үйлдвэрлэх
- Хөрс, модны үндэс дэх микориз мөөг ашиглан хөрс үйлдвэрлэнэ.
Биднийг очих үеэрээ унасан навч, чийгийн улаан, хаягдал цаас ашиглан хөрс бэлдэж байхыг харсан юм. Одоогоор тус хөрсний төвд 5 тонн орчим хөрс боловсруулж, 20 тонн түүхий эд цуглуулснаа танилцуулсан. Мөн цэвэрлэх байгууламжийн лагийг дахин боловсруулж шимт хөрс болгон мод тарих талбайн хөрсний бүтэц болгон ашиглаж эхэлжээ.
Үржүүлэг
Үр, хөрс бэлэн болсны дараа үржүүлэг. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоостой хөрсний доройтол бүхий хэсэгт өнгөрсөн жил 2.1 сая мод тариалжээ. Мөн Хаягдлын аж ахуйн уурыг халиахгүй, тогтоон барьж байдаг далангуудын шилжилт, суулт, хөдөлгөөнийг зогсоохын тулд 30.4 га талбайд, уурхайн 100-н жилийн ойд зориулж “Уул уурхай-100” ланд артыг 3000 цэцэглэдэг мод тарьж ургуулжээ. Гол нь Эрдэнэтийн цагаан тоосны асуудал “ууршиж” байгаа сайхан мэдээтэй.
Мод тарих ажиллагаанд хорих ангийн хүмүүжигч нарыг ажиллуулж, цалинжуулсан байна. Улмаар 70 хүмүүжигчид ойжуулагчийн үнэмлэх олгосон нь хорих ангиас гарсныхаа дараа ойн салбарын мэргэжилтнээр ажиллах сайхан боломж болжээ. Энэ салбарт мэргэжилтэн дутмаг.
Ийнхүү Ойн генетикийн төв нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн гол цөм болоод зогсохгүй иргэд, жуулчдын зорих цэг болно гэдгийг ч төвийн дарга Я.Ариунзул тодотгосон. Мөн мод бүрийн эдийн засгийн үр өгөөжийг тооцно.
Эрдэнэт бол мал аж ахуй, газар тариалан эрхлэлт бага. Хатуухан хэлэхэд, энэ төрлийн амьжиргаа хомс. Гагцхүү Эрдэнэтийн овоо дагасан эдийн засагтай бүс нутаг. Тэгвэл уурхайчдын цалин хүлээхээс гадна хашаандаа баялгаа ургуулж, эдийн засгаа тэтгэх төслийг дээрх төвийнхөн хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Тодруулбал, хашаанд жимсний мод тариална. Гэхдээ нэгдсэн бодлогоор, цэгцтэй байдлаар.
Мөн ирэх намар Хангалын голын эрэг дагуу бургас тарихаар судалгааны ажлаа хийгээд дуусч буй. Түүнчлэн шилмүүст мод тариална. 20 жилийн дараа үр ашгаа өгөх ч ирээдүйн алт тэндээс ургана.
Сэтгэгдэл бичих: