Л.Отгонсүрэн: Ахлагчийн сургуульд суралцаж, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад ажиллахыг урьж байна


2020-02-28 13:41:47

Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллахыг урьсан мэдээлэл олон нийтэд хүрсэн.  Харин цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ ажлыг хэрхэн  зохион байгуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Л.Отгонсүрэнгээс тодрууллаа.

Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн элсэлтийн шалгалтад орохын тулд хаана бүртгүүлэх вэ?

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэлийг Улаанбаатар хотод Дүүрэг дэх цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Автобааз, Хар тамхитай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, орон нутгийн иргэдийн хувьд нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт бүртгүүлнэ. Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn сайтаас иргэд бүрдүүлэх материалын жагсаалтыг харж болно.  

Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэл хэзээ дуусах  вэ?

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар дээрх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул бүртгэлийн ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Шалгалтын товыг тухайн үед нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгнө.

Ямар шаардлагыг хангасан иргэн бүртгүүлэх боломжтой вэ?

Цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл, тусгай мэдлэг, мэргэшил шаардах албан тушаалд 35 хүртэл настай, биеийн өндөр нь эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ. Олон нийтийн цагдаагаар 1 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан бол давуу тал болно.

Шалгалт хаана зохион байгуулагдах вэ?

Элсэлтийн шалгалт Улаанбаатар хотод Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байранд зохион байгуулагдана. Дахин хэлэхэд шалгалтын товыг тухайн үед нь иргэдэд мэдээлнэ.

Ямар шалгалт авах вэ? 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-д заасны дагуу дараах шаардлага, шалгуур үзүүлэлтээр шалгалтыг зохион байгуулна. Тухайлбал: Эрүүл мэндийн хувьд мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, албанд тэнцэх эсэх талаар,  мөн сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирсон, оюун ухааны хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар /IQ/ нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байгаа эсэх талаар тус тус дүгнэлтийг гаргадаг.

Мөн бие бялдар, гоо зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтээр бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байхыг шаарддаг. Дээрх шаардлагыг хангасан иргэдээс бие бялдар, ерөнхий мэдлэг, ур чадварын шалтгалтыг авна.

Бие бялдрын шалгалтыг цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн CS 9129057.32.01:2007 шалгуур үзүүлэлтийн D үнэлгээний хүрээнд, ерөнхий мэдлэгийн шалгалтыг тест болон эссэ бичүүлэх хэлбэрээр зохион байгуулна. Тестийн агуулга нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд мөн Төрийн албан ёсны хэлний дүрмээс тус тус бүрдэнэ.  

Ур чадварын шалгалтыг эзэмшсэн мэргэжил, мэргэшлийнх нь дагуу тест болон бусад хэлбэрээр авна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү