Ж.Ариунболд: Боловсролын зээлийн санд барьцаалагдсан 2000 орчим хүний үл хөдлөх хөрөнгө бий


2020-05-08 10:04:39

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодод суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150.2 тэрбум төгрөг байгааг энэ оны эхэнд зарлаж байв. Тэрхүү мэдээлэлд дурьдсанаар зээлээ төлөөгүй 179 оюутан ор сураггүй алга болсон байдаг.

Гадаадын магистр, докторт 1997 оноос эхлээд нийт 1.893 хүн 52.5 сая ам.долларын өртгөөр суралцсан байна. Үүнээс чөлөөлөгдсөн 670 хүн байгаа бол гэрээний үүргээ биелүүлээгүй 179 хүн бий. Тэдний нийт зээлийн үлдэгдэл нь 4.5 сая ам.доллар.

Эдгээр зээлээ төлөөгүй оюутнуудын дунд Монгол Улсдаа нэр алдар нь түгсэн олон хүний хүүхэд ч байгааг олон нийтэд ил болгож байсан билээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы хүүхдүү болох Арна, Галия. 2004 онд АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл авсан ч төлөөгүй.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр 2004 онд 34.000 ам.долларын зээлийг боловсролын сангаас авч Шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцсан ч мөн л зээлээ төлөөгүй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн хүү Мөнхдэмбэрэл 2009 онд 32,000 ам.долларын тэтгэлэг авч япон улсад Ази номхон далайн их сургуульд суралцсан. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл гэхчлэн дуоьдвал уртхан жагсаалт хөвөрнө. Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын дүү нарын нэр ч эл жагсаалтад бий.

Мөн өнөөгийн УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нарын нэр ч цуурайтаж байлаа.  Чухамдаа мэдээлэлд ойр, албан тушаалтны хүүхдүүд бусдын боломжийг хумслаад зогсохгүй төрийг хохиролд оруулдгийн жишээ гэх байдлаар тайлбарлаж болно.

Тэгвэл “Жинхэнэ ЖДҮ-чид маш олон болтугай” цувралын энэ удаагийн дугаарт Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “байцаажээ”.

Д.Тэрбишдагва: 1997 оноос хойш хичнээн оюутан залууст дэмжлэг үзүүлэв. Боловсролын зээлийн сангийн санхүүжилт хаанаас гарч байна вэ?

Ж.Ариунболд: Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сан дээр 2016 оноос 2020 оны төсвийг харвал нийтдээ 70-90 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигдаж ирсэн байдаг.

Д.Тэрбишдагва: Жил болгон биз?

Ж.Амарболд: Жил болгон. Энэ нь төгсөгчдийн тоотой уялддаг. Мөн тухайн жилийн гадагшаа сургалтал явах хүүхдийн тоотой уялдах жишээний. Төсвөө дотор нь задалбал,

- Оюутны хөгжлийн зээлд 31 орчим тэрбум төгрөгийг 2018, 2019 онд төсөвт суулгасан

- Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламаар 10 орчим тэрбум төгрөг

-Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд буюу бакалаврын түвшинд суралцаж байгаа топ сургуулиудад суралцаж байгаа оюутнуудад 7.3 тэрбум төгрөгийг

- Өндөр хөгжилтэй болон магистер, докторын зээргт суралцаж байгаа оюутнуудад 16.5 тэрбум төгрөг

 Мөн буцалтгүй тусламжийн хүрээнд замын зардал олгодог. Жишээ нь Улаанбаатар хотод  тухайн оршин суугаа газраасаа 500 км-ийн алс суралцаж байгаа оюутанд өвлийн амралтаар нь ирж, очих  замын зардлыг олгодог.

Д.Тэрбишдагва: Боловсролын сангаас хөнгөлөлттэй зээлийг оюутнуудад олгосон. Ясар шалгуураар олгодог вэ?

Ж.Амарболд: Боловсролын зээлийн сан 1993-1996 онд хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийг 4 нөхцөлөөр олгосон.

- Нэн ядуу

-Хөгжлийн бэрхшээлтэй

- Хагас болон бүтэн өнчин

- Амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой.

1993-2016 он хүртэл нийтдээ 170.000 оюутанд 39.1 тэрбум төгрөгийг олгосон.

2016 оноос оюутны хөгжлийн зээл болсон.

Д.Тэрбишдагва: Зээл гэхээр хүү яригдах болоод байна. Гэтэл хүү тооцдоггүй тийм байх аа?

Ж.Амарболд: Боловсролын сангаас зээл олгодоод, хариуд нь дипломыг нь барьцаалдаг. 2016-2018 онд Оюутны хөгжлийн зээлийг олгохдоо арилжааны банкуудаар дамжуулан зээлийг олгосон. Ингэхдээ жилийн 5 хувийн хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг байсан.

2018 оноос өнөөдрийг хүртэл арилжааны банкаар дамжихаа больж, боловсролын зээлийн сангаас олгодог болсон. Ингэхдээ хүүгүй, хугацаа нь 6 жил, барьцаа хөрөнгө шаардахгүй.

Д.Тэрбишдагва: Оюутнууд зээлээ эргэн төлөх, төлөөгүй тохиолдолд хариуцлага хэрхэн тооцох вэ?

Ж.Амарболд: 2016 онд Оюутны хөгжлийн сангаас зээл авлаа гэж тооцьё. Энэ тохиолдолд тухайн оюутан 2016, 2017, 2018, 2019 онд зээл авна. Ингээд төгссөнөөс 6 жилийн дотор буюу 2025 он гэхэд авсан зээлээ төлөх учиртай. Ямар ч хүү, барьцаа хөрөнгө байхгүй. Тиймээс зээл гэж үзэхээсээ илүүтэй оюутнуудын санхүүгийн дэмжлэг гэж ойлгож болно.

Д.Тэрбишдагва: Банкаар зээл дамжих хугацаанд хэдэн оюутанд хэр хэмжээний зээл олгосон бэ?

Ж.Амарболд: 2016-2018 онд банкаар дамжсан зээлд 2700 оюутанд 5.4 тэрбум төгрөгийг олгосон. 2018-2020 он хүртэл Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл олгож байгаа. Арилжааны банкаар дамжихад банкууд өөрсдийн шаардлагаа тавьсны улмаас оюутнуудын тоо огцом буурсан.

2018 оны Засгийн газрын 246 дугаар тогтоол гарч, боловсролын сангийн зээлийг хүүгүй болгож, 6 жил байхаар заасан. Энэ хугацаанд 50 орчим тэрбум төгрөгийг 42.000 оюутанд олгосон.

Монгол Улсын хэмжээнд 157.000 оюутан бий. Үүнээс 42.000 нь зээлд хамрагдсан гэсэн үг.

Д.Тэрбишдагва: Авсан зээлийн төлөлт хэр байна. Ханшийн зөрүүг тооцох уу?

Ж.Амарболд: 2018 оны 1 төгрөг 2019 оны 1 төгрөг хоёр зөрүүтэй. Тодруулбал, өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнээрээ ялгаатай. Гэсэн ч 2018 онд авсан 1 төгрөгөө төгссөнөөс хойш 6 жилийн дотор тэр ханшаараа л төлөх шаардлага тавьдаг.

1993 оноос хойш хагас болон бүтэн өнчин, амьжиргааны түвшин доогуур хүүхдэд буцалтгүй тусламж олгосоор ирсэн. 2016 оноос хойш жилд 17.000 орчим оюутанд буцалтгүй тусламж олгодог.

Д.Тэрбишдагва: Дотооддоо суралцаж байгаа оюутнуудад унааны мөнгөнөөс гадна сангаас ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Ж.Амарболд: Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог. Монгол Улсын хэмжээнд багш мэргэжлээр бэлтгэдэг 6 сургууль бий. Энэ 6 сургуульд суралцаж байгаа оюутнуудын голч дүнгээс нь авч үздэг. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал төрөөс төлбөрийг 100 хувь даадаг.

Мөн 2020 оны 02 сараас Засгийн газрын 70 дугаар тогтоолоор сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон. Монгол Улсад сувилагч бэлтгэх 4 сургууль байна. Төрийн өмчийн анагаахын сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтад 501 дээш оноо авбал сургалтын төлбөрийг төрөөс даана. Мөн голч оноо 3 дээш байвал төрөөс төлбөрийг даасаар байх болно.

Д.Тэрбишдагва: Гадаадад суралцаж байгаа оюутнуудад ямар дэмжлэг, туслалцаа, ямар боломжууд байна вэ?

Ж.Амарболд: Гадаад суралцаж байгаа оюутнуудыг бакалаврын, магистр, докторын гэж 3 хувааж үздэг. Бакалаврын түвшинд суралцагчдад зориулсан Ерөнхийлөгчийн 78 дугаар зарлиг бий. Зарлигийн дагуу Засгийн газраас 2013 онд 71 дүгээр тогтоол гарсан. Дэлхийн топ 100 сургуулиас 1-20 багтсан сургуульд суралцвал сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг төрөөс 100 хувь олгодог. Харин 21-100 дахь сургуульд суралцдаг бол Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг харгалзан төлбөрийг улсаас даадаг.

Бакалаврын түвшинд  35 мэргэжил

Магистрийн түвшин 25 мэргэжил

Докторын түвшинд 12 мэргэжлийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжил гэж үздэг. 

Д.Тэрбишдагва: Тэднээс барьцаа хөрөнгө шаардах уу?

Ж.Амарболд: Гадаадад суралцаж байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгөө барьцаалдаг. Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний газраар үнэлүүлдэг. Улмаар Боловсролын зээлийн санд авчирч барьцаанд тавьдаг. Төлбөрөө төлснийхөө дараа барьцаагаа чөлөөлдөг. 2013 онд Засгийн газрын тогтоол гарч, 2014 оноос оюутнууд суралцаж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 362 оюутан бакалаврын түвшинд суралцаж байна.

Д.Тэрбишдагва: Магистрийн түвшинд хичнээн хүүхэд суралцаж байна?

Ж.Амарболд: 1997 оноос хойш яам, агентлагууд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээр хүмүүсийг сургаж эхэлсэн. Боловсролын зээлийн сангаар дамжуулан 1997 оноос хойш өнөөг хүртэл үргэлжлэн зээл олгож байгаа. Гэхдээ магистрт 16.000 ам.долларыг 2 жилээр тооцож олгодог. Өөрөөр хэлбэл, 32.000 ам.доллар олгодог гэсэн үг. Докторт 16.000 ам.долларыг 3 жилээр буюу нийт 48.000 ам.доллар олгодог. Мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаалдаг. Төгсөж ирээд сургалтын төлбөрөө төлж дуусаад барьцаагаа чөлөөлөх учиртай.

Гэхдээ 2011 онд Удирдлага санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан.  Энэ хуулийн 8.8-д сургалтын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохыг УИХ-аар оруулахаар хуульчилсан. Дотоодод суралцагчдын дипломыг барьцаалдаг бол гадаад суралцагчдын хувьд үл хөдлөх хөрөнгөө барьцаалдаг.  

Д.Тэрбишдагва: Сайд дарга нар, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд тэтгэлэгт, зээллд хамрагдчихаад төлбөрөө төлдөггүй асуудал байнга хөндөгддөг. Төлбөрөө төлөөгүй хичнээн хүн байна вэ?

Ж.Амарболд: Боловсролын зээлийн сангийн үндсэн зарчим нь эхний авсан хүн зээлээ төлснөөр дараагийн хүүхэд суралцах боломжтой. Иймээс төлөхөөс зайлшгүй.

Д.Тэрбишдагва: Барьцаа хөрөнгөө аваагүй хичнээн хүн байна вэ

Ж.Амарболд: Бакалаврын түвшинд 362 хүүхэд 2014 оноос дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж эхэлсэн. Иймээс 2019 онд төгсөнө. Харин магистр, докторын зэрэгт суралцсан хүмүүс ирээд Монгол Улсад ажиллаж байгаа. 2000 орчим хүний үл хөдлөх хөрөнгө Боловсролын зээлийн сан дээр барьцаалагдсан байгаа.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү