Л.Энх-Амгалан: 2-5 настнуудыг цэцэрлэгт 100 хувь хамруулна


2021-10-20 16:32:05

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд нарын “халаасанд” хэдэн төгрөг төсөвлөгдсөн, юунд зарцуулахаа олон нийтэд ээлж дараалан танилцуулж байгаа билээ.

Энэ удаад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа хийгдэх бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан хэлэв. Өнгөрсөн жил хувьсах зардлаас хэмнэгдсэн 3 тэрбум төгрөгийг сурагчдын хоцрогдолд зарцуулж байгаа гэв.

МАН-ын мөрийн хөтөлбөрт 3 ээлжээр хичээллэдэг нэг ч сургуульгүй байх зорилт бий. Мөн сургуулийн өмнөх боловсролд 2-5 настнуудыг бүрэн хамруулна хэмээн тусгасан. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд 2024 он гэхэд 278 цэцэрлэг, 200 сургууль барихаар төлөвлөж байсан бол энэ зорилго биелэлээ олж байгааг танилцуулгын үеэр онцлов.

Ирэх он гэхэд 275 цэцэрлэг ашиглалтад орсноор дээрх зорилго 94 хувийн биелэлттэй болж хангагдана гэсэн үг. Улмаар 2-5 настныг цэцэрлэгт 100 хувь хамруулах боломжтой болох аж. Ингэснээр сугалаа түүх болон үлдэнэ.

Мөн 182 сургууль ирэх онд ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх нэг ч сургууль үлдэхгүй хэмээн Л.Энх-Амгалан сайд “тангаргалав”. Мөн гадаадын зээл, тусламжийн хүрээнд шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг ч бий гэдгийг тодотгосон.

Л.Энх-Амгалан сайд ажлаа авсан даруйдаа сурагчдын сурах бичгийн агуулга, стандарт, найруулга зүйд шалгалт хийсэн. 1-12 дугаар ангийн 174 сурах бичигт шалгалт хийхэд мэдлэг олгож байгаа ч хүүхдүүдэд “хоногшуулах” зүйл ховор. Дээр нь утга найруулга, логик, ёс суртахуунгүй зүйл олон байгааг шалгалтаар тогтоожээ. Гэхдээ сурах бичгийг шууд “галдаж” шинээр хэвлэхгүй гэж мэдэгдэв.

Учир нь сайд солигдох бүрт хөтөлбөр өөрчлөгдөж, сурах бичиг шинэчлэгдэх ёсгүй гэнэ. Тиймээс 2024 он болтол энэ сурах бичгээ ашиглаж, шинэ хөтөлбөртэй зэрэгцэн шинэ сурах бичгийн асуудлыг хөндөхөө тодотгов.

Салбарын сайдын дараагийн онцолсон зүйл нь нүхэн жорлон. Ирэх он гэхэд нэг ч нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байр байхгүй болно хэмээлээ. Одоогоор 889 обьект нүхэн жорлонтой байгаа аж.

1-5 дугаар ангийн сурагчдад “Үдийн цай” бус “Үдийн хоол” өгч эхэлсэн. Үдийн хоолны зардалд 80 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Хоол чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлага бий.

Нөгөөтэйгүүр, сургууль, цэцэрлэг, дотуур байрны жишиг загварыг баталжээ. Өөрөөр хэлбэл, орон нутаг, нийслэлд хэдэн хүүхдийн багтаамжтайгаас хамаарч сургуул, цэцэрлэг, дотуур байрны жишиг загвараар барилга барина. Түүнээс биш хэн дуртай нь зураг гаргаж, төсөв хумсалдаг байдлыг таслан зогсоохоор шийдсэн байна. Энэ хүрээнд 12 жишиг загвар гарган баталж, орон нутгуудад хүргүүлжээ.  

Боловсролын зээлийн сан төсөв гайгүй үед 60-70 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан юм билээ. Энэ сангаас одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд гадаадын бакалаврын сургалтад сурч байна. Үүнд жил бүр 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг.

Боловсролын зээлийн сангийн нийт төсөв 30 орчим тэрбум төгрөг гэж тооцвол 40 орчим хувь нь 230-хан хүүхдийн бакалаврын сургалтын төлбөрт зарцуулагдаад байна. Энэ бол үр дүн муутай шийдэл юм.

Тиймээс 2022 оны төсөвт Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Дор хаяж 30 мянган хүүхдэд хүртээмжтэй байх боловсролын зээлийн бүтээгдэхүүн гаргах шаардлага байна.

Монгол Улсын Их сургуулийн нэрийн дор төрийн өмчийн зургаан их сургууль нэгдэж байгаа. Ингэснээр мэргэжлийн сургалтын давхцал бий болохгүй. Мөн өөр хоорондоо өрсөлдөхгүй гээд олон давуу талтай гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү