БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа


2022-06-27 18:31:43

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Япон улсын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн багш, сурагчдын боловсруулсан “Мөрөөдөлд хөтлөх зам” төслийн тухай ярилцлаа.  

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа цогцолбор” сургууль нь 5699 суралцагч, 300 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1996 оноос эхлэн япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги хичээллэж, суралцагч нар нь амжилттай төгссөн байна.

Энэ удаа тус сургуулийн багш, сурагчид япон хэлний сургалтын орчныг сайжруулах, япон хэлний унших, бичих, сонсох, ярих чадвараа сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна нэгж хичээлийн төлөвлөгөөг цахим хэлбэрт шилжүүлж, япон хэл, соёл сонирхон судлах суралцагчдад хүртээмжийг нэмэгдүүлэхээр “Мөрөөдөлд хөтлөх зам” төслийг боловсруулан танилцуулсан бөгөөд энэ төсөл эхний шалгаруулалтад тэнцсэн байна.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга ноён Танака Рёо болон төсөл санаачлан хэрэгжүүлсэн сургуулийн хамт олонд талархал илэрхийлээд “Баянгол дүүргээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчныг сайжруулахад, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талаараа дэмжин ажиллана” хэмээн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн захирал Б.Наранбаатар, тус сургуулийн Япон хэлний багш Т.Энхпүрэв болон албаны бусад хүмүүс оролцсон юм.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү