Л.Энх-Амгалан: Математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлнэ

“Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ыг засгийн газар өнөөдөр баталлаа. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Энэхүү журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулах юм.
Энэхүү журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, инновацын төслөө хэрэгжүүлэх 5 хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм" хэмээсэн.
Мөн тэрбээр боловсролын чанарыг яаж дээшлүүлэх талаар "Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ. Тухайлбал, Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиудад энэ платформыг авч нэвтрүүлэхээр хэлэлцээрт орж байна. Энэ долоо хоногт эхэлсэн хичээлийн жилээс эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ.
Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний платформыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл бичих: