“Хаппи веритас” лаборатори иргэдийн шинжилгээний хариугаар залилан хийж байна уу


2019-07-15 09:28:46

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн “Хаппи веритас” лаборатори олон мянган хүний шинжилгээний хариуг буруу гаргасан ноцтой зөрчил илэрчээ. Энэ талаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал Д.Наранбаатар хэд хэдэн баримтыг үндэслэл болгон ярьсан.  

Тэрбээр дээрх асуудлыг ярихын өмнө “Нэлээн асуудал дагуулдаг лаборатори байдаг нь Хаппи веритас. Энэ лабораторитай холбоотой зүйлийг товчилж ярихгүй бол асуудал асар их” хэмээн тодотгоод амжсан.

“Хаппи веритас” лабораторийн эрүүл мэндийн даатгалын сантай 2017 онд гэрээ байгуулахдаа АНУ-ын Cepheid корпарацийн GeneXpert анализатор буюу бүрэн автомат машинаар иргэдийн шинжилгээг хийхээр тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. Ингэснээр бүрэн автомат уг тоног төхөөрөмжөөр хепатитын С верүсийн ачааллыг тодорхойлохоор болсон байна.

Гэтэл гэрээ байгуулаад удаагүй “Хаппи веритас” лаборатори өөр аппарат ашигласан нь тогтоогджээ. Тодруулбал, 2017 оны 10 сарын 13-нд нэгэн өвчтөнд хийсэн шинжилгээний хариунд ABI/7000 аппарат ашигласан нь илэрчээ. Энэхүү шинжилгээний хариунд шинжээнч лаборант, лабораторийн эрхлэгч гарын үсгээ зурж, тамгаа дарч үйлчлүүлэгчид өгсөнийг Д.Наранбаатар захирал баримт болгон дэлгэсэн юм.

Гэрээний хугацаанд “Хаппи веритас” лаборатори 8788 хүнд уг шинжилгээг хийжээ. Ингэхдээ гэрээнд тусгагдсан GeneXpert IV/2 аппаратаар шинжилгээ хийхэд шаардлагатай урвалжийг огт аваагүй нь баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын хилээр оруулж ирсэн урвалж бодисын жагсаалтыг авахад “Хаппи веритас”  GeneXpert IV/2 аппаратын урвалж бодис нэгийг ч худалдаж аваагүй нь илэрчээ. Ийнхүү эрүүл мэндийн даатгналын ерөнхий газартай хийсэн гэрээг санаатайгаар зөрчиж, залилангийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргажээ.  

Уг нь “Хаппи веритас” лаборатори нь АНУ-ын Cepheid корпрацийн GeneXpert IV/2 аппараттай. Гэвч ашигладаггүй, зөвхөн тендерт оролцоход үзүүлэн маягаар ашигладаг бололтой. Энэхүү аппарат нь 2 цагт 2 хүний хепатитын С верүсийн ачаалал тодорхойлох багтаамжтай сум орон нутгийн жижиг лабораторид зориулагдсан бүрэн автомат төхөөрөмж аж.

Хэрэв дэд сайд асан Ж.Амарсанаагийн “Хаппи веритас” лаборатори нь дээрх 8788 хүнд энэ аппаратаар шинжилгээ хийсэн гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин байж ажилчдаа ямар ч амралтгүйгээр өдөрт 10 цаг тасралтгүй ажиллуулсаны үр дүнд 1800 хүнд шинжилгээ хийх боломжтой. Гэтэл уг лаборатори 2017 оны 2 дугаар хагаст 8788 хүнд уг шинжилгээг хийчихээд байгаа. Энүүхэндээ гэхэд тоног төхөөрөмжийг байж болох хүчин чадлаас нь 4.8 дахин их “хурд”-тай ажиллуулсан гэсэн үг.  

Д.Наранбаатар захирлын жишээ болгон ил гаргаж ирсэн өвчтөнд С верүсийн шинжилгээ хийсэн ABI/7000 аппарат нь зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах бөгөөд клиник шинжилгээнд зориулагдаагүй болохыг тодотгох нь зүй биз. Өөрөөр хэлбэл, судалгаа, шинжилгээнд зориулагдсан энэхүү тоног төхөөрөмжөөр “Хаппи веритас” лаборатори сүүлийн 10 гаруй жил шинжилгээ хийж байгаа гэнэ. Энэ талаар Д.Наранбаатар Ж.Амарсанаагийн ээжид удаа дараа хэлж сануулж байгаа ч авч хэлэлцдэггүй, шалтаг шалтгаан тоочсоор байдаг тухай ч хэлж байсан.  

Үнэндээ GeneXpert IV/2 аппаратаар шинжилгээ хийхээр урвалж бодис нь хамаагүй үнэтэй гэнэ. Товчхондоо, нэгж шинжилгээнээс гарах ашиг гэж бараг байхгүй. Харин ABI/7000 аппаратаар хийвэл өртөг бага. Харин ашиг өндөр хэмээн Д.Наранбаатар захирал хэлж байсан.

Иймэрхүү байдлаар “Хаппи веритас” Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон 22 гаруй мянган иргэнийг залилсан байж мэдэхийг ч тэрбээр хэлсэн юм.

“Хаппи веритас” лаборатори  2018 оны 8 сараас 2019 оны 5 сар хүртэл 3097 хүнд  верүсийн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөө авсан тухай цахим системд бүртгэгджээ. Гэсэн атлаа 2017 оны 11 сараас 2019 оны 5 сар хүртэл 1260 хүнд л шинжилгээ хийх урвалж бодис худалдаж авсан нь баримтаар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, 1837 хүнд шинжилгээ хийх урвалж бодис сох дутах нь тэр. Үүнээс үзвэл 1837 хүний шинжилгээг ямар аппаратаар хийсэн нь бүрхэг.

Д.Наранбаатар захирал дүгнэлтдээ “Хаппи веритас” лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээг зөрчиж уг гэрээнд тусгагдаагүй тоног төхөөрөмжөөр 22 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн, энэ байдлаа санаатайгаар нуун дарагдуулсан хэмээн онцолжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү