ЭМЯ: Коронавирусын нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон


2020-02-17 12:26:50

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн (ковид-19) нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71 269-д хүрсэн бол 10 773 хүн эдгэрчээ.

БНХАУ болон болон дэлхийн бусад улс орнуудад коронавирусийн халдвар тархаж 48 хоногийн хугацаанд 71 мянга гаруй хүн халдвар авч өвчилсөн болох нь тогтоогдоод байгаа гэв. Иймд иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чанд дагаж мөрдөхийг тус яамнаас анхаарууллаа.

Түүнчлэн хурлын үеэр халдвар гарвал ашиглах хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан Засгийн газраас 4.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгснийг дуулгалаа. Уг хөрөнгөөр шаардлагатай худалдан авалт хийх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаа ажээ.

Мөн гадаадад байгаа иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд амны хаалт хандивласаар байгааг иргэдэд түгээх ажлыг мөн зохион байгуулж байгаа гэв.

Энэ үеэр  ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтөнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэлзүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна. Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтөний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар Covid-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон” гэлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

БЗД, Чингэлтэй, СХД зэрэг дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. Халдвар гарсан тохиолдолд эрсдэлтэй байгууллага нь эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60 хувийг гэрээр нь очиж үзүүлэхийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Та бүхэн өөрсдийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг. Өдий хүртэл оруулаагүй амжилтаа бүгд хамтран ажиллаж байж хадгалах юм. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн 104 орчим иргэнийг Замын-Үүд суманд байрлах гурван зочид буудалд тусгаарлаад байгаа. Сар шинийн баяраар орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хаах шаардлагатай гэж үзвэл хаана.  Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх. Одоогоор урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү