Коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ


2020-02-20 14:07:29

Монгол Улсад коронавирус одоогоор бүртгэгдээгүй. Гэвч сэжигтэй тохиолдлууд нэмэгдсээр байгаа билээ. Өчигдөр л гэхэд сэжигтэй хоёр ч тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хэллээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа аж.

Харин хоёр шинэ тохиолдлын тухайд Завхан аймагт нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлагджээ. Тухайн хүн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод ирсэн, халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй аж Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн байна.

Хэдийгээр дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байсан ч сүүлийн 24 цагт огцом буурсан үзүүлэлттэй байгааг ч онцлов. Гэхдээ энэ нь тайвшрах, назгайрах шалтгаан биш гэдгийг яамны мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин ч сонор сэрэмжтэй байж, олны хөлимйн газар зорчихгүй, баярын өдрүүдэд айл хэсэхгүй байхыг зөвлөсөн юм.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай арга хэмжээг авч байна. Нийт 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгалын бодис нийлүүлэхээр нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, олон улсын байгууллагаас хувийн хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлэхээр хувь иргэн, аж ахуй нэгж байгууллагууд ажиллаж байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл өгснийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн" гэлээ.

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж байгаатай холбоотойгоор монгол иргэдээ эргэн ирэхэд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ хугацаанд ирээгүй гэнэ. Голомтоос ирсэн хүмүүсийг хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоос зайтай газарт нууц үе нь дуустал хяналтад байлгаж, эрүүл гэсэн цагт нь оруулах дэглэм барьж байна. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын конвенц, манай улсад мөрдөгдөж буй Ариун цэвэр, эрүүл ахуйн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гэх мэтчилэн хууль, эрх зүйн актуудад бүрэн нийцсэн арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг ч мэдээллийн үеэр танилцуулсан.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас дахин дахин сануулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү