Хичээнэ шүү Монголчууд минь


2020-02-27 10:12:31

Коронавирус буюу Covid-19 Азиас хальж Европ тивийг сандаргаж байна. Европын хэд хэдэн улсад халдвар илэрснээс гадна Өмнөд Америк тивд өчигдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Антрактидаас бусад бүх тивд халдвар тархсан гэсэн үг.

Халдвар бүртгэгдсэн даруйдаа гэрлийн хурдаар тархаж байгааг олон орны өнөөгийн нөхцөл байдлаас харж болно. Итали улсад шинэ коронавирусийн халдварын 374 тохиолдол бүртгэгдэж, 12 өвчтөн нас бараад байна. Мөн Өмнөд Солонгост ганц шөнийн дотор 334 тохиолдол шинээр бүртгэгдсэн байх жишээтэй. Түүнчлэн Ойрх Дорнодод вирус тархалтын гол төв болоод байгаа Иранд өчигдрийн байдлаар нийт 139 халдвар бүртгэгдэж, 19 өвчтөн нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн дэд сайд хүртэл халдвар аваад байгаа юм.

Монгол Улсад сэжигтэй хэд хэдэн тохиолдууд бүртгэгдсэн ч коронавирусын халдвараар өвчилсөн хүн байхгүй. Энэ нь Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч, хэрэгжүүлж байгаатай холбоотой юм.

Сар шинийн баяраар нийслэлийн 6000 гаруй албан хаагч эргүүлд гарч, Эрүүл мэндийн сайдаас эхлээд салбарынхан нь өдөр, шөнийг ялгалгүй ажилласаны үр дүнд аюулыг бид тойрч чадлаа. Гэхдээ сонор, сэрэмжээ алдаж болохгүй.

Коронавирусийн тархалтын оргил үе нь ирэх сарын эхээр хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас таамаглаж буй. Тиймээс тэр үеийг даван гарч, дөрөвдүгээр сартай золгочихвол аюул ард хоцрох болно гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолсон. Тиймээс иргэн бүр дор бүрнээ маскаа зүүж,  гараа ариутгаж, өөрийгөө болон өрөөлийг хамгаалж байж энэ аюулыг гэтэлнэ. Ганц хүний хэнэггүй, хувиа хичээсэн зан Өмнөд Солонгосыг хэрхэн эрсдэлд оруулж, хэдэн хүний амийг авч одсоныг сануулахад илүүдэхгүй биз.

Улсын онцгой комисс улс болон хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг ирэх даваа гараг хүртэл сунгаж, Япон, Солонгосын нислэгүүдийг цуцлаад байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж баар, цэнгээний газар, фитнесс, бүжгийн клубүүдийг ч хөл хорионд орууллаа. Чухамдаа олон хүн цуглаж болох бүхий л газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, нийтийн тээврийг ч “журамлалаа”. Энэ бүхэнд уурлаж, уцаарлахаасаа урьтаж хүлээцтэй, тэвчээртэй байж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үүргийг гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу.

Хэдийгээр өнөөгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гаргаж байгаа тушаал, шийдвэр тул иргэн бүр хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг юм.

Хэдийгээр муу ёрлож байж мэдэх ч өвчин бүртгэгдвэл 3-хан сая хүн амтай Монгол Улсаас юу үлдэхийг эргэцүүлээрэй, эрхэм уншигч та. Монгол Улсын хүн амын тал шахам нь нийслэлдээ төвлөрдөг. Нийт хүн амын 30 орчим хувь нь 0-14 настай хүүхдүүд, 250.000 орчим нь 60 дээшээ насныхан. Мөн суурь өвчтэй 360.000 орчим, хорт хавдартай 16.000 орчим хүн бий.  Мөн Монгол Улсын ядуурал 28.4 хувьтай. Тиймдээ ч тэднийг маскаар хангах асуудал хүртэл яригдаж байгааг анхаар. Иймээс иргэн бүрийн хичээл зүтгэл, сонор сэрэмж энэ аюулыг даван туулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг сануулья.  Хичээнэ шүү Монголчууд минь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү