CoVid19 вирусийн тухай түгээмэл 10 асуулт, хариулт


2020-02-28 12:56:38

Үхлийн аюулт шинэ коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 48 улс оронд тархаж  81 мянган хүнд халдварлаад байна. Хоёр сарын хугацаанд CoVid19 вирусийн шалтгаант өвчлөлөөр 2800 орчим хүн амь үрэгдсэний дийлэнх нь БНХАУ-ын иргэд байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр улс орнууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хорио цээрийн дэглэмээ чангатгаад байна.

Коронавирусийн талаар хүмүүсийн мэдэхийг хүсэж буй түгээмэл арван асуултыг Google Trends онцоллоо.

Хамгийн түгээмэл 10 асуултыг хариултын хамт хүргэе:

1. Коронавирус гэж юу вэ?

Корона буюу титэм вирус нь анх 1960 онд илэрсэн бөгөөд хэд хэдэн төрөл зүйлтэй юм. 2019 оны эцсээр БНХАУ-аас эхэлж дэгдсэн коронавирус нь шинэ төрөл бөгөөд илүү хүнд хэлбэрийнх. Мөн шинэ вирус нь SARS буюу амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй тун төстэй.

Корона вирус нь хэд хэдэн хэв шинжид хуваагдах бөгөөд сүүлийн 20 жилд олныг хамарсан 3 удаагийн дэгдэлт болжээ. Уг дэгдэлтүүд нь тус вирусын өөр өөр хэв шинжээр үүсгэгдсэн байдаг.

2. CoVid19 -ийн халдвар туссанаа хэрхэн мэдэх вэ?

Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах, ядрах, хуурай ханиалгах. Вирусийн халдвар авсан хүн энгийн ханиадтай адил хөнгөн болон хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Нус гойжих, ханиалгах, хоолой улайх, толгой өвдөхөөс гадна хэд хоног үргэлжилж халуурах шинж илэрдэг байна. Дархлаа султай болон, өндөр настай, бага насны хүүхдүүд илүү хүндээр өвчилж хатгалгаа, бронхит болох нь элбэг. Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн зөөлөн бөгөөд аажмаар үүсдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр нийт өвчлөлийн 80 гаруй хувьд нь хөнгөн шинж тэмдэг илэрсэн.

3. Шинэ коронавирус үхлийн аюултай юу?
Тийм. Нийт өвчлөлийн 2 хувь нь нас баралт болно гэж ДЭМБ үзэж байгаа. Хамгийн их эрсдэлтэй бүлэг бол өндөр настан, цусны даралт , зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс.

4. Коронавирус халдвартай юу?
Тийм. Шинэ вирус хүнээс хүнд халдварладаг.

5. Хэрхэн тархдаг вэ?
Өвчин нь ихэвчлэн халдвар авсан хүн ханиалгах эсвэл халуурах үед амьсгалын замын дуслаар дамждаг. Мөн бохирдсон гадаргуугаар дамжина.

6. Коронавирус гадаргуу дээр хэр удаан амьдардаг вэ?
Covid-19 вирус гадаргуу дээр хэр удаан амьдардаг нь одоогоор тодорхойгүй байна. Хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн турш гадаргуу дээр үлдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй.

7. Гэрийн тэжээмэл амьтан муур, нохойноос халдвар авах боломжтой юу?
Үгүй.

8.Шинэ коронавирусыг хэрхэн эмчилдэг вэ?

CoVid19-ээс урьдчилан сэргийлэх вакцин, вирусийн эсрэг эм одоогоор байхгүй. Одоогоор халдвар илэрсэн хүмүүст шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж байна. Өөрөөр хэлбэл биеийн дархлааг нь дэмжсэнээр өвчтөн эдгэх боломжтой.

9. Сарьсан багваахай коронавирусийн эх үүсвэр болдог уу?
Шинэ вирусийн амьтны боломжит эх үүсвэр одоогоор батлагдаагүй байна. Зарим эрдэмтэд шинэ вирусийг гүрвэлээр дамжуулж хүмүүст тараасан гэж таамаглаж байгаа боловч энэ онол батлагдаагүй байна.

10. MERS коронавирус гэж юу вэ?
MERS нь CoVid19-тэй ижил төрлийн коронавирусийн улмаас үүсдэг амьсгалын замын өвчин юм. Анх 2012 онд Саудын Арабт гарч ирсэн бөгөөд вирусийн эх үүсвэр нь тэмээ гэж үздэг.  Шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, амьсгал давчдах зэргээр илэрнэ.

Эх сурвалж www.newsmedia.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү