Бусдын төлөө буян үйлддэггүй юмаа гэхэд буг болохгүй байцгаая


2020-02-29 15:54:41

Өнөөдрийн 10 цагийн байдлаар коронавирусийн тархалт дэлхийн 55 улсад бүртгэгдэж, нас баралт 2,861-д хүрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор Шинэ Зеланд, Нигер, Беларус, Литва, Азербайджанд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 321 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сар гаруй хугацаан дахь хамгийн бага тохиолдол болж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллийнхээ үеэр онцлов.

Гэвч бусаад оронд халдвар гэрлийн хурдаар тархаж байна. Италид 250 хүн шинээр халдвар авч, тохиолдлын тоо 560-д хүрсэн бол Иранд 104 тохиолдол нэмэгдэж, нийт 205-д хүрэв. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн болох нь тогтоогдсон. Тухайлбал, Иранаас 97 тохиолдол дэлхийн 11 улсад тархжээ. Мөн ДЭМБ-аас коронавирусийн эрсдлийн үнэлгээг дэлхийн нийтээр “маш өндөр” гэж үнэлсэн. 

Ийнхүү дэлхий даяар коронавирусийн халдвараар өвчилж, иргэд нь айдаст автан, дор бүрнээ сэрэмжилж сууна. Гэтэл Монголд байдал эсрэгээрээ. Азаар гэлтэй Монгол Улсад коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй. Энэ нь Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн яам нэн даруй арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаагийн гавьяа юм.

Ганц хүний хэнэггүй, хувиа хичээсэн зан хэрхэн нэг үндэстнийг эрсдэлд оруулж байгааг Өмнөд Солонгосын жишээнээс харж болно. Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост шинэ коронавирусийн халдварын 594 тохиолдол нэмж илэрснээр нийт халдвар авсан хүний тоог 2,931 болоод байна. Халдвар авсан өвчтөнүүдийн 16 нь нас барсан. Шинэ 594 тохиолдлын 476 нь Дэгү хот, 60 нь түүнтэй хөрш Умард Гёнсан мужид илэрсэн. Нийслэл Сөүл хотод 12 тохиолдол шинээр бүртгэгдсэн мэдээтэй байна. Тиймээс иргэн бүрийн ухамсарт үйлдлээс энэ улсын ирээдүй хамаарна гэдгийг найман настай балчир ч өчиггүй ойлгомоор.

Гэвч Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоон цээжээ дэлдэх эрхмүүд олшрох янзтай. Өнөөдрийн байдлаар гэхэд 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалт хийж байна. Гэтэл тусгаарлагдсан эрхмүүд халуунаа үзүүлэхээс цааргалж, “бослого” гаргаж, эмнэлгийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлжээ. Аливаа бослого, эсэргүүцэл юунд хүргэнэ гэж тэр үү. Тэд халуунаас үзүүлэхгүй, шинжилгээ хийлгэхгүй байж, тусгаарлалтаас гарсанаар хэн хожих уу. Магадгүй тэдний дунд халдвар тээгч бий бол хамгийн ойрын хүмүүсээс нь эхлэн амь нас нь аюулд өртөнө. Нийтээрээ эрсдэлд орж, халдвар тээгчид болно. Өөр сонголт бий гэж үү. Ёстой л тааж мэддэг таван хаан, тамшаалж иддэг тарлан бух шиг аяглах нь цагаа олоогүй үйлдэл гэлтэй.

Мөн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа иргэд зориулалтын шүршүүр шаардаж, эмнэлгийн ажилчдын ур чадварыг голсон гэнэ. Ёстой л ухаанд нь ухна ишиг гэгч тэр байх.  Идэх хоол, унтах нойроо умартан яваа эрүүл мэндийн байгууллагын ажилчид хэний төлөө тэнд байгааг тэд мартсан бололтой.  Аюулт өвчний голомтоос юу ч тээгээд ирсэн байж мэдэх тэдний дэргэд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид л гэр оронгүй, үр хүүхэдгүй мэт асарч тойглон суугаа бус уу. Ийм үед харин ч өөрийнх нь эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаад тэдэнд талархаж чаддаггүй юмаа гэхэд гай болохгүй байх нь хэн хэнийх нь ухамсарт үйлдэл гэлтэй.

Хүн бүр амьд явах эрхтэй. Мөн мөнх тэнгэрийн дор оршин буй бол төр, Засгийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг дахин сануулья. Эрхээ эдлэх гэж аяглаж байгаа бол үүргээ ч мөн ухамсарлахыг хүсье, иргэд ээ. Тэр дундаа аюулын харанга хаалга тогшиж байгаа эгзэгтэй үед иргэн бүрийн үг, үйлдлээс үр хүүхдий чинь, үндэстний тань хувь заяа шалтгаална гэдгийг мартаж болохгүй.

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга угааж, хязгаарлалтыг зөрчихгүй байхад хангалттай. Өөр таниас хүсээд байх зүйлгүй тул бусдынхаа төлөө буян үйлддэггүй юмаа гэхэд буг болохгүй байцгаая.

Буцаад ирэх оронтой, тосоод авах ах дүүстэй, хамгаалаад авах төр засагтай байхын сайхан нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү