Б.Янжмаа: Цогцос чандарлах ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ачаалаа дийлэхээ больсон тохиолдол байна


2020-03-20 11:18:24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 173 оронд халдвар тараад байна. Африкийн тэр дундаа арлын 5 оронд халдвар шинээр бүртгэгдсэн байна. Итали, АНУ, Герман, Франц, Солонгос улсад өвчлөл өндөр тархаж байна. Сүүлийн 10 хоногт 100 мянган хүн халдвар авсан байна. Ингэхдээ ихэвчлэн Европ тивээс зөөвөрлөгдөн орж ирж байна. Иймээс Азид 2 дахь давалгаа гарах нь гэж эрдэмтэд үзэж байна. Хятад 140 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн гэж бүртгэгдсэн байна. Иймээс тайвшрах болоогүй хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байхыг анхааруулж байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд халдварын тохиолдол мянга, мянгаар нэмэгдсэн хэвээр байна. Итали улсад нас баралт 427 нэмэгдэж, нийт 3405 боллоо. Ингэснээр Хятадад бүртгэгдсэн нас баралтаас давсан тоон үзүүлэлт боллоо. Халдварын тохиолдол өмнөх өдрүүдээс 14.9 хувиар нэмэгдсэн талаар тус улсын иргэнийг хамгаалах яамнаас мэдээллээ.

Ламбордин мужид цогцос хадгалах, чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад мужаас дэмжлэг хүсэж байна.

Африкийн улсууд хилээ хааж эхэлсэн. Африк тивд 10 хоногийн өмнө 5 улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдөр 54 улс болон цар тахал хүрээгээ тэлээд байна. 650 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Африкт шаардлагатай хариу хэмжээ авахгүй бол 1.3 тэрбум хүний дунд цөр тахал халдварлах эрсдэл байна.  

Аргантин болон Израйльд хөл хорио тогтоож, гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулсан. Хүнсний дэлгүүр, эмийн сан орохоос өөрөөр гэрээсээ гарахыг хатуу хориглосон. Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллахаар боллоо.

АНУ-д халдварын тохиолдол 5000 гаруй нэмэгдсэн байна. Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосон.

НҮБ-ийн мэдээллээр 03 сарын 19-ний өдөр дэлхийн 107 улс орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагаад байна.

ДЭМБ-ын мэдээллээр Европод халдварын 10211, Номхон далайн оронд халдварын тохиолдол 488 шинээр бүртгэгдсэн байна” гэлээ.