Эрүүл мэндийн сайд ажиглалтаас гарсан иргэд дахин гэртээ 14 хоног тусгаарлах зөвлөмж гаргажээ


2020-03-21 16:03:47

Эрүүл мэндийн яамны уламжлалт мэдээллийн үеэр Монгол Улсад коронавирусийн халдвар 4-өөр нэмэгдэж 10 болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс халдвар илэрсэн бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн тул ойрын хавьтлуудыг нь шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар ч онцолсон юм.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нийт 3025 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1,963 иргэн ажиглалтад байгааг мэдээллэв.

Мөн тэрбээр "Бид тусгаарлан ажиглах байруудыг өргөтгөж, хяналтыг сайжруулах болон бусад гэрээр тусгаарлаж байгаа хүмүүст хороон дарга, сайн дурын идэвхтнүүдийн оролцоо ямар байх тал дээр Улсын онцгой комисст санал өгсөн. Орчны, хөрсний бохирдол нэмэгдэх хандлага байгаа энэ үед халдваргүйтгэлийн ажлыг анхаарч хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна. Мөн Эрүүл мэндийн сайд ажиглалтаас гарч байгаа иргэд гэртээ 14 хоног үргэлжлүүлэн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг гаргаад байна" хэмээсэн юм.

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас иргэд нэлээд орж ирэх явдал их байгаа гэнэ.